Чех Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский өнөөдөр Орхон аймагт ажиллалаа. Түүнийг аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзсан.
Ноён Ийржи Бродский уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Эрдэнэт уулын ордыг анх Чех Улсын хайгуулчид олж нээсэн байдаг. Энэ утгаараа миний бие орон нутаг дахь анхны томилолтоо Эрдэнэт хотоос эхэлж байгаадаа баяртай байна. Энэ онд Чех Улсаас Эрдэнэт хотод эрүүл мэндийн бичил төсөл хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасан. Мөн энэ оны 4-р сард Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 7-р хуралдаан болно. Энэ үеэр Чех Улсаас Монгол Улсад хийж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг болох “FINE EP” компанийн хэрэгжүүлж буй төсөл яригдана гэж бодож байна” гэсэн юм.
Тус улсын “FINE EP” компани хөрөнгө оруулж “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэж буй “Евро Эко Төгөл” хороолол манай аймагт хэрэгжиж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтад “FINE EP” компанийн удирдлага оролцсон.
Аймгийн Засаг дарга Д.Батлут тус улстай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн манай аймагт “Евро Эко Төгөл” хороолол төслийг хэрэгжүүлж буй “FINE EP” компани гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг онцлон хэлсэн юм. Тодруулбал, Тус компани “Евро Эко Төгөл” хороолол төслийн хүрээнд Цагаанчулуут багийн иргэдтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой тооны айлуудыг орон сууцанд оруулах, нийгмийн салбарын барилгууд буюу сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан байх ёстой. Энэ үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг хэллээ.
Чех Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский уг асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн бусад салбарт Чех Улсын ААН-үүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллана гэлээ.