Монголын зэвсэгт хүчин НҮБ-д энхийг сахиулаад 15 жил болж байна. Харин цагдаа-гийн байгууллагаас олон улсад ажилласан нь саяхан. Салбартаа түүчээ болж НҮБ-д алба хаасан анхны Монгол цагдаа бол Хууль сахиулахын их сургуулийн Ахисан шатны боловсролын сургуулийн Гадаад хэлний сургалтын багийн ахлагч, цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал юм. Түүнийг Хойд суданд 1.6 жил үүрэг гүйцэтгээд өнгөрсөн пүрэв гаригт эх орондоо ирэхэд нь “Монгол Улсын төлөө” буландаа зочноор урилаа. Дэд хурандаа “Гэр бүлийнхэнтэйгээ золгож амжлаа. Халуун орноос ирсэн болоод тэр үү, Монгол хүйтэн байна ” гэсээр бидний яриа эхлэв.
ДӨРВӨН ҮЕ ДАМЖСАН АРМИЙН ГЭР БҮЛ
Энхийг сахиулсан талаарх “халуун сэдэв”-ээ түр азнаад Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргалын гэр бүл, ажил албаных нь талаар асууж сонирхсон юм. Тэрээр Улаанбаатарт төрж өссөн ч аав нь Говь-Алтай, ээж нь Завханых учраас Алтай нутгаар овоглодог гэнэ. Аав,ээжээсээ эхлээд дөрвөн үе дамжсан цэргийн гэр бүл. Аав нь Монголын хамгийн анхны сөнөөгч онгоцны штурман, ОХУ-д бэлтгэсэн анхны нисгэгчдийн нэг.
Ээж нь Батлан хамгаалах их сургуульд 35 жил ажилласан. Дүү нар цэргийн хүмүүс. Хүү нь ОХУ-д Цэргийн инженерийн академид сурч байгаа гээд үе удмаараа Монголын армид хүчин зүтгэж яваа бахархалт гэр бүл аж. Харин ярилцлагын зочин маань гэр бүлийнхнээсээ ганцаараа цагдаа руу “урвасан” нэгэн. Анх цэргийн хүн байсан ч цагдаагийн албаны томилолт өвөртөлж, басхүү НҮБ-д данстай анхны цагдаа болох хувь тохиосон нь энэ.
Д.Энхжаргал аавын¬хаа зөвлөснөөр Олон улсын харилцааны сургуульд элсэж 1994 онд төгсөөд БХИС-д Герман хэлний багшаар ажиллажээ. Тухайн үед Монгол, Германы Батлан хамгаалах яам офицер оюутнуудыг солилцох хамтын ажиллагааны суурь тавигдаж байхад анхны багшаар томилогдож зургаан жил ажиллажээ. Дараа нь Германд Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалаад 2004 онд Монголд ирсэн байна.
Тэгээд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга, Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнд судлаачаар ажиллаж байтал ЦЕГ-аас цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхээр Гадаад хэлний сургалтын төв байгуулж, даргаар нь ажиллахыг урьснаар цэргийн гэр бүлээс цагдаагийн байгууллагад хүчин зүтгэх гараа эхэлсэн түүхтэй.
Дэд хурандаа Д.Энхжаргал “Сургалтын төвд бүх зүйлийг шинээр эхэлсэн. Харанхуй коридор хар ногоон өнгөөр будсан ханатай гурван заал хүлээж аваад хамт ажилласан гурван багштайгаа хөвөнтэй өмд цамц өмсөөд ажлаа эхэлж байлаа. Сургалтын материаллаг баазаа бэхжүүлэх, хөтөлбөр стандартыг бий болгох гэж зүтгэсэн. Цагдаагийн албан тушаал дээр ажиллаж байгаа хүн гадаад хэлний ямар мэдлэгтэй байх ёстой юм гэсэн стандартыг тогтоохоор ажиллаж байна.
2020 он гэхэд бий болгох зорилтыг тавьсан. Германд бол англи, франц хэл, АНУ-д араб хэл нэгдүгээрт тавигддаг. Үүнтэй ижил манайд орос, англи, хятад хэлний мэдлэгтэй байх ёстой. Одоо бол анхныхаа шатанд хөл дээрээ бүрэн тогтсон гэж үзэж байгаа. Стандарттай болоод цагдаагийн олон албан хаагчийг НҮБ-ын цагдаа гэсэн нэрээр энхийг сахиулагч цагдаагийн албаны чиг үүргээр явуу¬лахыг зорьж байна” гэв.
ЖЕНДЕР ОФИЦЕР
Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал, дэд хурандаа В.Отгонбаяр нар 2016 оны наймдугаар сараас эхлэн НҮБ Африкийн холбоо хам¬тар¬сан энхийг дэмжих ажиллагааны хүрээнд Хойд суданд үүрэг гүйцэт¬гээд ирсэн юм. Цагдаагийн албан хаагчид энхийг сахиулах ажиллагаанд явах болсон талаар Д.Энхжаргал “Цагдаагийн албан хаагчдыг армитай адилхан хэмжээнд энхийг сахиулах ажиллагаанд явуулахыг зорьсон салбарын удирдлагуудын дэмжлэг их байсан.
Хэлний бэлтгэл, ажиллагааны өмнөх бэлтгэл, зэвсэг техник гээд маш их тэсвэр тэвчээр, хөдөлмөр шаарддаг. НҮБ-аас өндөр шаардлага тавьж өөрсдөө ирж шалгалт авдаг. Ажиллагааны газар очоод дахин шалгалт өгдөг. Хоёр сар гаруй эргүүлийн офицероор ажилласны дараа нээлттэй ажлын байранд өрсөлддөг” гэсэн юм.
НҮБ-ын мандаттай цагдаа зэвсэгт хүчний энхийг сахиулагчдаас гүйцэтгэх үүргийн тухайд огт өөр гэнэ. Зэвсэгт хүчнийхэн ажиллагааны газар очсоны дараа хуваарийн дагуу шууд үүрэг гүйцэтгэдэг бол цагдаагийн алба хаагчид орон нутагт Эргүүлийн офицероор ажилладаг аж. Түүний дараа нээлттэй ажлын байранд бусад улс орныхонтой өрсөлддөг юм байна.
НҮБ-ын мандатын дагуу ажиллагааны 70 хувь нь цагдаа олон нийтэд чиглэдэг учраас иргэдтэй хамгийн ойр ажилладаг гэнэ. Өөрөөр хэлбэл, ард иргэд, НҮБ-ын энгийн ажилтнуудыг хамгаалах, Аюулгүй байдлыг тогтворжуулах буюу эргүүл хийж хяналт тавих. Судан улсын цагдаа нарт тусламж дэмжлэг үзүүлж сургаж мэргэшүүлэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг байна. Харин Д.Энхжаргал гол төлөв эмэгтэйчүүдтэй ажиллаж охид, бүсгүйчүүдийг хамгаалах, хүний эрх хаана, хэрхэн зөрчигдөж буйг илрүүлэхэд голлон ажилласан байна.
Энэ хүрээнд тэндхийн цагдаа болон олон улсын багийнхантай хамтран сургууль, хорин ангиудад “Охид, эмэгтэйчүүдийг хамгаалах” чиглэлийн сургалт, лекцийг цөөнгүй хийжээ. Тэрээр “Африкт эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг учраас эмэгтэй цагдаа нар байнга эргүүлд явж хүмүүстэй уулздаг. Хүмүүс нь бүрэг, ядуу амьдралтай учраас заримдаа 5-10 төгрөг өгч яриулах хэрэг гарна. Яагаад гэвэл Монгол Улсын цагдаа яаж ажилладаг, мэдээлэл олдог, хүмүүстэй харилцаж чаддагийг харуулахыг зорьсон.
Хамгийн гол нь эрэгтэй хүнтэй адил тэгш эрхтэй, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхтэй гэдгийг тэндхийн эмэгтэйчүүдэд ойлгуулах ёстой. Монгол эмэгтэй цагдаа офицер юу хийж чадах вэ гэдгийг харуулахын тулд маш сайн ажиллах шаардлагатай. Энхийг дэмжих ажиллагааны хүрээнд Цагдаагийн газар болгоны хажууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг жендер офицерын албыг байгуулсан. Энэ албыг чадавхжуулахын тулд бүгдийг хийх ёстой.
Бэлгийн хүчирхийллээс гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн мөлжлөг маш их бий.Хөвгүүдийг 13-14 настайгаас нь цэрэгт татаад буу үүрүүлээд явуулдаг. Насанд хүрээгүй охидыг хүчээр хүнтэй суулгах гээд хүний эрх зөрчигдсөн зүйлс их. Эдгээрийг аль болох болиулахын тулд ухуулан таниулах, эр¬хийг нь ойлгуулах ажлыг хийдэг. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийг цагдаа¬гийн байгууллагад элсүүлэх, хөгжүүлэхийн тулд өөрсдөд нь мөнгө төлдөг гадаадын төсөл хэрэгждэг” гэлээ.
Ийнхүү олон улсад аюулгүй байдлын зэрэглэлээр хоёрдугаар буюу цагийн байдал тогтворгүй, ядуу, зүдүү цөл нутагт Монголын цагдаа эмэгтэй үүргээ амжилттай гүйцэтгээд иржээ. Тэрээр охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд бусдыг манлайлан Олон нийтийн цагдаагийн албанд тушаал дэвшин ажиллаж, Олон улсын цагдаагийн эмэгтэйчүүдийн багийг байгуулсан байна. Эх орондоо ирэхээсээ өмнө НҮБ, Африкийн хамтарсан энхийг дэмжих ажиллагааны цагдаагийн хүчний штабт Ажиллагааны газрын олон нийтийн цагдаа ба жендерийн хэлтсийн олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа хариуцсан хөтөлбөрийн чиглүүлэгч ахлах офицерын албан тушаалд ажиллаад иржээ.
Дэд хурандаа Д.Энхжаргал зөвхөн албаны үүргээ гүйцэтгээд зогсохгүй тэндхийн ядуу тарчиг амьдралтай иргэдэд амьдрах ухааны сургалт явуулж сертификат олгосон гэнэ. Гэрчилгээтэй л бол ажилд орох боломжтой учраас төсөл санаачлан тухайн бүс нутагт хамгийн элбэг байдаг хүнсний ургамлаар амин дэмтэй ямар хоол хийж болохыг зааж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон эмнэлэг, цагдаагийн байгууллагад нь компьютер зэрэг шаардлагатай зүйлсийг хандивласан байна. Мөн Монгол Улс, Фижи, Саломон арлын улс, Самоа улсын нийт 23 энхийг сахиулагч нар хамтран зохион байгуулсан медаль парадын үеэр НҮБ ба Африкийн холбооны “Энхийн төлөө” медалиар шагнуулжээ. Түүнийг эх орондоо ирэхэд нь хамт олон нь сэтгэл дүүрэн бахархалтайгаар угтан авсан юм.