Эрхэм хүндэт сэтгүүлч нөхөд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, идэвхтэн бичигч болон Монгол улсынхаа нийт ард иргэд, Монгол улсад суугаа гадаадын дипломат ажилтнууд, зочид төлөөлөгчид та бүхэндээ Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжлийн төлөө хөлс хүч, хөдөлмөр зүтгэл, итгэл сэтгэлээ зориулсан ахмад сэтгүүлчдэдээ гүн талархал илэрхийлж, хүндэтгэн мэхийе.

Одоогоос 105 жилийн өмнө Нийслэл хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй сонин хэвлэгдэн гарсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Тэгвэл өнөөдөр Монгол улсад 2016 оны жилийн эцсийн байдлаар 125 телевиз, 89 сонин, 80 сэтгүүл, 96 сайт, 56 радио нийт 446 байгууллагад 4726 хүн ажиллаж байгаа тухай судалгааг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан нь Монгол улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын хөгжлийн царааг илтгэж байна.

Өдрөөс өдөрт даяаршиж буй дэлхийн хэвлэл мэдээллийн зах зээлийн глобал өрсөлдөөнд тэсч үлдэх, олон улсын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг хадгалахын зэрэгцээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, интернэтийн өндөр технологид суурилсан мультимедиа сэтгүүлзүйг нутагшуулах хэрэгцээ шаардлага Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тулгарлаа.

Үүний зэрэгцээ, орчин цагийн цахим мэдээллийн сүлжээнд мэргэжлийн цахим сэтгүүлзүйн бодлогыг тодорхойлох, сэтгүүлчийн оюуны болон мэргэжлийн эрхийг хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн контентын үнэлэмж, зохиогчийн эрхийг хамгаалах зэрэг олон талт асуудлууд ар араасаа урган гарсаар байна.

105 жилийн түүхтэй Монгол улсын сэтгүүлзүйн салбарт 67 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлзүйн салбарын мэргэжлийн төв байгууллагын хувьд МСНЭ-ийн удирдлагын багийн хамт олон бид өнгөрсөн хугацаанд олж авсан ололт амжилтаа бататгахын зэрэгцээ салбарынхаа ирээдүйн өөрчлөлтөнд дасан зохицох, шинэ дэвшилтэт хөгжилд манлайлан түүчээлэх, гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ бодлого, шинэ менежментийг Монгол улсынхаа сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллаж байна.

Бид 2018-2022 онд хийж хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хангах ажлыг орон нутгийн салбар зөвлөлүүдээ дэмжих, чадавхжуулахаас эхэлсэн бөгөөд түүхт 105 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Үндэсний сэтгүүлзүйн 105 жилийн ойн бүтээлч ажлууд” хөтөлбөрийг 2018 ондоо багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол сэтгүүлчийн үг бүр нь үнэ цэнэтэй, үйлс бүхэн нь өөдлөн дэвжихийн ерөөл өргөе.

Монгол Улсын сэтгүүлзүйн салбарын хөгжил мандан бадрах болтугай!

 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР
2018.03.06

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн