Өмнөд Солонгост криптовалютын зохицуулалтыг хийдэг өндөр албан тушаалтан амиа алдсан байдалтайгаар олджээ. 52 наста Чон Ки Жуны цогцсыг гэрээс нь олсон байна. Урьдчилсан мэдээллээс үзэхэд тэрээр зүрхний шигдээсээр өөд болсон бололтой.
“Рёнхап” агентлаг мэдээлж буйгаар одоогоор цагдаагийнхан албан тушаалтны үхэлтэй холбоотой бүхий л баримтыг цуглуулж, мөрдлөг шалгалт явуулж байна. Өмнөд Солонгосын Засгийн газрын хэвлэлийн албаны тайлбарласнаар Чон Ки Жун нь криптовалютын зах зээлийн зохицуулалттай холбоотой бүхий л байгууллагад хяналт тавьж ажилладаг байсан гэнэ. Чон Ки Жуны найз нөхдийн хэлснээр тэрээр өнгөрсөн оны сүүлчээр энэ албан тушаалд томилогдсоноосоо хойш байнгын стресс дарамтад ордог байжээ.
Дашрамд дурдахад Өмнөд Солонгосын Хууль зүйн яам энэ оны эхээр криптовалютын зохицуулалтын хуулийг эрс чангатгаж, худалдаалахыг бүрэн зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсноо зарласан. Сүүлд нь тус улсын газар нутагт криптовалютын худалдааг хорьж эхэлсэн гэх мэдээлэл гарсан ч Өмнөд Солонгосын засаг захиргаа одоогоор криптовалютын биржийг бүрэн хориглох тухай яриа гараагүй гэжээ.
Энэ мэдээлэл криптовалютын ханш эрс савлахад хүргэсэн. Тухайлбал, хоёрдугаар сарын 5-нд биткойны ханш 7000 ам.доллар хүртлээ унааад байсан бол Сөүлээс таатай мэдээ ирсний дараа огцом дээшилжээ. Өчигдрийн байдлаар нэг биткойн 11.5 мянга гаруй ам.долларын ханштай болсон байна.