Төв аймгаас шилжин ирж, Баянзүрх дүүргийн XXI хороо, Сэлбэ гол орчимд суурьшсан иргэн Э бол орох оронгүй болох дөхсөн хүмүүсийн төлөөлөл. Тэрбээр эхнэр, хоёр хүүхдээ дагуулаад гэр барьсан хашаанаасаа хэзээ мөдгүй хөөгдөхдөө тулаад буй. 2016 оны зун нийслэлд суурьшихаар шийдэж хашаа авахаар эрэлд морджээ.
Сургууль, цэцэрлэг, автобусны буудал, худаг зэрэг үйлчилгээнд ойрхон хашааны үнэ түүнд дэндүү өндөр санагдаж, гэрийнхнээ нутаг буцааж, өөрөө Улаанбаатарт үлддэгийн даваан дээр аз тохиож. Тэр нь өдгөө амьдарч буй 0.03 га хашааг нь дөрвөн сая төгрөгөөр худалдах зарлал байж. Зар өгсөн хүнтэй холбогдож, хашааг нь үзэж гэнэ. Яг л сонирхолд нь нийцсэн, басхүү хямд учраас тэрбээр шууд л авахаар шийджээ. Ингээд хашааны эзэн гэх эмэгтэйд мөнгөө төлж, газрын гэрчилгээгээ долоо хоногийн дараа шилжүүлж авахаар тохиролцсон аж.
Гэвч өнөөх эмэгтэй элдэв шалтгаан тоочин гэрчилгээг нь өгөлгүй 2017 оны нэгдүгээр сар хүргэв. Яг энэ үед Э-гийнхээс гадна хэд хэдэн айлын гэр, хашаа нь усанд автаж, хороо, дүүргийн ажилтнууд тэднийг нүүхийг шаардсанаар хэрэг мандсан байна. Тухайн хэсэгт газар өмчлүүлдэггүй, мэхлүүлсэн гэдгээ тэр мэдсэн аж. Ингээд нөгөө эмэгтэйтэй холбогдох гэсэн ч чадалгүй өнөөдрийг хүрчээ. Өөрөөс нь гадна хоёр хүнийг залилсан болохыг хожим мэдсэн байна. Хашаа зарсан овжин эмэгтэй тэдэнд нэрээ өөр өөрөөр танилцуулсан учир олох боломжгүй гэдгийг цагдаагийнхан хэлсэн гэнэ.
МЭДЛЭГГҮЙН УРШИГ
Одоогоос дөрвөн жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг, Толгойт орчимд найман сая төгрөгөөр зуны жижиг байшинтай хашаа худалдаж аваад хохирсон иргэн бий. “Төв замд ойрхон, уг нь 15 сая төгрөгөөр худалдах гэж байсан юм. Гэнэт гадагшаа явах болсон тул хямд зарахаар шийдлээ” хэмээн 20 гаруй настай эхнэр, нөхөр хоёр С-д хашаа, байшингаа худалджээ. Газрынх нь хэмжээ том, бичиг баримт нь бэлэн байсан тул эргэлзэх зүйлгүй худалдаж авсан байна. Дархан-Уул аймгаас шилжиж ирээд удаагүй, айлын хашаа түрээсэлж байсан С газартай болсондоо баярлаж, ах, дүү нараасаа мөнгө зээлж хашаандаа дэлгүүр барьж, жижиг байшинг нь дулаалахаар зэхэж эхлэв.
Гэтэл нэг өдөр огт танихгүй хүмүүс ирж, түрээсийн төлбөрөө өгөхийг шаарджээ. Тэдэнд уг хашааг худалдаж авсан, бүх асуудлаа хуулийн дагуу шийдсэн талаараа хэлсэн ч хэрэгт унах дөхсөн гэнэ. Тэд хашааны жинхэнэ эзэд байж. Хашаа, байшинг нь түрээсэлж байсан хүмүүс С-д зарчихсанд итгээгүй учраас цагдаагийн байгууллагад ханджээ. Ингээд С өөрт нь байгаа гэрчилгээг хуурамч гэдгийг мэдэв. Түүнд хашаа худалдсан хүнийг олсон ч хохирлоо бүрэн барагдуулж чадалгүй, 3.8 сая төгрөг л аваад салжээ.
Эд бол газартай болох гээд хохирсон хүмүүсийн төлөөлөл. Газартай л болж байвал хүсэл нь биелэх гэж буй мэт санадаг хүмүүсийн төлөөлөл ч гэж болно. Э, С нартай адил ийн залилуулсан хүн Улаанбаатарт цөөнгүй бий. Ялангуяа орон нутгаас шилжин ирж буй хүмүүс хохирогч болдгийг албаныхан хэлэв. Хэрхэн ямар аргаар газар өмчилж авах талаар ямар ч мэдлэггүй, дэлгүүрээс талх худалдан авахтай ижил санагддаг учраас хуурч мэхлэхэд хялбар байдаг учраас тэр гэнэ. Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихэссэн учир хотод газар тун хомс болсон. Тэгвэл энэ төрлийн залилан үйлддэг хүмүүс хотын зах болон буухыг хориглосон газарт хашаа хатгаад худалддаг болжээ.
Баянзүрх дүүргийн XXI хорооны Засаг дарга Б.Наранцэцэг “Манай хороонд ийм тохиолдол олон гарсан. Нэгэнт амьдарч болохгүй тул хохирсон байсан ч нүүлгэхээс өөр аргагүй. Иргэд газар худалдаж авахдаа болгоомжтой хандаж, сайтар судлах шаардлагатай. Хорооны нутаг дахь сул газрууд цөм эзэнтэй болчихоод байна шүү дээ. Зам тавих ч газаргүй болох дөхсөн” гэв. “Нэг үе “Энэ хэсгийн газрыг иргэдэд өмчлүүлэх төлөвлөгөө гарсан. Хашаа барьчихвал бусдаас давуу эрхээр өмчилж авах боломжтой. Би барьсан хашаагаа хямд зарна” хэмээн залилдаг байсан.
Үүний дараа хориглосон газарт хашаа хатгачихаад түүнийгээ худалдаж, зугтдаг болсон. Холбогдох албаныхан сануулсаар байхад хүмүүс залилуулдаг. Хүн бүр л газартай болохыг хүсдэг учраас тэр байх. Гэхдээ сүүлийн жилүүдэд ийм хэрэг мэдэгдэхүйц багассан” хэмээн нийслэлийн Газрын албанд 20 гаруй жил ажилласан нэгэн эрхэм ярьсан юм.
Тэгвэл энэ төрлийн залилан эргээд ихсэх хандлагатай болов. Олон нийтийн сүлжээгээр “Газар зарна”, “Газраа өмчилж аваагүй хүмүүст тусална” гэх зар олшров. Шалтгаан нь Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусахтай холбоотой аж. Ийм зарлал өгсөн зарим хүнтэй холбогдож хэрхэн туслахыг нь асуухад аль дүүргийн иргэн болох, хаана газар авах хүсэлтэй байгааг минь лавлав.
Тэдний ярьж буйгаар газрын албадад таньдаг хүн бий. Өгөх “хандив”-ынх нь хэмжээнээс шалтгаалж газрын хэмжээ, байршил ондоо байна. Бас гэрчилгээг нь шуурхай гаргах гэнэ. Өдийд нь бичиг баримтаа бүрдүүлж өгвөл намар гэхэд гэрчилгээгээ авчихна зэргээр мэдээлэлгүй хүн бол тэдэнд итгэмээр сайхан амлалт өгдөг юм билээ. Гэхдээ тэдний хэлсэнчлэн “Газрын албанд таньдаг хүн бий” гэх үгийг үл ойшоож болохгүй бололтой.
Хамгийн сүүлд энэ сарын эхээр залилуулсан иргэн нийслэлийн Газрын алба (НГА)-нд хандав. Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Б рүү үл таних хүн утас цохиж, өөрийгөө нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Б хэмээн танилцуулж, “Танд зуслангийн газар олгохоор болсон тул та Батсүх гэх хүний нэр дээрх Хаан банкны … тоот дансанд яаралтай мөнгөө тушаана уу” хэмээжээ. Үүний дагуу Б тухайн данс руу 40 000 төгрөг шилжүүлсэн гэнэ. Ингээд маргааш нь НГА-нд биеэр очиж, “Танай албанаас над руу холбогдсоны дагуу мөнгөө тушаачихлаа. Одоо хэнд хандах вэ” хэмээжээ. Үүний дагуу тус албаныхан сэрэмжлүүлэг гаргаад буй.
НГА-ныхан энэ талаар “Манай мэргэжилтнүүд иргэн рүү шууд холбогдож хувийн дансаар мөнгө шилжүүлж авдаггүй. Тэгээд ч Газрын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Нэр нь дурдагдсан Б 2013-2016 онд манай албанд ажиллаж байсан. Одоогоор ганц энэ хүн хандаж буй хэдий ч өөр хүмүүсийг залилсан байхыг үгүйсгэхгүй” хэмээн ярив. Мөн “Газартай болгоно” гэх нэрийдлээр залилах хэрэг цөөнгүй гардаг, хотын зах орчимд газар худалдаж аваад хохирсон хүн нэг бус байдгийг ч хэлсэн. Цахимаар газар өмчлүүлэх үйл явцыг ашиглан 30 гаруй хүнээс мөнгө авсан байсныг тухайн үед ажиллаж байсан мэргэжилтнүүд нь ярив.
Өөрөөр хэлбэл, газартай холбоотой залиланг мэдээлэлтэй хүмүүс үйлддэг гэсэн үг. Баянзүрх дүүргийн нутаг, Хужирбулан, Гачуурт дахь 20 гаруй иргэний газрыг “Кадастрын бүртгэлд байгаагүй” гээд өөр хүний нэр дээр шилжүүлсэн байдаг нь ч үүнтэй холбоотой байж болзошгүйг учир мэдэх хүмүүс хэлсэн юм. “Өнөө жил зуслангийн бүс дэх цөөнгүй нэгж талбарыг өмчлүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс үүнийг мэдэж буй хүн л ийм зүйл ярьж, бусдыг залилж чадна. Газрын албанд ажилладаг бүх хүнийг үүнд хамруулж байгаа юм биш. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх хугацаа дуусах дөхсөн ийм үед хаа хаанаа хяналтаа сайжруулах шаардлагатай” хэмээх анхааруулгыг тэд өглөө.
Цахим хуудсаар хэрэн тэнүүчилж буй газартай холбоотой зарлалыг холбогдох байгууллагынхан анхааралдаа авах цаг нэгэнт болжээ. Эс бөгөөс эрэлт далимдуулсан залилан тасрахгүй нь.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин