Цагаан ордны хашааны дэргэд даваа гарагт өсвөр насны олон хүүхэд цугларч, хэвтээ эсэргүүцэл өрнүүллээ. Тэд Америкт зэвсгийн эргэлтэд тавих хяналтаа чангатгахыг шаардаж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Үүнээс тав хоногийн өмнө буюу энэ сарын 14-нд Флоридагийн нэгэн дунд сургуульд буудлага болж, 17 хүн амиа алдсан билээ.
Флоридагийн дунд сургуульд гарсан энэ халдлага нь 2012 оноос хойших сургуульд хамгийн их цус урсгасан алан хядах үйл ажиллагаа болсон юм. 2012 онд “Сэнди-Хук” дунд сургуульд халдлага болж, 26 хүн амиа алдсан билээ.
Харин хэвтээ эсэргүүцэл илэрхийлэх санааг дунд сургуулийн сурагч охид болох Элеанор Нехтерлайн, Уитни Боуэн нар анх гаргасан тухай CNN агентлаг мэдээлжээ. Эхэндээ өсвөр насны хоёр охины удирддаг “Өсвөр үеийнхэн зэвсгийн эргэлтэд тавих хяналтыг чангатгахын төлөө” групп 17 хүнийг цуглуулж, гурван минутын турш Цагаан ордны өмнө хэвтэх хүсэлт гаргажээ. Учир нь Флоридагийн дунд сургуулийн сурагч байсан 19 настай Николас Круз хэмээх алуурчин 17 хүний аминд хүрэхдээ ердөө л гуравхан минутыг зарцуулжээ.
Зохион байгуулагчид эхэндээ ойр дотны найз нөхөд, танилаа энэ арга хэмжээнд оролцохыг уриалсан ч олон нийтийн сүлжээнд энэ аян ихэд түгж, эсэргүүцлийн арга хэмжээнд өсвөр насныхан, эцэг эхчүүд, багш нар гээд 100 гаруй хүн оролцсон байна.
Зарим оролцогчид Флоридагийн сургуулийн буудалцаанд амиа алдсан хүмүүсийг дүрслэн газарт хэдэн минут хэвтжээ. Харин нөгөө хэсэг нь “Би дараагийнх нь уу?”, “Конгресс, Үндэсний буудлагын нийгэмлэг бидэнд хууль гаргаж өгөх үү?” гэсэн үг бүхий плакат “Хүүхдүүдийг хөнөөхөө боль” зэрэг лоозон барьжээ.
Зарим лоозонгоо сурагчид картонон хайрцагны өөдсөн дээр бичсэн байх бөгөөд “Сургууль бол айдсын газар биш”, “Зэвсгээ биш, хүүхдүүдээ хайрла”, “NRA, та нарын гарт цус байна” (NRA гэдэг нь АНУ-ын Үндэсний буудлагын нийгэмлэг) гэж өөрсдийнхөөрөө эсэргүүцлээ илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэвсэг худалдан авах үед худалдан авагчдын намтрыг шалгадаг холбооны хяналт шалгалтын системээ сайжруулах нь зүйтэй гэдэгтэй даваа гарагт санал нэгдсэн байна. Тэрбээр Бүгд найрамдах намаас сенатад суух Жон Корнинтой энэ сэдвээр намууд хооронд хуулийн төсөлд бэлтгэх асуудлыг хэлэлцжээ.
Хуулийн төсөлд зэвсэг худалдан авах шинэ хязгаарлалтыг огт дурдаагүй ч илүү нарийн шалгах шаардлагатай гэдгийг оруулж өгчээ.
Энэ сарын 14-нд Флоридагийн нэгэн дунд сургуульд 17 хүнийг буудаж хороосон Николас Круз нь зэвсгээ хуулийн дагуу, ямар ч зөрчилгүйгээр худалдан авсан юм. Америкийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Круз 2016 онд сэтгэцийн хувьд асуудалтай гэдгээс болж мужийн нийгмийн албаны анхааралд өртсөн хэдий ч өнгөрсөн жил долоон ширхэг винтов буу худалдан авч чаджээ.
Даваа гарагт болсон эсэргүүцлийн арга хэмжээнд зэвсгийн эргэлтийн хяналтыг эсэргүүцэгчид ч хүрэлцэн ирсэн байна. Тэд багш нарыг зэвсэглэх тухай лоозонг “Гутамшиг” хэмээн хүлээн авсан байна.
Сонирхуулахад АНУ-ын Үндэсний буудлагын нийгэмлэгээс багш нарыг зэвсэглэх шаардлагатай гэсэн санааг гаргасан билээ. Анх 2012 онд буюу “Сэнди-Хук” дунд сургуульд болсон буудалцааны дараахан сургуулийн багш, ажилчдыг зэвсэглэх оролдлого хийх оролдлого гарч байсан билээ. Гэвч энэ саналыг олонх нь хүлээн зөвшөөрөөгүй. “Дунд сургуульд дайны бүс болох ёсгүй” хэмээн 17 настай сурагч Роберт О’Брайен “NY Daily News” хэвлэлд мэдэгджээ.