НИТХ-ын ээлжит хуралдаан маргааш болно. Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төсөл болон агаар орчны бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэх юм. Үүнтэй холбоотойгоор НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.02.26/ хуралджээ.
Нийслэлийн хүн амын 57 хувь нь амьдарч буй гэр хорооллын асуудлыг шийдвэрлэхгүйгээр нийслэл хөгжихгүй. Иймд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хөдөлгөх учиртай. Гэвч гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нийслэлийн удирдлага солигдсоноос хойш 2 жилийн хугацаанд бүрэн зогссон гэж тус бүлэг үзсэн байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын тухайд 2013 оноос эхэлж, 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлт хийж, 104.1 тэрбум төгрөгөөр инженерийн дэд бүтцийг хийгээд байгаа. Энэ нь ажлын 37 хувь бөгөөд үлдсэн 63 хувийг бий болгоход 192 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Харин үр дүнгийн тухайд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2014 он 960, 2015 он 1656, 2016 он 2213, 2017 он 360 айлын орон сууц ашиглалтад орсон. 2017 оны тавьсан зорилттой харьцуулахад 7,2 хувийн биелэлттэй байгааг танилцуулгад дурджээ.
Түүнчлэн Нийслэлийн орон сууцжуулах дэд хөтөлбөрийг 2018-2022 он хүртэл 3.4 их наядыг зарцуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. Гэвч одоогоор 2018 онд нийслэлийн төсөвт 10 тэрбум, улсын төсөвт 58 тэрбум, гадны зээл тусламж 23 тэрбум төгрөг л байгаа юм байна. Солонгос, Хятадын хөнгөлөлттэй зээлийг ярьж байгаа боловч энэ онд мөнгө орж ирэх боломжгүй. Иймд санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид сонирхож лавлаж байв. НЗД-ын орлогч П.Баярхүү санхүүжилт босгохоор төлөвлөж байгаагаа тайлбарлаж байв.
НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл мөн үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хариуцаж байсныг хувьд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал тэрбээр “Айлын хашааны газрыг урьчилгаа төлбөрт авдаг. Өөрөөр хэлбэл 30 хувьд нь авчихдаг. 2010 онд нэг ийм зүйл болсон. Нэг айлын хашааны газрын нэг мкв-ийг нь 100 мянгаар үнэлж авсан. Гэтэл 70 хувиа төлж чадаагүйн улмаас нэг өрх толгойлсон эмэгтэй байр ч үгүй, газар ч үгүй болсон. Мөн Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 100 айлд орон сууц бариулсан. Тухайн үед хөнгөлөлттэй газар, хямд газартай учраас мкв нь 700 мянгаар боссон. Гэтэл компани борлуулалтыг нь 1.5 сая болгоод явсан. Энэ бол ноцтой зүйл. Та бүхэн ийм зүйлийг хийж болохгүй. Яагаад 2012 оноос өмнө байсан энэ ноцтой тогтолцоог дахин бий болгох гэж байгаа юм бэ. Бид 2012 онд гарч ирээд газрын үнийг чөлөөлсөн. Гэтэл одоо ажил удааширсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал бол хэн нэгнээс оноо авах улстөржүүлэх асуудал биш, бизнес загвараа зөв гаргаж явах ёстой” гэж байв.
НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “НИТХ-ын хуралдаан дэгээ барьдаггүй болсон байна. Тэргүүлэгчдийн хурлаар баталсан дэд хөтөлбөрийн төсөл өөрчлөгдсөн. Тоо баримтууд, тухайлбал Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьсан материалд хөтөлбөр 2021 он хүртэл хэрэгжихээр заасан бол НИТХ-ын хуралдааны материалд 2022 он хүртэл болж өөрчилсөн. Хаана нь ингэж өөрчлөөд байна вэ. Энэ бол нийслэл засаглалын хямралд ороод байгаагийн илрэл юм. Тэргүүлэгчдийн хурлын материал ингэж солигдон дэг зөрчсөн байхад маргааш НИТХ-ын ээлжит хуралдаан болоход хэцүү байна. Түүнчлэн ИТХ-ын төлөөлөгчид бүрэн мэдээлэл авахыг хүсч, агентлагууд руу албан бичиг явуулахад албан бичгийн хариу ирэхгүй байна. Төрийн ажил иймэрхүү харилцаатай явж байна. Та бүхэн энэ тал дээр цаашид анхаарах шаардлагатай байна” гэж шүүмжилж байлаа.
Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлэг
1 comment
УЛС ОРНЫГ САМРАГЧИД…..харахаас нүд хорсож бна.