“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү улсын өмчит үйлдвэрийг 95.2 сая долларын төлбөрт унагаад байгаа.
Түүнтэй холбоотой муу мэдээллүүд үүгээр ч дуусахгүй бөгөөд түүний нэг нь Төрийн банк бас л түүнтэй холбоотой зээлээс болж 51.5 тэрбум төгрөгийг төлөх нөхцөл үүсээд буй. Манай сонин өмнөх дугаартаа “Жаст групп”-ийн Ш.Батхүүгийн зээлсэн 51.5 тэрбум төгрөгийг Төрийн банк иргэн Эдуард Сүрэнд төлөх шүүхийн шийдвэр гарсан ч энэ нь тодорхой бус олон асуулт дагуулж буй талаар мэдээлэл бэлтгэн хүргэсэн. Тэр асуултуудын хариуг эрэлхийлэн Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхантай уулзаж ярилцлаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан Ш.Батхүү бас Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэргийн талаар танаас тодруулах гэсэн юм. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
-Болно оо. Манай банк маш олон удаа шүүхэд хандсан, одоо хэвлэлээр мэдээлэл өгөхөдтатгалзах зүйлгүй.
-Он цагийн дарааллаар асууя. Яаж яваад төрийн өмчит Төрийн банк иргэн Эдуард Сүрэнд их хэмжээний төлбөр төлөхөөр болчихсон юм бэ. Хэдэн онд энэ хэрэг үүссэн юм бэ?
-Болсон явдлыг бодит байдалд ямар байсныг ойлгуулахыг оролдъё. 2013 онд иргэн Эдуард Сүрэн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж огноо тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлэлдээ “2010 онд Зээлийн гэрээ болон Нэмэлт гэрээ байгуулж гурван удаагийн үйлдлээр нийт 32855296 ам.долларыг “Жаст групп” компанид зээлдүүлсэн, ингэхдээ Хадгаламж банк нь зээлийн гэрээний дагуу олгож байгаа миний мөнгийг эрсдэлээс хамгаалсан баталгаа гаргаж өгснөөр “Жаст групп” ХХК-тэй зээлийн гэрээ байгуулсан юм” гэж дурдаад “Шүүхээс хүсэх нь, “Жаст групп” ХХК-иас үндсэн зээлийн дүн 32,8 сая ам.доллар гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гаргасан банкны баталгааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг хангах шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн байдаг юм. Ингээд энэ нэхэмжлэлийг эхлээд “Жаст групп” ХХК холбогдуулан гаргаж, дараа нь “Төрийн банк” ХХК-ийг хариуцагчаар татсан хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж шийдвэр гаргасан байдаг.
-2013 ондоо гэсэн үг үү?
-Тийм, аравдугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр яаж гарсан гэхээр “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Жаст групп” ХХК-иас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Сүрэнд олгох “Жаст групп” ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай” гэсэн.
-Иргэн Эдуард Сүрэн гэдэг нь “Алтжин”-гийн Г.Алтан захирлын хүү мөн байх аа?
-Тийм ээ.
-Шүүхийн шийдвэрийг танай банк хүлээн зөвшөөрсөн үү?
-Иргэн Э.Сүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг”Жаст групп” ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч дэмжсэн.
Харин ‘Төрийн банк” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй.
-Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ юу гэж тайлбарласан юм бэ?
-Энэ хэргийн хариуцагч нь Төрийн банк биш тул Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагчийг татан оролцуул, мөн иргэн Э.Сүрэнтэй холбоотой баталгаа, батлан даалтын талаар ямар ч үүрэг гэрээгээр болон санхүүгийн тайланд тусгагдсан байдлаар Төрийн банкинд шилжиж ирээгүй гэж татгалзлын үндэслэлээ нотолж мэтгэлцсэн байдаг. Гэвч шүүхийн шийдвэр дээрх байдлаар гарсан байдаг.
-Хадгаламж банкинд холбогдох хэргийг Төрийн банкаар төлүүлэхээр болсон шүүхийн шийдвэр тухайн үедээ ч хэвлэлүүдээр нэлээд маргаан өрнүүлж байсан. Ер нь энэ хэрэгт яагаад Төрийн банкийг хариуцагчаар татсан юм бол.
-Ер нь бол маш ойлгомжтой хэргийг тун ойлгомжгүйгээр шийдсэн шүүхийн шийдвэр тухайн үед гарсан байдаг. Төрийн банк яагаад холбогдсон бэ гэдгийг тайлбарлая л даа. Хадгаламж банк өөрийн хөрөнгийн алдагдалд орсон учир Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, банкны эрх хүлээн авагчийг томилсон байдаг юм.
Банкны тухай хуульд заасны дагуу 2013 оны долоодугаар сарын 22-ны өдөр гаргасан Монголбанкны ерөнхийлөгчийн А/153 тоот тушаалын дагуу ийм арга хэмжээ авсан. Мөн өдрийнхөө А/157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасан.
-Нэг үгээр бол Хадгаламж банк дампуурсан гэсэн үг?
-Банк өөрийн хөрөнгийн алдагдалд орвол авдаг арга хэмжээ л дээ. Үүнтэй холбоотойгоор Хадгаламж банкны зарим актив пассив хөрөнгийг “Төрийн банк” ХХК-д гэрээгээр шилжүүлсэн. Хөрөнгө шилжүүлэх үйл явц нь “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны хооронд 2013 оны дапдугаар сарын 22-ны өдрийн “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр шилжсэн. Энэхүү гэрээг “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны Гүйцэтгэх захирал нар байгуулж хөрөнгө тус бүрийг нарийвчлан зохицуулсан гэрээгээр, нэг бүрчлэн жагсаалтаар “Хадгаламж банк” ХХК-ийн санхүүгийн тайлангаас хасалт хийж Төрийн банкинд шилжүүлсэн байдаг юм.
Энэхүү гэрээгээр хүлээн авсан пассивын үүрэгт иргэн Э.Сүрэн “Жаст групп” компанийн хооронд хийгдсэн гэх Зээлийн гэрээнд Хадгаламж банкнаас гаргасан баталгаа, батлан даалттай холбоотой ямар ч үүрэг байдаггүй. Шилжиж ирээгүй байдаг.
-Тэгвэл энэ гэрээнд тусгасан Хадгаламж банкны өр зээл, авлага, баталгаа л Төрийн банкинд хамаарна гэж ойлгож болох уу?
-Ер нь хууль зүйн утгаар ч, гэрээний үүргийн онолоор ч тухайн гэрээгээр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хөрөнгийн хэмжээгээр эрх үүрэг хязгаарлагдах ёстой.
-Гэвч үүнийг яагаад шүүх авч үзээгүй юм бол?
-Ойлгомжтой хэргийг шүүх их ойлгомжгүй шийдсэн гэж би хэлсэн дээ. Түүний нэг нь энэ байгаа юм. Сүхбаатар дүүргийн шүүх Хадгаламж банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны хооронд хийсэн “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ны 2.3-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор хөрөнгө шилжүүлэгчийн шаардах эрх болон бусдын өмнө хүлээх үүрэг, эд хөрөнгийн эрх болон эд хөрөнгө нь Төрийн банк буюу хөрөнгө хүлээн авагчид шилжсэнд тооцно гэснээс үзвэл Төрийн банк хариуцах үндэслэлтэй байна” гэж гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Төрийн банкинд дээрх төлбөрийн үүргийг хүлээлгэсэн байдаг.
Гэтэл дээрх гэрээний 1.6-т юу гэж байдаг вэ гэхээр “… гэрээгээр холбогдох материалыг шилжүүлэхдээ хүлээлцсэн талууд акт үйлдэх бөгөөд тухайн гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан байдаг. Энэ дагуу 2013 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 1 тоот “Гэрээ дүгнэсэн акт”-ыг “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон “Төрийн банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нар байгуулж тухайн актын заалтаар “…2013 оны долоодугаар сарын 22-ны өдрийн “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний холбогдох үүрэг дуусгавар болж …энэ гэрээтэй холбоотой аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй болно” гэж гэрээг дүгнэсэн байдаг. Бодит нөхцөл байдал ийм байхад анхан шатны шүүх гэрээний зүйлийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.
-Гэхдээ шүүхийн энэ шийдвэр бараг таван жилийн өмнө гарсан. Танай банк буруу шийдсэн гэж үзэж байсан бол дээрх шүүхийн шийдвэрийг тухайн үед хянуулахаар давж заалдаагүй юм уу. Ийм эрх нээлттэй байсан биз дээ?
-Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг 2013 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр гардан авсан байдаг. Ингээд давж заалдах гомдлыг хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр, гэхдээ зөвшөөрөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөх хүсэлтийн хамт албан бичгээр гаргасан.
Ер нь энэ хэргийг судлаад үзвэл шүүх нэг талд илт үйлчилсэн байдлаар шийдвэрлэсэн гэж ойлгогдохоор байдаг. Анх Э.Сүрэн гэдэг хүн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох 258 сая орчим төгрөг тэмдэгтийн хураамжид төлөх ёстой атал дөнгөж 1.5 сая төгрөгийн хураамж төлөөд үлдэх 256,5 сая төгрөгийн хураамж дутуу төлсөн байхад хэргийг шийдсэн байдаг юм.
Төрийн банкны зүгээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөх хүсэлтийг гаргахдаа Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр хариуцагч “Жаст групп” ХХК-иас тэмдэгтийн хураамж 258 сая төгрөгийг гаргуулж Э.Сүрэнд олгосугай гэж заасан тул Төрийн банк тэмдэгтийн хураамжийг хариуцахгүй, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасны дагуу төрийн байгууллага тул чөлөөлж өгт үү гэсэн утгатай хүсэлт гаргасан.
Энэхүү хүсэлтийг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч Т.Энхжаргал 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хэлэлцээд 8709 тоо захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг буцаасан байдаг юм. Ингээд банкны зүгээс өөр ажиллагаа хийгээгүй юм билээ.
-Иргэн Э.Сүрэнгийн талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь хэр үндэслэлтэй байдаг юм бэ?
-Их ноцтой баримтуудыг Э.Сүрэнгийн талаас гаргаж өгсөн байдаг. 2010 онд “Жаст групп”-тэй байгуулсан гэх Зээлийн гэрээ, түүнд оруулсан гурван удаагийн нэмэлт гэрээ, мөн 2010 онд Хадгаламж банкнаас гаргасан гэх дөрвөн удаагийн төлбөрийн баталгаа болон банкны баталгааны гэрээ, мөн оны Хадгаламж банкны ТУЗ-ийн хуралдааны дөрвөн удаагийн тэмдэглэл зэргийг гаргаж өгсөн байдаг. Эдгээр баримтыг үнэлж шүүх шийдвэр гаргасан. Гэтэл тухайн үеийн Төрийн банкны удирдлагын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Э.Сүрэнгээс шүүхэд гарган өгсөн дээрх нотлох баримтуудыг Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архиваас шүүж үзэхэд нотлох баримт огт байхгүй байсныг тогтоосон байдаг.
Би мөн л Төрийн банкны захирлаар томилогдож ирснийхээ дараа Э.Сүрэнд холбогдох шүүхийн шийдвэрийг судлах Ажлын хэсгийг байгуулж ажилласан. Ажлын хэсгээ банкны хууль эрх зүй, хяналт шалгалт, төлбөр тооцоо хариуцсан нэгжийн чадварлаг ажилтнуудаас бүрдүүлж гурван чиглэлээр ажиллаж нэгдсэн тайланг хэлэлцсэн. Хадгаламж банкны бүх материалыг архиваас шүүж үзсэн. Шүүхэд авагдсан нотлох баримтын хүрээнд товчхон хэлэхэд Э.Сүрэнгийн зүгээс гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд бүгд хуурамч, худлаа баримтууд юм билээ.
-Үнэхээр үү. Та их ноцтой зүйлийг дэлгэж байна шүү.
-Үүнийг нотлох бүх баримт байгаа. Жишээ нь, Нотлох баримтаар гаргаж өгсөн Хадгаламж банкны ТУЗ-ийн 2010.02.24-ний өдрийн 04 тоот тогтоол, хуралдааны тэмдэглэл нь бодит байдал дээр байдаггүй бөгөөд энэ өдөр ТУЗ хуралдаагүй. Харин 2010.04.19-ний өдөр хуралдсан ТУЗ-ийн 04 дугаартай хурлын протокол архивт байдаг.
Уг хурлын протоколоос үзэхэд тэр өдөр Хадгаламж банкны 2010 оны санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болон Хадгаламж банкны Зээлийн бодлого, зээлийн эрсдэлийн удирдлагын баримт бичиг мөн “Миг Даатгал” ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх тухай” асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Харин “Жаст групп” болон иргэн Э.Сүрэн нарын хооронд хийгдсэн Зээлийн гэрээнд банкны баталгаа, батлан даалт гаргах асуудлыг огт хэлэлцээгүй байдаг.
Өөр нэг хуурамч гэж тооцох асуудал бол ТУЗ-ийн хурлын протоколыг “Хадгаламж банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын протокол” тэргүүтэй албан бланк дээр хөтөлдөг байсан бол иргэн Э.Сүрэнгийн шүүхэд гаргасан нотлох баримт нь “Хадгаламж банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл” гэсэн тэргүүтэй энгийн А4 цаасан дээр гаргаж өгсөн зэрэг зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл тус банкны ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл гэсэн баримт бичиг Хадгаламж банкны түүхэнд гарч байгаагүй юм билээ.
Бас нэг асуудал бол Хадгаламж банкны ТУЗ-ийн хурлын бусад протоколд хуралдаанд суусан бүх гишүүн гарын үсэг зурж баталгаажуулдаг. Гэтэл шүүхэд гаргаж өгсөн “хуралдааны тэмдэглэл” гэх баримтад зөвхөн ТУЗ-ийн дарга Ш.Батхүү болон нарийн бичгийн дарга И.Амараа нар гарын үсэг зурсан байдаг. “Хадгаламж банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл” гэсэн баримт бичиг Хадгаламж банк уйл ажиллагаа явуулж байх хугацаанд гарч байгаагүй нь архивд хадгалагдаж байгаа материалаас тодорхой харагддаг.
Мөн “Жаст групп” ХХК-ийн өмнөөс үүрэг гүйцэтгүүлэгч иргэн Э.Сүрэнд гаргасан гэх Хадгаламж банкны 2010.03.23-ны өдрийн №1/756 тоот дугаартай “Төлбөрийн баталгаа” гэх баримтыг шүүхэд өгсөн байдаг бөгөөд энэ баримт нь Архивт хадгалагдаж буй баримтын бүртгэлд байдаггүй. Харин ийм дугаар бүхий 2010.03.23-ны өдрийн №4/1-756 тоот индекстэй “Ажил байдлын тодорхойлолт”-ыг Хадгаламж банкны Хүний нөөц, захиргааны хэлтсийн захирал, №3/2-756 тоот индекстэй “Гүйлгээ засварлуулах тухай” албан бичгийг Тооцооны хэлтсийн захирал тус тус гаргаж Монголбанкны төлбөр тооцооны төв рүү явуулсан байдаг.
Мөн шүүхэд гаргаж егсөн нотлох баримт болох Хадгаламж банкны ТУЗ-ийн 2010.03.23-ны өдрийн №1/5 тоот хуралдааны тэмдэглэл гэх материал байдаггүй бөгөөд энэ өдөр ТУЗ огт хуралдаагүй харин 2010.05.14-ний өдөр хуралдаж 05 дугаартай хурлын протокол үйлдсэн нь архивд хадгалагдаж байдаг. Уг хурлын протоколоос үзэхэд “Зарим шийдвэрийг хуралдахгүйгээр гаргаж байх талаар болон Автомашин худалдан авах тухай, Мэдээлэл хийх тухай” гэсэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг юм.
Э.Сүрэнгээс шүүхэд гаргаж өгсөн өөр нэг нотлох баримт болох Хадгаламж банкны 2010.04.07-ны өдрийн 1/990 тоот “Төлбөрийн баталгаа” гэх баримт. Энэхүү албан тоотыг Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архиваас үзэхэд байдаггүй, харин энэ дугаараар 2010.04.05-ны өдөр №1-990 тоот индекстэй өөр утга бүхий “Тодорхойлолт”-ыг Зээлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн захирал гарын үсэг зурж гаргасан байдаг.
Мөн шүүхэд гаргаж өгсөн Хадгаламж банкны 2010.07.07-ны өдрийн 1/2471 тоот “Төлбөрийн баталгаа” гэх албан тоот архивд байгаагүй, харин 2010.07.07-ны өдөр №1/2471 тоот индекстэй “Main shareholder information” албан бичигт Гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг гарын үсэг зурж, ING N.V LLC-д явуулсан байдаг гэх мэтээр Э.Сүрэнгийн талаас гаргаж өгсөн бүх нотлох баримт нь утга агуулга отоо дугаар бүр нь зөрдөг бөгөөд тийм үйл баримт болж байсан гэдэг нь огт тогтоогддоггүй юм. Тодруулж хэлбэл нэг ч үнэн нотлох баримт байхгүй гэсэн үг.
-Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт хуурамч байсан гэж үзье. Харин ийм өндөр дүн бүхий мөнгөн хөрөнгийн баталгаа, батлан даалт гаргасан тухай арилжааны банк Монголбанкинд бүртгүүлэх, мэдэгдэх дүрэм журам байдаг уу, байдаг бол энэ талаарх баримт нь бий юү?
-Дүрэм журамтай байлгүй яах вэ. Манай Ажлын хэсэг энэ чиглэлээр бас дүгнэлт хийсэн. Банк нь “гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалтын үйлчилгээ үзүүлсэн тохиолдол”-д “Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын дагуу балансын гадуур хүлээж болзошгүй үүрэг дансанд бүртгэдэг. Монголбанкны ерөнхийлөгчийн 549 тоот тушаалаар үүнийг 2003 онд журамласан байдаг юм.
Хадгаламж банкнаас баталгаа, батлан даалт гаргасан гэх 2010.02.24, 2010.03.23, 2010.04.07,2010.07.07-ны өдрүүдийн байдлаар иргэн Э.Сүрэнгийн нэр дээр бүртгэл байгаагүй нь банкны Грейпбанк програмын балансын гадуур дэлгэрэнгүй үлдэгдлийн мэдээгээр тогтоогддог. Хэрвээ баталгаа, батлан даалт хийсэн тохиолдолд “Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын дагуу балансын гадуур хүлээж болзошгүй үүрэг дансанд бүртгэгдэх ёстой. Мөн хуурамч гэдгийг нотлох өөр баримт бол Монголбанкны ерөнхийлөгчийн 2000 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 452 дугаар тушаалаар батлагдсан “Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам”-ын 5.1-д “Батлан даагч банк нь батлан даалтын гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд уг гэрээгээр банкны хүлээсэн үүргийн дүнгээр тэнцлийн гадуурх Батлан даалтын дансанд батлан даалт нэг бүрээр нэрийн данс нээж бүртгэнэ. Гэрээг талууд нэг нэг хувийг хадгална.”
5.2-т “Банк батлан даалтын гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг, огноо, дугаараар Монголбанкны бүртгэл тооцооны газарт ажлын нэг хоногийн дотор бүртгүүлнэ” гэж заасан. Энэ журмын хүрээнд Монголбанкнаас тодруулга хүссэний дагуу 2014 оны тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Б-7/438 тоотоор баталгаа, батлан даалт огт бүртгэгдээгүй тухай хариу ирүүлсэн байдаг. Тухайн үед баталгаа батлан даалтын гэрээ огт хийгдээгүй л дээ. Энэ тухай Монголбанкны шинжээчийн дүгнэлт хүртэл гарсан байгаа.
-Тухайн үед Хадгаламж банк гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах тусгай зөвшөөрөлтэй байсан уу. Байгаагүй гэдэг мэдээлэл бидэнд байгааг баталгаажуулах гээд байна л даа.
-Хадгаламж банк тухайн үед буюу 2010 онд “Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд эх үүсвэртэй баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэх нэмэлт зөвшөөрөл”-ийг аваагүй байсан юм билээ. Харин хоёр жилийн дараа буюу 2012 оны аравдугаар сарын 24-ний өдрийн Монголбанкны ерөнхийлөгчийн А-156 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-т энэхүү нэмэлт зөвшөөрлийг олгосон байдаг. Энэ утгаар үзсэн ч гэсэн иргэн Э.Сүрэнд баталгаа, батлан даалт гаргах боломжгүй гэсэн үг л дээ.
-Зээлийн гэрээ хийхэд хөндлөнгийн нотариат гэрчилдэг билүү. Гэрээн дээр ийм зүйл байгаа юу?
-Зээлийн гэрээг иргэн Э.Сүрэн болон “Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нар 2010.02.24-ны өдөр байгуулсан гэх, гэрээний үнэн зөвийг Баянзүрх дүүргийн 209 дугаартай нотариатч 2010.03.15-ны өдөр гэрчилж, нотариатын бүртгэлийн дэвтрийн 861 дугаарт бүртгэсэн байдаг.
Нотариатын бүртгэлийн дэвтэрт тус өдөр бүртгэлийн 861 дугаарт Э.Сүрэн, “Жаст групп” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн гэрээг гэрчилсэн гэсэн бүртгэл байх боловч нотариатын үйлдлийн агуулга хэсэгт /иргэд хоорондын зээл/, “нэмэлт өөрчлөлт” гэсэн агуулга бүхий бүртгэл хийгдсэн. Түүнчлэн 2010.03.23-ны өдөр 03/10 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийг гэрчилж, бүртгэлийн дэвтрийн 861 дугаарт бүртгэсэн гэх нотариатын үйлдэл байгаа боловч энэхүү бүртгэл нь 2010.03.15-ны өдрийн Зээлийн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн бүртгэлтэй давхцаж байгаа бөгөөд хоёр өөр цаг хугацаанд ижилхэн дугаартай бүртгэл хийгдэх ямар ч боломжгүй юм. Мөн
2010.4.07-ны өдрийн 02 дугаартай Зээлийн нэмэлт өөрчлөлтийг 2010.04.14-ний өдөр гэрчилж, бүртгэлийн дэвтрийн 1,277 дугаарт бүртгэсэн гэх боловч Хадгаламж банкнаас гаргасан гэх 2010.04.07-ны өдрийн Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал-дааны тэмдэглэл, шийдвэр, тогтоол зэрэг баримтууд байхгүй, 2010.4.14-ний өдрийн нотариатын бүртгэлийн дэвтэрт бүртгэлийн дугаар 1,276-аас эхлэн нотариатын үйлдэл хийгдэж байгаа бөгөөд 1,277 гэсэн дугаарт өөр нэр бүхий иргэдийн “Түргэн үйлчилгээний цех худалдах, худалдан авах гэрээ”-г гэрчилсэн бүртгэл байдаг ба бүртгэлийн дугаар 1,278 хүртэл үргэлжлээд дахин 1,276-аас эхэлж 1,277 гэсэн дугаарт Э.Сүрэн, ‘Жаст групп” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний нэмэлт өөрчлөлтийг гэрчилсэн бүртгэл гэх зүйл байх боловч талуудын гарын үсэг зурагдаагүй, 1,277 гэсэн бүртгэлийн дугаар хоорондоо давхцаж байгаа бөгөөд Зээлийн гэрээг гэрчилсэн гэх нотариатын үйлдэл нь хүртэл эргэлзээтэй байгаа юм.
-Тэгэхээр тухайн үеийн Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөл хууль бус үйл ажиллагаа явуул-сан гэж үзэж болох уу?
-ТУЗ-д нь долоон гишүүн байсан. “Хадгаламж банкны дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.5 дэх хэсэгт “…ТУЗ-ийн дарга, гишүүн нь дараах үүргийг хүлээнэ…”, мөн дүрмийн 7.5.4 дэх хэсэгт “…сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүссэн үед ТУЗ-д мэдээлдэг байх…”, 8 дугаар зүйлийн 8.14.11 дэх хэсэгт “…банктай хийх хэлэлцээрт оролцож байгаа этгээд нь компанийн тухай хуульд заасан нэгдмэл сонирхолтой этгээд байгаа бол энэ тухайгаа нэн дариу ТУЗ-д бичгээр мэдэгдэх…” гэж заасан, мөн тухайн үед үйлчилж байсан Компанийн хуулиар хориглосон байх ба Ш.Батхүү нь Хадгаламж банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргын хувьд энэ тухайгаа ТУЗ-д бичгээр мэдэгдэж, хуралд оролцохоос татгалзах ёстой байтал хуралд биечлэн оролцож 03/10 тоот Зээлийн гэрээ, 2010.03.23-ны, 2010.04.07-ны, 2010.07.07-ны өдрийн Нэмэлт гэрээнүүдэд төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ байгуулах эрхийг олгож, өөрийн эзэмшлийн компанид ашигтай шийдвэрүүдийг удаа дараа гаргуулах боломжгүй юм. Энэ өнцгөөр харсан ч гэсэн ТУЗ-ийн шийдвэр гарч байсан гэхэд эргэлзээ төрүүлдэг. Эрүүгийн хэргийг шалгах явцад нарийн бичгийн дарга И.Амараа нь ТУЗ хэрхэн хуралдаж байсан талаар гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг.
-Хадгаламж банкнаас гаргасан гэх Баталгаа, батлан даалтын гэрээгээр банкны өмнө “Жаст групп” болон иргэн Э.Сүрэн нарын хүлээх үүрэг гэрээнд тусгагдсан байдаг уу?
-Хэрвээ банкны Батал-гаа, батлан даалт бодитоор хийгдсэн байсан бол “Хадгаламж банк” болон “Жаст групп” ХХК-ийн хооронд хийгдсэн гэх “Банкны батал-гааны гэрээ”-нүүдийн “1.4. Үүрэг гүйцэтгэгч нь батал-гааны нэг удаагийн шимт-гэлд үнийн дүнгийн 0.1 хувийг банкинд төлнө” гэж тусгагдсан байдаг. Тус заалтыг үндэслэж Баталгаа гаргасан гэх 2010.02.24, 2010.03.23, 2010.04.07,
2010.07.07-ны өдрүүдэд баталгааны шимтгэлийн орлого Хадгаламж банканд орсон байх ёстой байгаа биз.
-Гэтэл ороогүй юм уу?
-Ороогүй, баталгааны шимтгэлийн данс орлогогүй байдаг. Энэ нь 2010 оны тухайн өдрүүдийн Хадгаламж банкны Грейпбанк програм, Грейп Мастер програмын бүртгэлээр баталгааждаг. Програмын бүртгэлийг бүртгэл тус бүрээр нь Хадгаламж банкны гүйцэтгэх захирлын 2009.11.13-ны өдрийн №305 тоот тушаалаар батлагдсан Ерөнхий дэвтрийн дансны төлөвлөгөөнд тусгагдсан “4310-Баталгаатай холбоотой орлогын данс”-нд орлого хийгдсэн байх ёстой. Энэ нь тухайн өдрүүдийн Грейп Банк програмын Гүйлгээ журналын тайлангаар тогтоогддог.
Банктай холбоотой аливаа төлбөр шилжүүлэг, баталгаа, батлан даалтын гэрээнүүдийн шимтгэл, шилжүүлгүүд нь банкны төлбөр тооцоо бүртгэл, гүйлгээний программаар баталгаажиж, нотлогдож байдаг. Нөхөж буюу засах боломжгүй хийгээд үнэн зөв байна л гэсэн үг. Үүнийг хууль, шүүхийнхэн онцгойлон анхаараасай гэж хүсэж байна.
-Тухайн үед иргэн Э.Сүрэн гэдэг хүний дан-санд ийм их хэмжээний мөнгө байсан эсэхийг тодруулсан уу?
-За даа наадах чинь Банкны тухай хуулиар нийтэд мэдээлэхийг хориглосон зүйл. Тухайн үед Хадгаламж банкны харилцагч байсан юм билээ, маш товчхон хэлэх юм бол иргэн Э.Сүрэнгээс “Жаст групп” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч Ш.Батхүүд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө байхгүй дээ. Харин иргэн Э.Сүрэн, “Жаст групп” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх Зээлийн гэрээнээс өмнө Жастын Ш.Батхүүгийн хамаарал бүхий этгээд болох Ш.Батсайхан гэдэг хүний данс руу мөнгө шилжүүлж байсан баримт бол байдаг. Өөрөөр хэлбэл анх Зээлийн гэрээ байгуулагдсан гэх 2010 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс өмнөх асуудал шүү дээ.
-Танай банк ажлын хэсэг байгуулаад бүх нотлох баримт хуурамч гэж үзэж байгаа юм бол хуулийн байгууллагад хандсан уу?
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч Э.Сүрэнгээс шүүхэд гарган өгсөн нотлох баримтууд болох “Хадгаламж банк” ХХК-ийн Төлбөрийн баталгаа, баталгааны гэрээ, ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл зэргийг Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн архиваас эх хувийг шүүж үзэхэд нотлох баримт огт байхгүй, тухайн дугаарууд дээр өер баримтууд байсан тул Нэхэмжлэгч Э.Сүрэнгээс шүүхэд гарган өгч, шүүх нотлох баримтаар үнэлсэн бичиг баримтуудыг “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, Э.Сүрэн нар үгсэн тохирч хуурамчаар үйлдсэн байж болзошгүй, мөн тухайн үеийн банкны эрх бүхий албан тушаалтнууд хуурамч бичиг баримтад нөхөн гарын үсэг зурсан байх магадлалтай гээд 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 01/5022 тоотоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шинжээч томилон шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар Улсын мөрдөн байцаах газарт хүсэлт гаргасан байдаг.
Энэ хэрэг одоо харьяаллын дагуу АТГ-т “Жаст групп” ХХК, иргэн Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэгтгэн шал-гаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Бидний зүгээс хэрэгт ач холбогдол бүхий баримт, материал, тайлбар, мэдүүлгийг цаг тухайд нь хүргүүлэн ажиллаж байгаа. Уг нь энэ хэргийг Ш.Батхүүгийн бусад хэргээс тусгаарлаад шалгахад болохгүй зүйл байхгүй л дээ.
-Нотлох баримт хуурамч байх магадлалтай болчихлоо, эрүүгийн хэрэг үүсчихлээ. Ингэхээр Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр хүчинтэй байх уу. Шинээр илрэх нөхцөл байдал үүсдэггүй юм уу?
-За наадах чинь асуудал болж байна аа. Шүүхийн зарим шийдвэр бүр марзан гарсан байгаа. ‘Хадгаламж банк” ХХК-иас иргэн Э.Сүрэнтэй холбоотой өр төлбөр тус банкинд шилжиж ирээгүй байтал дээрх шүүхийн шийдвэр гарч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж нэхэмжлэгчээс шүүхэд Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлт, холбогдох нотлох баримтуудыг Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр даргалуулсан шүүх бүрэлдэхүүн 2014 оны есдүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1,921 дүгээр шийдвэрийг хүчингүй болгоод 472 дугаар тогтоол гаргаж энэхүү тогтоолыг “эцсийн шийдвэр” болно гэж шийдвэрлэсэн байдаг юм.
Гэтэл энэхүү “эцсийн шийдвэр”-ээ ганцхан сарын дараа дахин хянаж 2014 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр 492 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байдаг. Уг шийдвэр гаргахдаа Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Л.Сарангэрэл “хүсэлт хэлэлцсэн шүүх хуралдаанд оролцох боломж олгоогүй” гэх гомдол гаргасныг Ерөнхий шүүгчээр даргалуулсан хуучин бүрэлдэхүүн Төрийн банкны төлөөлөлд мэдэгдэлгүйгээр Л.Сарангэрэлийг оролцуулан шийдвэрлэж, өмнөх “эцсийн шийдвэр” болох 472 дугаар тогтоолоо хүчингүй болгож, 2014 оны 11 дүгээр сарын
24-ний өдөр 492 дугаартай тогтоол гаргасан. Хамгийн сонирхолтой Э.Сүрэнг шүүх хуралд оролцох боломж олгоогүй гэж үзсэн мөртлөө Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хэрэг шийдвэрлэсэн нь шударга биш байгаа юм. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалттай энэ нь хэрхэн нийцэж байгаа юм бүү мэд. Нөгөө талаар тухайн шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж, тун ойлгомжгүй байдал бий болгосон.
-Шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болсон бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлнэ биз дээ.
-Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ч хууль бусаар хийгдэж эхэлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн 2013 оны 1921 дүгээр шийдвэрийг гүйцэтгэхээр “Жаст групп” ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааг бодитоор явуулалгүй, зөвхөн хөрөнгийн лавлагаа гаргуулах, тайлбар авах төдийхнөөр үйл ажиллагаагаа хязгаарлан, төлбөр төлөгч “Жаст групп” ХХК-ийг төлбөрөө төлөхгүй байна гэж үзэж Төрийн банкнаас уг төлбөрийг гаргуулахаар ажилласан юм билээ. Энэ нь хуулийн үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрт зааснаар “Жаст групп” ХХК-ийг төлбөрөө төлөхгүй бол Төрийн банкнаас гаргуулах гэж заасан байгаа шүү дээ.
Энэхүү ажиллагаа буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2015.11.11-ний өдөр гаргасан. Энэ маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж шийдвэр магадлал гаргасан. Банкны талаас гомдол гаргасны дагуу саяхан энэ оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн Хяналтын шатны шүүхээс шийдвэр магадлалыг хүчингүй болгож ”Шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль бус” гэж тогтоогоод байгаа.
-Та Төрийн банкинд ирээд Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүү-хийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасан юм уу. Ер нь Ажлын хэсэг байгуулаад энэ хэргийн талаар шинэ нотлох баримт олсон уу?
-Миний бие Төрийн банкинд ирсний дараа Ажлын хэсэг байгуулсан гэж дээр дурдсан. Ажлын хэсэг нэгэн шинэ нотлох баримт олсон нь “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хүлээн авсан 2013 оны долоодугаар сарын 21-ний өдрийн Тайлан тэнцэлд тусгагдаагүй банкнаас гарга-сан баталгаа, батлан даалт, аккредитив, бусад хүлээж болзошгүй үүргийг цуцалсан “Банкны эрх хүлээн авагчийн 2013 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 11 тоот Үүрэг цуцлах тухай тушаал” юм. Уг тушаал нь “Хадгаламж банкны балансад тусгагдаагүй үүргийг хүлээхгүй шүү” гэсэн л шийдвэр.
Банкны зүгээс “Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2013 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 11 тоот Үүрэг цуцлах тухай тушаал”-ыг мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд хүсэлтийг шүүхэд гаргасан.
Мөн банкны зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байгаа энэ нь “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны ‘ шүүх бүрэлдэхүүн хүлээн авч эцсийн шийдвэр гэж үзсэн тогтоолоо дахин хэлэлцэж хүчингүй болгож байсан, мөн өмнө нь дөрвөн удаа энэ талаар хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож байсан тул” гэж тухайн шүүхээс татгалзаж өөр шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр хэлэлцээд Төрийн банк мэдэх байсан, мэдэх боломжтой…” гэж дүгнэн хүсэлтийг хүлээн авахаас илт үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн шүүхэд анх хэргийг 2013 онд хэлэлцэхэд манай банкнаас Хадгаламж банкны эрх хүлээн авагчийг оролцуулах хүсэлт гаргахад хангаагүй, хэргийн оролцогч этгээд биш Банкны эрх хүлээн авагчийн тушаалыг тухайн хэргийн оролцогч талууд болох нэхэмжлэгч “хариуцагч талууд бид мэдэх боломжгүй байхад Чингэлтэй дүүргийн шүүх мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна.
Мөн Чингэлтэй дүүргийн шүүхэд 2017 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар cap хүртэл Э.Сүрэнгийн хэрэгтэй холбоотойгоор зургаан удаа тус бүр өөр өөр утга бүхий нэхэмжлэл гаргаж байхад Иргэний хэрэг үүсгэхгүйгээр буцааж байх жишээтэй. Банкны зүгээс аргаа бараад Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд хоёр удаа гомдол гаргасан. Харин Ёс зүйн хорооноос Хуульчийн мэргэжлийн хороонд ханд гэж шийдвэр гаргасан байна лээ, банк мэргэжлийнх нь хороонд хандсан байгаа.
-Төрийн банк шүүхэд хандсан уу, одоо шүүхийн ямар шатанд энэ хэрэг яваа вэ?
-“Төрийн банк” ХХК-ийн зүгээс 2017 оны долоодугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “…Банкны эрх хүлээн авагч болон Төрийн банкны хооронд 2013 оны долоодугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээний үүрэгт тухайн гэрээгээр хүлээж аваагүй бусдын өмнө хүлээж болзошгүй үүрэг хамааралгүй болохыг тогтоолгох тухай…” нэхэмжлэлийг Хадгаламж банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан. Уг маргааныг Чингэлтэй дүүр-гийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдсэн.
Гол зүйл нь миний дээр дурдсан “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хүлээн авсан 2013 оны долоодугаар сарын 21-ний өдрийн тайлан тэнцэлд тусгагдаагүй банкнаас гаргасан баталгаа, батлан даалт, аккредитив, бусад хүлээж болзошгүй үүргийг цуцалсан “Банкны эрх хүлээн авагчийн 2013 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 11 тоот Үүрэг цуцлах тухай тушаал”-ыг энэ шүүх зөв үнэлсэн байгаа юм. Ингээд энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэрийг хянуулахаар хүсэлтийг дахин гаргаад байна.
Төрийн банкны зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс татгалзаж өөр шүүхээр хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийг удахгүй хэлэлцэх байх. Шүүх Шинээр илрэх нөхцөл байдлын улмаас гаргасан Төрийн банкны хүсэлтийг шударгаар шийдвэрлэх байх гэж найдаж байна.
Банкны талаас хүсэлт гаргасан үндэслэл маш энгийн тодруулж хэлбэл Чингэлтэй дүүргийн иргэ-ний хэргийн анхан шатны шүүхээс Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний 2.3-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор хөрөнгө шилжүүлэгч /Хадгаламж банк ХХК/-ийн шаардах эрх болон бусдын өмнө хүлээх үүрэг …” нь уг гэрээгээр хязгаарлагдаж байгаа гэдгийг тогтоосон. Харин Сүхбаатар дүүргийн шүүх 2013 оны 1921 дугаар шийдвэртэй дурдахдаа “Хадгаламж банкны бусдын өмнө хүлээх үүрэг бүхлээр нь Төрийн банкинд шилжсэн гэж үзсэн” шүү дээ.
Энэ үндэслэлээр Төрийн банкинд их хэмжээний төлбөр ногдуулсан Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрт дурдсан үүргийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр өөрөөр үнэлж шийдвэрлэсэн нь “Шинээр илрэх нөхцөл байдал” гэж үзэж байгаа юм. Ийм л зүйлийг Төрийн банк шүүхээс хүсээд байгаа юм. Шинээр илрэх нөхцөл байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нөхцөлд маргаан дахин үргэлжилнэ гэсэн үг ш дээ.
Өөрөөр хэлбэл талууд дахин нотлох баримт гаргаж цуглуулах, дэмжих үгүйсгэх байдлаар маргаан шинээр эхэлнэ гэсэн үг. Бидний зүгээс нэг л зүйл хүсээд байгаа. Тэр нь юу гэхээр ТУЗ болон Хадгаламж банкаас баталгаа, батлан даалт гаргасан эсэх талаар шүүх дээр ерөөсөө талууд маргаагүй хэрэг. Талуудад маргах боломж олгооч гээд байгаа юм.
-Та бүхэн шүүхийг маргах боломж сонгоно гэдэгт итгэж байгаа юу. Өчнөөн олон жил шүүхээр яваад ийм боломж олдоогүй болохоор л итгэж найдаж байгаа юу гэж асуугаад байгаа юм шүү.
-Товчхон хэлэхэд энэ хэргийг иргэн Э.Сүрэн болон “Жаст групп” ХХК үгсэн хуйвалдаж дээр дурдсан байдлаар хуурамч баталгаа, батлан даалт үйлдэж Төрийн банкнаас их хэмжээний мөнгө гаргуулах шүүхийн шийдвэрийг гаргуулж шийдвэрийг биелүүлэх замаар хийгдсэн луйврын ажиллагаа гэж хэлж болно. Энэ хэргийн ард Жастын Ш.Батхүү, Алтжингийн Готовын Алтан нар байгаа нь тодорхой. Эдгээр нөхдийн хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай гэж бодож сууна.
Ш.Батхүү, Г.Алтан нар “Төрийн банк” ХХК-иас уг төлбөрийг гаргуулах гэж тус банкны эсрэг нэгдмэл сонирхолтойгоор улайран нь зүтгэж байгаа гэж би харж байна л даа. Жишээ нь, саяхан банкны зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг Шинээр илрэх нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан гэж хэлсэн дээ.
Тэр хүсэлтийг хэлэлцэх явцад хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул шүүх хуралдаанд оролцож болохгүй нөхцөл байдал хуралдааны явцад илэрмэгц нэхэмжлэгч Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр тухайн хурал дээр шууд хүсэлт гаргаж шүүх хүлээж авч байх жишээтэй. Ер нь нэхэмжлэгч хариуцагч талууд шүүх дээр эсрэг талууд байдаг шүү дээ.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
7 comments
Төрийн мөнгө идэхийн тулд марзан юм болж байгаа юм байна.
jastiin bathuu turiin bank zalilah zamdaa altangiin huug hulduu chirsen neg bol turiin bankiig niilj luibardah gesen ham hereg bolj taarlaa nyaj shiidehiig odoo nyamdorj medne harj l baiya daa
Шүүгч нар авилгал авсан байна даа. Цалин нь өндөрслөө гээд хэрэглээ нь дагаж өсөөд юун тэр авилгалд үл автах вэ. Адгийн шүүгчийг хараарай цалингийн зээлтэй. Авилгалыг нь зогсоох ганцхан арга байгаа. Буруу зүйл хийснийг нь шууд 20 жилийн ялыг олны өмнө ТВ-ээр нэвтрүүлгээр үзүүлж байгаад өг.
Шүүгчийн цалин өндөр болох нь авилгын хэмжээг өндөр болгоно гэсэн энгийн логик байгаа шүү дээ…
Shuuhin shiidver ali neg tald ni gardag biz de, Burduulj irsen barimtaar l shuuh shiiddeg, hol ochij hutsaarai chi T Enkhjargal shuugch chamaas aigaad chinii tald shiideh yostoi b san yum uu 3 shuuh bugd ijil shiidver gargah uu
Altangiin hyy Bathyygiin hold chiregdene gej yu baihab dee. Zygeer neg ni hohirogch bolj jyjiglesen hereg l dee. Altan Bathyy 2 bol ali 1990 eed onoos bissnesiin hamtragch nar shyy dee . Er ni ter Altangiin hyy ESyren gegch zalyy haanaasaa iim ih horongtei bolson ym boloo bas l bodoh l zyil dee.
Монголын шүүх дээр доргүй авилгалд идэгдчихсэн шүү дээ.Ардчиллийн гэх жилүүдэд хууль ,шүүхийнхэн,архага гэмт хэрэгтнүүд,ялзарсан улс төрчид л хамгийн их баяжсан шүү дээ.Хүний шуналд хязгаар үгүй гэж