Дорноговь аймгийн Замын-үүд сумын гуравдугаар баг Мөнгөншонхорын 3-ын 18 тоотод амьдран суудаг байсан найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг цагдаа нар үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хичээлдээ явахаар гэрээсээ гарсан охин алга болоод гурван сар болж буй. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрийн хэлсэнээр охины талаар мэдээлэл өгөх боломжгүй ч ар гэрийнхийг нь шалгаж байгаа аж. Хэрэгт холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагч нар нэмэлт бүрэлдэхүүнээр Дорноговьд ажиллаж байгаа юм байна.
Энэ оны нэгдүгээр сард охины эрэн хайх ажиллагаанд давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой,118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжсэн боловч ямар ч хэргийн сэжим гараагүй юм.