Хаад ноёдын дангаар ноёрхлыг эсэргүүцсэн ард түмний бослого хөдөлгөөн өрнөсөөр хүн төрөлхтний түүхэнд “Францын хувьсгал” гэж алдаршсан тэмцэл 1800-аад оныг хүртэл арваад жил үргэлжлэхдээ цөөнхийн эрх ашгийг дээдэлсэн (monarch) нийгмийн дэг журмыг шударга бус хэмээн дүгнэж, хүний нийгэм “Тэгш эрх, Эрх чөлөө, Ахан дүүсэг ёс”-нд тулгуурлах ёстой гэж үзжээ.
Эртнээс үр хөврөл нь бүрэлдсэн энэ үзэл дэлхий дахинд түгэхдээ Европоос бусад ард түмэнд ч эрх чөлөөний гэрэл гэгээ болон тусаж, төрийн үйл хэрэг олон нийтийн оролцоотой хэрэгжих, үүгээр дамжуулан анхны хүмүүнлэг нийгмийн үндэс суурь тавигдах нөхцөл болсон билээ. Түүний нэг үр дагавар болсон ард түмний засаглалын хэлбэр анх Америк тивд мэндэлсэн байдаг.
Манж, Хятадын болон дотоодын хар, шар феодлуудын ноёрхол дор байсан Монголд ч хожим Октябрийн хувьсгалын дараа тогтсон ардын засгийг Тэгш эрх, Эрх чөлөө, Ахан дүүсэг нийгмийн харилцааг төрүүлсэн Францын хувьсгалын үр нөлөө гэж үзэхэд ч болохгүй зүйлгүй мэт… Нийгэм хүмүүнлэг болно гэдгийг энд ард түмэн цөөнхийн ноёрхлоос чөлөөлөгдөн, бүгд эрх тэгш, эв найрамдалтай, шударга үнэнээр амьдрахыг хэлж байгаа юм. Цөөнхийн ноёрхолд байсан газар нутаг, түүний баялаг чөлөөлөгдөн олон нийтийнх болсноор анх удаа хүн бүр хувь хүртэх эрхтэй, хүн бүр миний юм; харин нийтээрээ бол бидний юм гэх өмчтэй болж, олон түмэнд ч бас түүнийгээ хайрлан хамгаалах сэтгэл төлөвшиж эхэлсэн юм.
Өнөөгийн өндөрлөгөөс харахад, энэ байдал бидэнд хэзээ язааны байсан зүйл, магадгүй бүр байгалиас заяасан ч юм шиг санагдаж болох ч энэ ойлголт өнө эртний огтхон ч бус; харин ч бүр цоо шинэ, орчин үеийн ойлголт гэдгийг бид санах ёстой. Тийм ч учраас 1921 оны Ардын хувьсгалыг монголчуудыг анх удаа өөрийн гэсэн эх оронтой болгосон том үйл хэрэг гэж үзэхээс өөр аргагүй.
Түүхийн баримтаас шүүж үзэхэд “Эх оронч үзэл” гэдэг үг хамгийн анх Данзангийн МАН-ын III их хуралд тавьсан илтгэл дотор харагддаг: “Би Элбэгдоржийг Монголын төлөө явсан эх оронч үзэлтэй хүн юм гэж урьд нь хууртаж явжээ. Намайг Элбэгдорж зайдалж байна, түүнийг зайлуулаад өгөөч! Элбэгдорж өнөөдөр намайг тонилгоод, маргааш та нарыг тонилгох болно” гэж тэр хамгийн сүүлд нь хэлээд илтгэлээ төгсгөжээ.
Монголчууд гадна дотнын хаад ноёдын эрхшээлээс ангижирч, ихэс дээдэст бус Үндсэн хуулинд захирагдах болсон нь 1924 оноос эхэлсэн бөгөөд энэ цагаас Монголд Үндсэн хуулийн хаанчлал тогтох эх суурийг тавьсан гэж хэлж болно.
Энэ “Хаан хууль”-даа манай улс аливаа дарлал мөлжлөггүй, газар нутаг, байгалийн баялаг бүх ард түмнийх болсон гэдгийг зарлан тунхагласан юм. Үүнээс өмнө үйлчилж байсан бүх хууль (бидний бахархал болгодог “Их засаг”-т ч мөн адил) хаад ноёдын эрх ашгийг бусдаас дээгүүр тавьсан, нэг ёсондоо хүмүүнлэг бус нийгмийнх байж.
Хүн төрөлхтөн дундад зууны төгсгөл хүртэл улс үндэстэн болж, аж төрөх арга хэлбэрээ олоогүй, улс үндэстнээрээ хангалуун сайхан амьдарч болно гэдгийг мөрөөдөхөөс цаашгүй байсныг бүгд мэднэ. Тэрхүү мөрөөдөл биелэх эсэх нь нийгмийн тогтолцоог орвонгоор нь өөрчлөхөөс хамаарч байлаа. Тиймээс ч аливаа ард түмний сэтгэлд ассан өөрчлөлт шинэчлэл, эрх чөлөөний гал тив дэлхийг хамарсан үндэсний хөдөлгөөн болж үргэлжилсээр, олон улс оронд Үндэсний үзэлд суурилсан шинэ хамтын амьдралын суурь тавигдсан байдаг. Тэдгээрийн нэг жишээ болсон Монгол улс ч хэдийнээ олон үндэс угсааны хүмүүсийн нэгдэл болсон билээ (Nation гэдгийг монголоор Үндэстэн гэж орчуулж хэрэглэдэг. Монгол улс НҮБ-д Монгол үндэстэн гэж бүртгүүлсэн)
Олон үндэс угсааны хүмүүс үзэл санаа нийлж нэгдэн нэг Үндэстэн болсны хамгийн том жишээ гэвэл Америк билээ. Тиймээс тэнд хар, шар, цагаан арьстны аль нь ч эх орон минь гэж Америкаараа бахархдаг нь ийм учиртай.
Одоо НҮБ-д 200-аад үндэстэн бүртгэлтэй байдаг. “Улс”, “Үндэстэн” гэсэн үгс ижил утгатай учраас Монгол үндэстэн гэдэг нь Монгол улс гэсэнтэй утга нэг юм. Нэг улс үндэстэн дотор гарал үүслээрээ салан тусгаарлах үзэгдэл болдог хэдий ч Монголд ийм үзэгдэл гарсан удаагүй.
“Nationalizm” гэдгийг Үндэсний, Үндэстний гэж хольж солин будилах нь түгээмэл. Угтаа Үндэстний үзэл гэж бичих нь зүйтэй ч дассан сурснаараа энд Үндэсний үзэл гэдгээр нь ойлгоод цааш явъя. Бас үндэсний үзлийн нэг талыг барьсан, хэтэрхий туйлширсан хэлбэрийг Үндсэрхэг үзэл гээд байгаа нь ч нийтийн хэлээр бол “Nationalizm” л шүү дээ.
Үндэстнүүд бүрэлдсэн цагаас Үндэсний үзэл (Nationalizm), Эх оронч үзэл (Patriotizm) гэсэн ойролцоо сонсогдох, ойлгогдох үзлүүд нийгэм улс төрийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлэх мөн чанартай болохыг улс төрийн толь бичгүүдэд маш дэлгэрэнгүй бичиж, нийтийн хэлээр тайлбарласан байдаг ажээ.
“Үндэсний үзэл, Эх оронч үзэл”-ийг нэг нэгнээс нь ялгаж салгах нь өнөөгийн нийгмийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай болж ирлээ. Өнгөрсөн түүхэн дэх Үндэсний үзлийн туйлшрал Европыг фашизмд автуулж, олон сая хүний аминд хүрсэн дайныг өдөөсөн бол эх оронч үзэл ард түмэнд гаднын зэвсэгт халдлагаас улс орноо хамгаалах агуу их хүч өгч ирснийг дэлхийн том дайнуудын харуулсан сайн, муу олон сургамж бий. Монгол өнөөдөр хэдийгээр дайн самуунд өртөөгүй, үзэл сурталжсан социализмыг хараан зүхдэг ч нийгмийн амьдрал угийн л ямар нэгэн үзэл суртлаас хол хөндий байдаггүй. Үзэл санаа бидэнд яах аргагүй хэрэгтэй, гэхдээ чухам ямар нь вэ? Энд яригдаж буй хоёр үзэл чухам юугаараа ялгаатай вэ? гэдгийг эхлээд авч үзэх нь зүйтэй байх. “Үндэсний үзэл, Эх оронч үзэл”-ийг ихэвчлэн дараах хүчин зүйлсээр тодорхойлдог.
Хэл
Соёл
Түүх
Угсаа гарал
Үндсэн хууль
Үндэсний үзэл, Эх оронч үзэл нь дээрх хүчин зүйлсийн эхний дөрөвт нарийн ялгагдахааргүй хэдий ч сүүлийнх дээр эрс ялгаатай.
Улс төрийн үзэл баримтлалд Үндэсний үзэлтнүүд үндэс угсаагаа ягштал хөөж, хуучин үзлийг түлхүү барьдаг, тэд өнгөрсөн цагт илүү ач холбогдол өгдөг бол Эх оронч үзэлтнүүд одоо ба ирээдүй цагийг өнгөрснөөс дутуугүй үнэлж, уламжлал ёс заншлаас бүтээлч хандлагыг нь онцгойлж эрэлхийлэх чигтэй. Гэхдээ Үндэсний үзэлтэн өөрийгөө ихэвчлэн Эх оронч гэж бодож явдаг бол, харин эх оронч өөрийгөө Үндэсний үзэлтэн гэхээс болгоомжилдог. Эдгээр үзлийн цаана хүн бүрийн нийгэмд хандах хандлага илрэх тул социализмаас хойш бидэнд чухам аль нийгмийн хандлага нь илүү түгээмэл болсныг эргэж харах хэрэгтэй болж байна.
1990 оноос эхлэн манайд Үндэсний үзэл сэргэх нэрийн дор голцуу урьд өмнөх, одоогийн нийгэмд байж болмооргүй бүдүүлэг ёс суртахуун, зан заншил, мухар сүсэг, бишрэлүүд эргэж ирсэн. Социализмд хавчигдсан хуучин нийгмийн тэдгээр ёс суртахууныг тэр чигээр нь сайшаан дэмжиж, ардчиллын буянаар тэр бүхэнтэйгээ эргээд золгосон мэт, үүнийгээ зүй ёсны нийгмийн хөгжил дэвшил гэж үнэлэх, сурталчлах явдал газар авсан. Улс орноо зөвхөн хуучны уламжлал соёлоос ургуулж сэргээх гэсэн өрөөсгөл явцуу зорилгоо Үндэсний үзэлтнүүд зөвхөн хүний эрх, эрх чөлөөгөөр тайлбарладаг. Хүний эрх, эрх чөлөө орчин үеийнхээ техник технологи, шинжлэх ухааны дэвшлээр баталгааждаг болохоос харанхуй бүдүүлэг ёс дэлгэрүүлэх учир шалтгаан биш баймаар. Социализм бидэнд байсан хамаг сайн сайхан бүхнийг баллаад аваад явчихсан юм шиг ярихаа болих сон.
Тухайлбал, Д.Нацагдоржийн зохиолуудад социализмын өмнөх феодалын үеийн монголчуудын өнгө төрхийг олонтоо егөөдөж шүүмжилсэн байдаг. Тэрээр “Хуучин хүү” зохиолдоо:
“…Хуучин феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улсын ихэнх хуучин хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн, ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. “Хайран, хайран, хөөрхий, хөөрхий” хэмээн бичиж байснаас үзэхэд өдгөө бидний хуучны ёс заншлыг тэр чигээр нь хуулж мөрдөнө гээч хэчнээн тэнэгрэл болохыг уг нь ухаарч болохоор.
Саяхан монголчууд “Цагаан сар”-аа тэмдэглэлээ. Социализмын жилүүдэд цагаан сарыг нүүдэлчдийн баяр хэмээн малчдын дунд тэмдэглэх төдий л байсан. Ингэж хязгаарлах нь “Тухайн үед монголчуудыг шинэ нийгмийн ёс суртахуунтай танилцуулахад саад тээртэй байсан юм” гэж тэр үеийн нэг коммунистын үгийг та өнөөдөр сонсвол юу гэх сэн бол? Хариуд нь та нар нийгмийг хүчээр өөрчилсөн, ингэж болдоггүй юм л гэх байх даа. Гэхдээ энэ асуултын хариу Цагаан сарыг соёлтой, ач холбогдолтой, өнөөдрийн учир утгатай баяр болгосон эсэхт олигтой хариу болж чадахгүй. Хоосон яриа. Хүний нийгэмд утга учиргүй зүйл гэж байж болохгүй, хүн ер нь юмны утга учир луу л тэмүүлж байх ёстой. Байгальд ч утга учиргүй зүйл гэж ер байдаггүй шүү дээ. Утга учрыг нь үл ойлгох, мэдэх, мэдэхгүй ёс заншлуудад дарагдаж, ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн баахан хоосон шаардлагуудад түүртэн, хамаг байдгаа цөлмөн, өр ширэнд орон байж, Цагаан сарын хэдэн өдрийг өнгөрүүлдгээ бид ер нь хэзээ ойлгох улс вэ? Баярлаж л байвал болоо гээд л яваад байх уух уу?
Тэгвэл эх оронч хүн, уламжлал ёс заншил маань дэвшилтэт шинж чанараа алдаж гүйцэх л юм бол, хөгжилд тээр саад болоод ирвэл түүнийг орхих, эсвэл өөрчлөх ёстой гэж үзэхэд хүрдэг.
Үүний нэг жишээ бол үндэсний үзэлтэй холбоотой монгол бичгийг сэргээн хэрэглэх санаа санаачлага гучаад жилийн турш үргэлжилсэн ч үр нөлөө нь гарахгүй, одоо шинэ ч үгүй, хуучин ч үгүй шахуу болсон явдал. Социализмын юм болгоныг муучилснаас тухайн үеийн хэл шинжлэлийн хөгжил зогсонги, бүр ухранги байдалд орсон. Одоо хүмүүс манай улсад чухам ямар бичгийн дүрэм мөрдөгдөж байгааг мэдэхгүй болсон. Ийм жишээ өч төчнөөн. Энэ бүхнийг цэгцлэхэд аливаа туйлшрал бус Эх оронч хандлага л хэрэгтэй.
Эх оронч үзэл зөвхөн дайн тулааны үед бус, улс оронд учрах цаг зуурын аюултай нөхцөл байдал, тулгамдсан эдийн засгийн саад бэрхшээлүүдэд, тэдгээрийг даван туулахад, ерөөсөө л эх орноо хөгжүүлэхэд ард түмнийг нягтруулж, уухайлах их хүч болдог ажээ. Өөрөөр хэлбэл, энэ цаг үеийн шийдвэрлэх хэмжээнд хүрсэн тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь түрэх эх оронч үзэл бидэнд яах аргагүй хэрэгтэй байна. Өнөөдөр үүнээс илүү амин чухал юу байна вэ? Жинхэнэ эх оронч саяхны тийм жишээнүүдийг бид газар хөдлөлт, эдийн засгийн бэрхшээлүүдээ давж гарсан япон, солонгосчуудаас хангалттай олж харсан шүү дээ.
Гэхдээ би энд дайн дажин, онцгой нөхцөл байдлын үеийн эх оронч үзэл санааг бичих гэсэнгүй. Өнөөгийн өр ширэнд орсон, хар амиа хичээсэн, залхуурал, хүнийрхэл, авилга, хээл хахууль зэрэг аль муу муухай ёс суртахуунд автсан эх орон, нийгмийн доройтлын учир шалтгааны тухай бодож байна.
Социализмаас хойш манайд гарсан нийгмийн гажуудлуудыг эхнээс нь жагсаавал, хамгийн түрүүнд энд өгүүлж буй Үндэсний үзлийг, дээр нь гадныхныг хэлбэрдэж хуулах өвчин хоёрыг нэрлэх ёстой гэж бодож байна. Ингэж хэлэхээр намайг эх оронч хүн болж “шоудах” гэж янз бүрийн юм сараачиж байна гэх хүн захаас аваад л гарна биз, яая гэх вэ, өнөөгийн бидний байгаа байдал л энэ. Эх оронч үзлийг туйлширсан бусад үзлээс ялгахыг л би энд хичээж байна. Үүнийг ялгаж салгахад магадгүй хүн бүрт ойр, хамгийн энгийн жишээ гэвэл, хүүхдийнхээ үйлдлийг буруу зөвийг нь ялгасан юмгүй юун түрүүнд өмөөрөх гээд байдаг эцэг эхчүүд байдаг. Тэр байтугай хүүхдээ байгаагаас нь илүүгээр дөвийлгөн магтаж, бусдаас дээгүүр тавих гээд байдаг ч хүмүүс хангалттай олон. Энэ үйлдлээрээ хүүхдээ, хүүхдийнхээ ирээдүйг баллаж байгаагаа бид огт ойлгодоггүй. Уг нь хүүхдийнхээ дотоод сэтгэлийг ойлгох, үйлдлийнх нь буруу зөвийг тунгаах, дараа нь тохирох арга хэмжээ авах зэрэг нь яаж ч бодсон эрүүл саруул хандлага юм. Яг үүнтэй адил үндэсний үзэлтэн өөрийн үндэсний юм болгоноо бусдаас илүү гэж дөвийлгөх, юм болгонд хардаж харамлах гээд байдаг бол харин эх оронч хүн түүнээс арай илүү эрүүл саруул хандлага гаргах, аливаа зүйлд утга учиртай хандах, өнөөдрийг болон ирээдүйг хамгаас түрүүнд бодолцох өөрөөр хэлбэл дээрх жишээний хоёр дахь төрлийн эцэг эхийн хандлагыг гаргадаг.
Улс орны хувьд байдлыг зөв үнэлж дүгнэх явдал чухал учраас тэдгээрийг эрс тэс ялгах гэж л ийм жишээ авч байгааг минь болгоож үзээрэй! Миний энд хөндөж бичих гэсэн зүйлээс хамгийн чухал нь олон улсын нэршлээр “Үндсэн хуулийн патриотизм буюу Эх оронч Үндсэн хууль”-ийн тухай асуудал юм. Хэрэв Үндсэн хуулинд эх оронч үзэл амьдралд ойрхон зүйл заалтаар орж шингээгүй бол улс орны эрх ашгаас илүүд тавигдах хувь хүмүүсийн эрх ашиг гэж бий болох нь гарцаагүй, ер нь ч өнөөгийн байдалд тэгж явж ирлээ.
Хэдийгээр би сайн мэдэхгүй ч гэсэн Эрдэнэт үйлдвэрийг хэдэн хүн хувьчилж авсан тухай асуудал бол улс орныхоо эрх ашгийг хамгаалж байх хууль нь эх орны эрх ашгийн эсрэг шинжтэй асуудал болж хувирсан юм шиг санагддаг. Ийм хуулиудын жишээ олон. Захиргааны шүүх дээр л лав улс орны эрх ашгаас илүү хувь хүн, албан байгууллагуудын эрх ашгийг дээгүүрт тавьж, хамгаалсан шийдвэрүүд гарах нь олонтоо. Улс орны эрх ашгаас дээгүүрт тавигдах эрх ашиг гэж байгаа л бол улс орны тусгаар тогтнолын асуудлыг ярихад маш түвэгтэй болно.
Германы үндсэн хууль эхний гол заалтуудаар ард иргэдийн идэвхтэй оролцоог хангахын тулд нийгмийнхээ үнэт зүйлсийг маш сайн тодорхойлж тавьсан байдаг. Тэдгээр заалтын агуулга нийт иргэдэд Үндсэн хуулиа дээдэлж сахих чин сэтгэл төрүүлэхийн зэрэгцээ, түүний хэрэгжилтэд аливаа гажуудал үүсэхгүй байх нөхцлийг сайтар бүрдүүлж өгснөөр Үндсэн хуулиндаа бат итгэж үнэмших суурь болдог. Манай Үндсэн хуулинд эх орноо хайрлах үнэт зүйлс шингэсэн үү? Юунаас болоод эх орон гэсэн ганц ч үг байдаггүй юм бол оо? гэж бодогдоно.
Эцэст нь “Эх оронч хууль л жинхэнэ утгаар хаан хууль болдог, эх оронч үзэл гэдэг тэр хаандаа л үнэнч байхыг хэлдэг” гэж ойлгож байна.
Эх сурвалж: http://www.sonin.mn/news/culture/88489
1 comment
Эхорон ард түмнээ хайрладаггүй эх оронч үзэлгүй Эба, баярцогт, Сайханбилэг, баяр, за тэгээд уудсахргүй олон нэр эдний араас цуврах болно. Шудрага хууль, үнэнч байдал, нэр төрөө бодох үзэл, Бурханаас эмээх шийтгэлээс айх зүйл байхгүй бол ийм л болно. Ардчилал биднийг социализмаас дор байдалд орууллаа. Хүн бүр ажилтай гэр бүл үр хүүхдийн хамт амьдарч үнэгүй эмлэг сургуульд сурч, хэн ч бай шудрага шалгалт өгч тэнцдэг харьцангуй ардчилсан нийгэмд амьдрач байжээ. Одоо энэ улсын өмч идсэн найз нөхөд танил талаа ажил албанд шахсан улс хохироосон нөхдийг бүгдийг шийтгэж шудрагам ёс тогтоох хэрэгтэй болжээ. ИХ-ын гишүүд, сайд ерөнхийлөгч хийж монголыг завруулсан нөхдийг тогтоож буудан алах хэрэгтэй. Доошни нөхдийг хөрөнгийг нь хураан албадан ажил хийлгэж шудрага ёсыг монголд эргүүлэн авчрах хэрэгтэй байна. Би харгис хүн биш гэхдээ дэндүү хүмүүсийг шийтгэх хэрэгтэй шудрага ёс тогтог