Засгийн газар мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуултын хариуг Засгийн газар хүргүүлсэн байна. Хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын ГИШҮҮН О.БААСАНХҮҮГЭЭС ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДАЖ ТАВЬСАНАСУУЛГЫН ХАРИУ
НЭГ. Үүссэн нөхцөл байдлын талаар
“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банк /цаашид “Стандарт банк” гэх/-тай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн.
Түүнчлэн, 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уг гэрээнд нэмэлт оруулж зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр “Жаст групп” ХХК Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банктай нийт 109,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-г байгуулсан.
Гэвч Ш.Батхүү зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор “АйСиБиСи Стандарт банк ПиЭльСиСтандарт”, “Өмнөд Африкийн Стандарт банк” болон Лондонгийн “Форфейтинг компани” нар 2013 оны 7 дугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандаж “Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан дээрх “Зээлийн гэрээ”-үүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даагчаар оролцсон гэж үзэж төлөгдөөгүй үлдсэн 86.950,000 ам.долларыг нөхөн төлүүлэхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжилсэн байна.
“Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан дээрх “Зээлийн гэрээ”-үүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даагчаар оролцсон гэдэг боловч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий удирдах албан тушаалтнуудаас зохих зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч материал бүрдүүлж зээл авсан гэж тухайн үеийн үйлдвэрийн болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлдэг.
Иймд иргэн Ш.Батхүү нарт Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 201301000330 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд уг эрүүгийн хэрэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК хохирогчоор тогтоогдоогүйгээс хэрэг шийдвэрлэгдээгүй удаж байсан.
Харин 2016 оны 10 дугаар сард Авлигатай тэмцэх газар уг эрүүгийн хэргийг сэргээж “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байна. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа уг хэрэг нь Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийг орчуулах шаардлагатай байгаагаас 2016 оны 12 дугаар сард прокуророос түдгэлзүүлээд байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2017 оны 12 дугаар сард дахин сэргээлгэх хүсэлт гаргаснаар 2017 оны 3 дугаар сард хэргийг сэргээснээр уг хэрэг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна.
ХОЁР. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын шүүх, арбитрын шийдвэрийн талаар
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхээс Стандарт банкны нэхэмжлэлээс 35,950,000 ам.долларын төлбөрийг хэрэгсэхгүй болгож, 50,988,425.60 ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас гаргуулж, Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51,000,000 ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гарсан байна.
Энэхүү шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч Стандарт банк нь Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд үндсэн зээлд холбогдох хүү, шүүхийн ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3,142,063 ам.доллар, нийт 44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Түүнчлэн, Стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг компанийн хувьцааны тодорхой хувийг барьцаалсан асуудал байхгүй болно.
Үндсэн зээлийн асуудлыг шийдвэрлэсэн Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн талаар:
1. Стандарт банктай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-ний талаарх маргаан
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр “Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан 2009 оны “Зээлийн гэрээ”-ний үндсэн дээр байгуулагдсан “Батлан даалтын үндсэн гэрээ”-ээр “Эрдэнэ үйлдвэр” ХХК-д үүрэг хүлээлгэж, хожим оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдээр зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн төлбөрт үүрэг хүлээлгэхгүйгээр 36,000,000.00 ам.доллларыг төлбөр, түүнд тооцогдох хүүгийн хамт “Эрдэнэт үйлдвэр” ХХК төлөх шийдвэр гаргасан.
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх Стандарт банк нь ““Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримтуудын хүрээнд гэрээнд оролцох чадамжтай байсан бөгөөд Эрдэнэт үйлвэр ХХК-ийн захирал Ч.Ганзориг тухай гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан” гэж үзжээ.
2. Стандарт банктай 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-ний талаарх маргаан
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх нь 2016 оны 6 дугаар сард “Эрдэнэт үйлдвэрт” ХХК-д 2010 оны үндсэн “3ээлийн гэрээ”-ээр үүрэг хүлээлгэж, харин тухайн үед удаа дараа оруулсан нэмэлт гэрээнүүдээр үүрэг хүлээлгэхгүй байхаар шийдвэрлэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК Стандарт банкинд 14,988,425.60 ам.долларын төлбөрийг тухайн үед тооцогдох хүүгийн хамтаар төлөхөөр шийдвэрлэсэн.
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх шийдвэртээ “2010 оны зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон” гэж үзсэн байна.
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн 2009 болон 2010 оны зээлийн үндсэн гэрээнд холбогдох маргааныг шийдвэрлэсэн дээрх шийдвэрүүдээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 51 сая орчим ам.долларыг Стандарт банкинд төлөх үүрэг хүлээгээд байна.
Дээрх шийдвэрүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх Худалдааны Дээд шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51 сая орчим ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гаргасан байна. Үүнийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор 50.988.425.60 ам.долларыг шүүхэд төлөөгүй тохиолдолд арбитрын шийдвэрт давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Хүү болон зардлын талаар шийдвэрлэсэн хэргийн талаар:
Стантарт банк болон бусад нэхэмжлэгч Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд хандан гаргасан нийт нэхэмжлэлийнхээ хүрээнд шүүх ажиллагааны явцад зарцуулсан зардал, хүүг тооцуулж авах нэхэмжлэлийг Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.
2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхээс 2009, 2010 оны “Зээлийн гэрээ”-үүдэд холбогдох маргааны зардлын төлбөрт 14,438,164.00 ам.доллар, хүүгийн төлбөрт 26,782,381.74 ам.доллар, арбитрын шүүхийн төлбөрт 476,831.75 фунт стерлингийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аар төлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХ-ийн эд хөрөнгийг илрүүлэх тухай шийдвэрлэсэн талаар:
Стандарт банк нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг илрүүлэх агуулга бүхий хүсэлт гаргасан. Уг арбитрын шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөрөнгийн мэдээлэл гаргуулах тухай захирамж гаргаж Эрдэнэт үйлвэр ХХК-ийн гадаад, дотоодод байх 500,000.00 ам.доллараас дээш өртөг бүхий эд хөрөнгийн талаарх мэдээлэл, дансны дэлгэрэнгүй мэдээлэл, авлагын мэдээлэл, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш 500,000.00 ам.доллараас дээш үнийн дүнтэй гүйлгээ хийгдсэн бүх гүйлгээний мэдээллийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дотор Стандарт банкинд хүргүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид давж заалдах гомдол гаргах хүсэлтийг Английн худалдааны дээд шүүхэд гаргасныг шийдвэрлээгүй байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг санхүүгийн мэдээллээ ил болгох шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг Стандарт банкаас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн дээд шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Английн дээд шүүхийн шүүгчийн захирамжийг зөрчсөн болохыг тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргах зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн байна.
Шүүх, арбитрын шийдвэрийн дагуу Стандарт банкинд олгох төлбөр болон одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар:
Английн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 2009, 2010 оны үндсэн зээлийн гэрээний төлбөрт нийт 50,988,425.60 ам.доллар/цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хам/, шүүхийн ажиллаагааны зардал болон хүүнд нийт 44,362,608 ам.доллар /цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хамт/, нийт 95,351,033.60 ам, долларыг Стандарт банкинд төлөх бөгөөд уг төлбөрийн хүү сар бүр 870,000-900,000 ам.доллараар өсөж, 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 101,000,000 ам.доллар болоод байна.
Монгол Улс 1958 онд батлагдсан Монгол Улсын Олон улсын гэрээ, газаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцид 1994 онд нэгдэн орсон бөгөөд энэхүү гэрээнд зааснаар иргэн, хуулийн этгээдийн хооронд гарч болох маргааныг шийдвэрлэсэн бусад улсын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх үүрэг хүлээсэн.
Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас үндсэн нэхэмжлэлтэй холбоотой гарсан шийдвэрүүдийг хянуулах зөвшөөрөл авахаар Английн дээд шүүхэд хандсан боловч уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд уг маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компаниас ялах магадлал тун бага гэсэн зөвлөмж ирүүлээд байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Стандарт банкны нэхэмжлэлтэй уг асуудлаар удаа дараа хуралдаж, болзошгүй өр төлбөрийг компанид хохирол багатайгаар шийдвэрлэх талаар хэлцэл хийх эрхийг компанийн гүйцэтгэх удирдлагад өгсөн.
Мөн Стандарт банктай хэлцэл хийх замаар холбогдох төлбөрийн хүүг зогсоож, төлбөрийг барагдуулах саналыг Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар сонсож, энэ талаар тодорхой чиглэл өгсөн.
Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд энэхүү үүсээд байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд хүрсэн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүн Танд мэдэгдэх болно.
Эх сурвалж: Zasag.mn
1 comment
Тэжээгч эхдээ хоноцын сэтгэлээр хандсан хогийн дарга нарийг дэлхийгээр булхайгаа дэлгэсэн хохь чинь гэж хараахад би өөрөө хохирогч юмдааа ХОГИЙН ХУЛГАЙЧууд эрүүл саруулаар сэтгэж амьдрахад орон зай гаргахгүймаааа л.лр..д ч.нь