Хаврын тэргүүн сар тал дундаа орж дуучид, бусад уран бүтээлчдийн цэнгүүн шил даран үргэлжилсэн хавар цаг нэгэнтээ иржээ. Дуучид, уран бүтээлчдийн хувьд жил тутам цэнгүүнээ үзэгч олны хүртээл болгодог нь ч бий, хэдэн жилд нэг удаа тайлагнах нь ч бий. Рок попын акулууд болох Б.Сарантуяа, Б.Дашдондог нараас эхлээд “Мөнхийн реп” хүртэл, Ардын жүжигчдээс эхлээд “Морины” хэмээх Л.Нарантуяа хүртэл үргэлжилсэн их тоглолтын сар нэгэнт ирчихсэн байна.
Хаврын тэргүүн сар буюу энэ гуравдугаар сард “Монгол бөхийн өргөө”, “Улаанбаатар палас” хэмээх хоёр том айлын хувьд өдөр бүхэн тоглолтой байна гэдгийг хэлж байна. Үүнээс гадна Дуурь, Драм, Улсын филормани гээд мэргэжлийн урлагийн байгууллагын концертын танхимын завсар чөлөөнд ч дуучдын цэнгүүн байгааг дуулгалаа. Дуучдын уран бүтээлийн цэнгүүнээр давалгаалсан гуравдугаар сар дууслаа ч айсуй дөрөвдүгээр сард тоглолтоо товлосон дуучид олон бий. Айсуй дөрөвдүгээр сар дууссан ч тавдугаар сарын дунд хүртэл уран бүтээлчдийн цэнгүүн үргэлжилдэг гэхээр хаврын гурван сарыг тоглолтоос тоглолт дамжин өнгөрөөх нь.
“Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 3000 үзэгч, “Монгол бөхийн өргөө” 2500 хүний суудалтай, Соёлын төв өргөө 1200, МҮЭСТ 1000 орчим, Улсын филормани гэх мэт бусад үйлчилгээний газрууд тус бүр 500 хүний суудалтай гэж бодоход нэг оройдоо нийтийн дуучдын тоглолтыг дундажаар 6000 хүн үзэж байна гэхээр нэг сая гаруй хүн амтай хотод боломжийн өндөр тоо. Өдөр бүр шүү дээ. Эндээс монголчууд бид урлагт дэндүү хайртай гэдгийг харж болно.
Дуучид, яруу найрагчдын цэнгүүнээс гадна мэргэжлийн урлагийн байгууллагуудын хуваарьт үзвэрүүд бий. Өнөөдрийн байдлаар Драммын театрт “Би эндээс явахгүй” жүжиг тавигдаж эхлээд байна. Мөнхүү Дуурийн театрын төлөвлөгөөт тоглолт ч өөрийн гэсэн үзэгчтэй. Үүнээс гадна “Шинэ-Үе”, “Маск”, “Х ТҮЦ” гэсэн хошин хамтлагуудын тоглолт багадаа нэг сарын хугацаанд үргэлжилэн үзэгчдийн хүртээл болдог. Гэтэл хошин шогийн акул хамтлагаас ургаж гарсан “Мөрөөдлийн театр”, “Эмоци” гээд хамтлагуудын тоглолт ч давхацна гэхээр хаврын сарыг ерөөсөө уран бүтээлийн цэнгүүн, элдэв үзвэр тоглолтоор амьсгалуулж өнгөрөөдөг түмэн аж. Ёстой л энэ олон тоглолтын алийг нь үзэх вэ та минь ээ хэмээн толгой эргэхэд хүргэнэ.
Харин энэ олон тоглолт дунд ганцхан яруу найрагчийн цэнгүүн бий. Тэр нь нийтийн дууны ертөнцөд хүч түрэн орж ирсэн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Болорцэрэн ч дуучдаас дутахгүй гэдгээ харуулж “Амьдралын зураг” анхны уран бүтээлийн цэнгүүнээ “Монгол бөхийн өргөө”-нөө энэ сарын 14-ний өдөр үзэгч олноо толилуулахаар зэхсэн нь олны анхаарлын төвд байна. Учир нь энэ сард үргэлжлэх шил шилээ дарж болох тоглолтуудаас ганцхан яруу найрагчийнх гэдгээрээ туйлын онцлогтой.
Эх сурвалж: Zindaa.mn
2 comments
зарим залуу дуучид дэндүү их тоглолт хийж мөнгөний хойноос улайрч байна.тоглолт дээрээ нэг их бие биеэ дэмжсэн хүмүүс тэр найз минь туслаад ч гэх шиг.гавьяатууд үргэлж тоглолт хийддэггүй ш дээ ард түмнийг хүсэхээр гарч ирдэг ч болоосой найз нөхөд танилууд нь билет аваач гээд л байгууллагын даргыг таньдаг бол цалингаас шууд суутгана ядаргаатай юм хөвсгөлын залуу дуучид
urlag gegeen zuv