АНУ-ын нэгэн баян, 72 настай Роберт Бигелоу 2021 онд сансарт зочид буудал нээхээр төлөвлөж байна. Тэрбээр хөвдөг зочид буудал байгуулах гэж байгаа нь олон хүний сонирхлыг татаж байна.
Бигелоугийн “Bigelow Aerospace” компани цагтаа Пентагоны нууц хөтөлбөрийн хүрээнд харь гарагийг хайхад ихэнх үйл ажиллагаагаа зориулжээ. Гэвч тус компани харь ертөнц байдаг гэсэн дүгнэлтэд бүрэн хүрч чадаагүй юм.
Хэдий тийм боловч Роберт Бигелоу харь гараг байдаг гэдэгт, дэлхий дээр харь гарагийн хүмүүс ирсэн гэдэгт итгэдэг.
Харин сансарт хөвдөг зочид буудлыг түүний “Bigelow Space Operations” хэмээх шинэ компани нь байгуулах юм. Уг зочид буудал нь сансарт хөөргөх В330 хэмээх хоёр модуль бүхий сансрын станцын нэг хэсэн болох юм. В330-1, В330-2 модулийг 2021 он гэхэд хөөргөхөд бэлэн болгох аж. Хэрвээ бүх зүйл төлөвлөгөө ёсоор явагдвал 17 метр урт модуль сансрын тойрог нэгдсэн станцтай нэгдэх юм.
Одоохондоо зочид буудлын өрөө ямар өртөгтэй нь тодорхойгүй байна. Төсөл хэрэгжиж эхлэх үедээ найман оронтой тоо буюу 10 сая доллараар яригдаж байгаад сүүлдээ долоон оронтой тоо руу буурах магадлалтай.