УИХ-ын намрын чуулган завсарлаж улс төрийн халуун түр намдаж байна. Өнгөрсөн чуулганаар 125 хууль, УИХ-ын 54 тогтоол баталжээ. Энэ дунд намрын чуулганы хамгийн нүсэр ажил болох Төсвийн тухай хууль багтана. Уг хуулийн хүрээнд сургууль, цэцэрлэгийг бүх хүүхдэд хүртээмжтэй болгох асуудлыг шийдсэн, “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн зэрэг олон зүйл бий. Мөн Төрийн албаны тухай хуулийг онцолж болох юм. Аль нэг намын өнгөн дээр хуугаараа солигдох шахдаг төрийн албыг дархлаатай болгоход нэг алхам хийсэн явдал боллоо.
Түүнчлэн өнгөрсөн чуулганы хугацаанд Засгийн газар огцорч, эрх баригч намын УИХ-ын гишүүд хоёр хуваагдаад бужигнаад авав.
Шинэ Ерөнхий сайд, Засгийн газраа томилох асуудлаар багагүй цаг хугацаа алдсан. Үүн дээр хууль санаачлах эрхтэй гурван төвийн нэг шинэ Ерөнхийлөгчийн зүгээс хууль орж ирсэнгүй. Өмнөх Ерөнхийлөгчийн үед ярилцаж эхэлсэн зарим хуулиудыг л хэлэлцсэн байна.
Энэ өнцгөөс харахад бага ажилласан мэт санагдах боловч УИХ-ын Тамгын газраас хийсэн мэдээллийн үеэр “2016-2018 онд УИХ 493 хууль баталсан бол 2012-2016 онд 269, 2008-2012 онд 201 хууль баталсан байгаа юм. Харьцуулахад энэ УИХ нэлээд ачаалалтай ажилласан” хэмээж байлаа. Хэдийгээр өмнөх чуулгануудтай нь хамтатган гаргасан дүн боловч энэ УИХ чамгүй ажиллаж байгаагийн нэг нотолгоо нь дээрх харьцуулалт мөн. УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан тасалсан цагийн хувьд ч харьцангуй бага байгаа аж.
Мэдээж ард түмний төлөөлөл болсон 76 гишүүн бүгд адилгүй. Уран цэцэн үг хэлдэг, шүүмжлэлт үзэлтэй хэрнээ хууль санаачлах, хуралдаа суух тал дээр хойрго нэгэн байхад тэр болгон юмны урд дуугардаггүй атлаа чуулгандаа “яс” суудаг гишүүд бий. Сүүлийн үед МАХН-ын төлөөлөл О.Баасанхүү болон АН-ын бүлгийн гишүүд чуулганы ирцийг шүүмжлэх болсон. Хуралдааны эхэнд картаа хийж ирцээ өгчхөөд алга болдог гишүүдээс шалтгаалан чуулганы танхим эль хуль өдрүүд ч байлаа. Хуулийн төсөл ирцээс шалтгаалан унасан явдал ч гарч байв.
Энэ бүхнээс шалтгаалан парламент сурвалжлах эрх бүхий зураглаач, зурагчныг чуулганы танхим гишүүд ихтэй үед хоёр минут оруулдаг зохицуулалт хийсэн нь сэтгүүлчдийн ч дургүйг хүргээд авсан. Эдгээр шүүмжлэлүүдийн хариу болж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулаад байгаа. Уг хуулийн төслөөр бол чуулган тасалдаг гишүүдийг эгүүлэн татах хүртэл хариуцлага ногдуулна. Түүнийг нь ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хүлээлт бий.
Тэгвэл хамгийн сүүлийн “дэггүй” чуулганы хамгийн, хамгийнаар хэн хэн тодорч буйг сонирхуулъя. Нэгэн зүйл тодруулахад дор дурдсан тоонууд нь зөвхөн чуулганы хуралдаантай өдрүүдийн мэдээлэл юм. Чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригуудад хуралддаг бөгөөд энэ өдрүүдэд хэн нь ямар шалтгаанаар ирээгүй тухайг оруулсан болно. Нэг үгээр Н.Амарзаяа гишүүн нэг удаа орон нутгийн томилолттой байсан нь нутагтаа нэг л өдөр ажилласан хэрэг
Чуулганы хуралдааныг хамгийн олон тасалсан гишүүд:
Өнгөрсөн намрын чуулганы хуралдаан нийтдээ 39 удаа болжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүү 34 хуралдаанд суугаагүйгээрээ тэргүүлж байна. Ингэхдээ есөн удаа чөлөө авсан бол 25 удаа тасалжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 22 хуралдаанд оролцоогүй бөгөөд таван удаа орон нутгийн томилолттой таарсан бол 17 удаа тасалсан байна. Тэдний араас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, С.Эрдэнэ нар зургаан удаагийн таслалтаар оржээ.
Хуралдаан таслаагүй гишүүд:
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан нар чуулганы хуралдааныг нэг ч удаа таслаагүйгээр барахгүй ганц ч удаа хоцроогүй байх аж. Тэдний араас УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар удаалж байна. Тэрбээр чуулганд суугаагүй нэг өдрөө эмнэлгийн чөлөөтэй байсан байна. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Д.Дамба-Очир, Д.Тогтохсүрэн нар 38 удаа чуулгандаа суусан бөгөөд нэг удаад нь бүгдээрээ орон нутгийн томилолттой таарчээ. Тэдний араас Н.Амарзаяа гишүүн 37, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 36 удаа чуулганы хуралдаанд суусан үзүүлэлтээр удаалж байна.
Хуралдаанаас хоцрогсод:
Хэдийгээр таслалтаас дээр ч Ц.Нямдорж гуай нэг хэсэг хуралдаан даргалахдаа сүрхий шүүмжилсэн хүмүүс бол хоцрогсод юм. Тэгвэл тэднийг УИХ-ын гишүүн С.Батболд 15 удаагийн хоцролтоор тэргүүлсэн байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан 14 хоцролтоор аман хүзүүджээ. Тэдний араас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, ТАюурсайхан, З.Нарантуяа нар найм, С.Эрдэнэ долоон удаагийн хоцролтоор жагсчээ.
Чөлөө авсан гишүүд:
Намрын чуулганы 39 удаагийн хуралдаанаас УИХ-ын гишүүн Н.Учрал 12 удаа чөлөө авснаар тэргүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Наранхүү есөн удаа чөлөө авсан тухай дээр дурдсан. Тэдний араас УИХ-ын гишүүн С.Жавхлан, Б.Чойжилсүрэн нар найм, Д.Оюунхорол, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат нар долоон удаа чөлөө авсан үзүүлэлттэй байжээ.
Гадаад томилолтоор явсан гишүүд:
Өнгөрсөн чуулганы нийт хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж есөн удаа гадаад томилолттой байж таарсан байна. Тэгвал УИХ-ын гишүүн Я.Содбаатар найм, Х.Нямбаатар долоон өдрийн хуралдааны үеэр гадаад томилолттой байжээ. Тэдний араас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Мурат нар тус бүр зургаан удаа гадаад томилолттойгоор орсон байв.
Эрүүл мэндийн чөлөө авсан гишүүд:
Чуулганы хуралдаанаас УИХ-ын гишүүн Ц.Гарамжав эмнэлгийн чөлөө 11 удаа авчээ. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Батболд эмнэлгийн чөлөө 10 удаа авсан байна. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, ТАюурсайхан нар зургаан удаа, Л.Элдэв-Очир зургаан удаа эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаанаас чөлөөлөгдсөн аж.
Орон нутагт ажиллагсад:
Намрын чуулганы хуралдаанаас УИХ-ын дэд дарга Я.Санжмятав 11 удаа орон нутагт ажиллаж буй гэсэн шалтгаанаар чөлөөлөгдсөн байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун долоо, Б.Дэлгэрсайхан, Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат нар зургаан удаа орон нутгийн томилолт өвөртөлж таарсан байна.
Хамгийн их үг хэлсэн гишүүд:
УИХ-ын гишүүн О.Баасанхүү намрын чуулганы үеэр 49 удаа үг хэлсэн нь 188 минут үргэлжилжээ. Үүнээс гадна 76 удаа асуулт асуусан амжилтаар энэ төрөлдөө тэргүүлж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 36 удаа үг хэлсэн нь 142 минут болсон бөгөөд 70 удаа асуулт асуусан аж. Түүний ард УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 35 удаа үг хэлсэн нь нийтдээ 137 минут болж, 64 удаа асуулт асуусан дүнгээр орж байна. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 26 удаа үг хэлсэн нь 101 минут болж, 49 удаа асуулт тавьжээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 22 удаа үг хэлсэн нь 89 минут болсон байна. Тэрбээр 39 удаа асуулт тавьжээ. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж 23 үг хэлсэн нь нийт 87 минут болсон бөгөөд 21 удаа асуулт асуужээ.
Үг хэлээгүй гишүүд:
Дээрхийн эсрэгээр Б.Наранхүү, Г.Солтан, Д.Сумъяабазар нар намрын чуулганы хугацаанд огт үг хэлж асуулт асуугаагүй байх юм. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа таван удаа асуулт асуусан ч үг хэлээгүй, УИХ-ын гишүүн Л.Энхболд нэг удаа үг хэлсэн нь дөрвөн минут үргэлжилсэн, Б.Батзориг нэг удаа дөрвөн минутаар, С.Батболд нэг удаа таван минутаар үг хэлсэн зэргээр дуу муутай хуралджээ.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин