Бөөгийн зан үйл үйлдэж байгаад хүний аминд хүрсэн, өөрийгөө гэмтээсэн хэрэг сүүлийн жилүүдэд чих дэлсэх болсон. Шүтэн бишрэх нь хүмүүсийн эрх чөлөөний илэрхийлэл. Гэхдээ эрх чөлөөгөө эдэлж байна гээд болсон болоогүй бөө мөргөл, шашны янз бүрийн зан зүйлийг сохроор даган дуурайх нь юунд ч хүргэж болдгийг сүүлийн үеийн эмгэнэлт явдлууд харуулж байна.
Өнгөрсөн даваа гаригийн шөнө 03:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19-р хорооны …. тоотод суух 35 настай иргэн Э нь бөөгийн зан үйл хийж байгаад өөрийнхөө зүүн хөхний дор хутгаар хоёр удаа хатгаж гэмтээсэн байжээ. Түүнийг цэргийн төв эмнэлэгт гэмтэж ирсэн даруйд цагдаа нар шалгалт явуулхад ийм зүйл болсон байсан гэнэ. Иргэн Э нь одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Өмнө нь 2011 оны босгон дээр Солонгост ажиллаж байсан нэгэн эмэгтэй байрныхаа гурван давхраас унаж нас барсан хэрэг гарч байв. Талийгаач хуурамч бөөгөөр засал хийлгэж байгаад ийм зүйл болсон гэх. Мөн нийслэлд Ф.Баянжаргал гэгч бөө 21 настай бүсгүйг “Удган болох тавилантай” хэмээн мунхруулж, ар гэрийнхэнийг нь “Мөнх тэнгэрийн хүч”-ээр далайлган баахан дарамталсан хэрэг илэрсэн байдаг. Иймд чадах, чадахгүй хүмүүст итгэж амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг зөвлөж байна.