ЭНЭ ӨДӨР: 2017.03.23
НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын Конвенц 1950 онд хүчин төгөлдөр болсон энэ өдрийг (жил бүрийн гуравдугаар сарын 23) Дэлхийн цаг уурын өдөр болгон тэмдэглэдэг. Тус байгууллагад дэлхийн 189 орон гишүүнээр элссэн байдаг.
Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой сонирхолтой баримтууд:
- Сүүлийн 50 жилд тохиолдсон гамшгийн 90 орчим хувь нь цаг агаар, уур амьсгал, уснаас үүдэлтэй байжээ.
- Дэлхийн цаг уурыг XIX зууны эцсээс эхлэн шинжлэх ухааны үүднээс судалж эхэлсэн. Энэ үеэс хуримтлагдсан судалгааны дүнгээр XX зууны туршид дэлхийн дундаж температур цельсийн 0.6 хэмээр нэмэгдсэн. Мөн энэ хугацаанд манай гаригийн далайн усны түвшин 10-20 сантиметрээр дээшилсэн аж.
- ДЦУБ-ын 2011 оны мэдэгдэлд 1997-2011 он хүртэлх ажиглалтаар дээрх 13 жил дэлхий даяар температур өмнөх бүх жилээс их байв. Мөн агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж тасралтгүй нэмэгдсээр 2011 онд хамгийн их хэмжээнд хүрч, Хойд туйлын тэнгисийн мөсөн бүрхүүлийн талбайн хэмжээ бүх жилийн үзүүлэлтийн 2-рт бичигдэхүйц багасч, далайн нийт мөсний жингийн ерөнхий эзлэхүүн хамгийн бага хэмжээтэй бүртгэгдсэн гэсэн баримт байна.
- Дэлхийн цаг уурын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж Грийнландын мөсөн бүрхүүл бүрмөсөн хайлах нь тодорхой болсон гэж эрдэмтэд үзэж байна. Хэрвээ мөсөн бүрхүүл хайлбал далай тэнгисийн түвшин 7 метрээр нэмэгдэх аюултай юм.
- Далайн усны түвшин нэмэгдэж байгаа нь туйлын мөс хайлсантай холбоотой. Антарктид тив болон Хойд мөсөн далайн орчмын мөсөн бүрхүүлийн хэмжээ улам бүр шуугдан багассаар байна. Эрдэмтдийн ажиглалтаар Хойд мөсөн далайн мөсний зузаан хавар намрын улиралд арван жилийн өмнөхтэй харьцуулбал 40 хувиар нимгэрчээ.
- Олон орны эрдэмтэд “дэлхий дахины дулаарал” гэсэн нэр томъёог бий болгон, үүний улмаас галав юүлж, дэлхий өртөнц сүйрэх тухай таамаг дэвшүүлдэг бол нөгөө хэсэг нь удахгүй “мөстлөгийн шинэ үе” эхэлнэ гэсэн таамаглал дэвшүүлж үүний улмаас мөн л дэлхий өртөнц бас л сүйрнэ гэж үзэж буй.
- Хэрвээ агаар мандалд хүлэмжийн хийг ялгаруулах явдлыг зогсоохоор эрс шийдвэртэй арга хэмжээ авахгүй юм бол 2020 он гэхэд дэлхийн цаг агаар дунджаар цельсийн 1.4-5.8 хэмээр нэмэгднэ гэж эрдэмтэд үздэг.
- Хүлэмжийн хий гэж нарны эрчим хүчийг дэлхийн агаар мандлаас гаргахгүй барьж байдаг тодорхой хэдэн хийн бодис. Хүлэмжийн бусад хийнүүд болох нүүрсхүчлийн давхар исэл үйлдвэрийн болоод хөдөө аж ахуйн үйл ажиллагааны нөлөө, түлшний шаталтаас гарсан хий зэрэг нь агаар мандалд үүсэж хуралддаг. Эдгээрийн агаар мандал дахь хэмжээ аажмаар нэмэгдсээр сүүлийн 200 жилийн дотор нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ гэхэд 30 хувиар өссөн байна.
- Агаар мандалд хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж байгаа нь дэлхийн дулааралд хүргэж байна. Хүний буруутай үйл ажиллагаа дэлхийн дулаарлыг үүсгэж, дэлхий дээрх амьдралыг тэтгэгч гол эх үүсвэр болсон цаг уурын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэд сануулсаар байна.
- Эрдэмтдийн үзэж байгаагаар, дэлхийн дулаарлаас болж орох борооны хэмжээ нэмэгдэх боловч, дэлхийн зарим бүс нутагт ган гачиг илүү их болох магадлалтай аж. Мөн ундны ус хомсдож, хөдөө аж ахуй эрхлэх нөхцөл эрс өөрчлөгдөж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэн, хар салхи, цунами гарах тохиолдол ихэсч, гамшигт үерийн тоо ч нэмэгдэнэ. Байгалийн гамшгийн улмаас олон хүний амь үрэгдэж болох юм. Ундны цэвэр ус дутагдаж, хоол хүнсний нөөц багассаны улмаас дэлхийн олон оронд хэдэн сая хүн хижиг өвчнөөр өвчилж, ургамал амьтны бүхэл бүтэн төрөл аймаг устаж магадгүй гэж ДЭМБ сануулсан байна.