Хүн төрөлхтөн өөрсдийн ертөнцийг таньж, ойлгож мэдэх арга зам нь харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэхүйн мэдрэхүй дээр тулгуурладаг. Эдгээрээс сонсох мэдрэхүй нь харилцааны үндсэн суурь юм. Хүүхэд гурван нас хүртэлээ сонсгол нь хөгжиж, ярьж сурдаг байна. Гэтэл эцэг эхчүүд хүүхэд хожуу хэлд ороход “суут ухаантай хүмүүс хожуу хэлд ордог” гэх зэрэг буруу итгэл үнэмшилээс болж эмнэлэгт үзүүлэхгүй байх нь хамгийн буруу гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн сонсголыг нь шалгуулж эмчлүүлэх ёстой.
Чихний өвчинг ам дамжин эмчилгээгээр эмчлэх нь буруу юм. Тухайлбал, зарим төрлийн эм сонсголд нөлөөлдөг байна.
Хүүхдийн сонсголтой холбоотой энэ асуудлыг эрт илрүүлээгүйгээс хүүхэд оюуны хөгжлийн хувьд хоцрогдохоос гадна ярианы хөгжил саатах, суурь боловсрол эзэмшиж чадахгүй байх зэрэг олон асуудал тулгардаг.
Өнөөдөр дэлхий дээр 360 сая хүн сонсголын бэрхшээлтэй амьдарч байгаагаас 32 сая нь хүүхдүүд байна. ДЭМБ эдгээр хүүхдүүдийн 60%-ийг сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Улаанбаатар хотод 2010 оны байдлаар эмнэлэгт хандан сонсголын бэрхшээлтэй гэж оношлогдон, тусламж үйлчилгээ авсан хүүхдийн тоо 5431 байсан бол 2014 онд 7302 болж өссөн үзүүлэлт бий.
Сонсголын бууралттай эсэхийг нь мэдэх боломж бий юу?
Энэ тохиолдолд хүүхдийнхээ дуу авиа, хөдөлгөөнийг хараад мэдэх боломжтой. Дөнгөж төрсөн хүүхэд чанга дуу чимээ гарахад сэрж байх ёстой. Хэвийн сонсголтой хүүхэд гурваас дөрвөн сартайдаа чанга дуу чимээ гарахаар толгойгоо эргүүлж ямар нэгэн зүйл эргүүлж хайдаг байна. Дөрвөөс долоон сар хүртлээ чимээ гарсан зүг рүү толгойгоо эргүүлдэг. Энэ нь чиглэлийг тодорхойлдог гэсэн үг юм. Долоон сартайгаасаа эхлээд баруун дээд эсвэл зүүн доот гэх мэт тал руу толгойгоо эргүүлэн харна. Наймаас дээш сартайдаа дуу гарсан зүйлийг хайж илрүүлдэг байх ёстой аж.