Хаврын эхэн сарын шинийн 15-н хүртэл Сүхбаатар аймгийг зорих хүмүүс их бий. Энэ жил Алтан-Овоо, Шилийн Богд руу хийморио сэргээхээр явж буй иргэдэд орон нутгийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргажээ. Шилийн Богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан тул Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн зорчих боломжтой гэнэ.
Ингэхдээ автомашины аюулгүй байдлыг хангаж туулах чадвар сайтай автомашинтай явах, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байх, аюулгүй байдлаа сайтар хангахыг анхаарууллаа. Тус аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу зорчихгүй байхыг зөвлөсөн байна. Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос гурван сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг юм.