Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг болон төв,  23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар их  хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 23-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Тэгвэл өчигдөр (2017.03.21) Увс, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Ховд аймгийн нутгаар их  хэмжээний цас оржээ. Энэ үеэр иргэд төөрч алга болсон, осгож нас барсан тохиолдол гарсан байна. Завхан аймгийн Баянхайрхан сумаас Нөмрөг сум орохоор Портер загварын ачааны автомашинтай хоёр иргэн 2017.03.20-ны өдрийн 03:00 цагт гараад Нөмрөг сумаас 33 км-т “Агуйтын дөрөлж” гэдэг газар машин цасанд суусан тул иргэн Х /62 настай, эрэгтэй / татах машин олохоор сум руу яваад сураггүй болсон гэх дуудлагын дагуу ОБЕГ-аас эрэн хайх ажиллагааг явуулж, сумын төвөөс 15 км-т “Сант толгойн-Ар” гэдэг газар  осгож нас барсан байдалтай  олдсон байна. Цогцсыг  Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мөн  Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн “Ямаан-Ус” гэдэг газар өвөлжиж байсан малчин Ц /57 настай, эмэгтэй/ малдаа яваад сураггүй болсон дуудлага өчигдөр (2017.03.21) 14:00 цагт  иржээ. Сураггүй болсон эмэгтэйг өнөө өглөө (2017.03.22) 04:00 цагийн орчим; онцгой байдлын ажилтнууд эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн “Буга-Уул” гэдэг газар хаваржиж буй  малчин С  өчигдөр оройны  21:00 цагт малдаа яваад сураггүй болсон аж.   Сураггүй болсон малчин эмэгтэйг  00:50 цагт гэрээс нь хойд зүгт 5 км-т Буурал багийн Цахир гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Одоогоор Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас иргэн О, иргэн  Р  нар өчигдөр буюу өдрийн 08:00 цагт мал тууж авчирахаар яваад сураггүй болсон, мөн аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар иргэн Я-гийн 10-15 насны 3 хүүхэд 22:30 цагт малтайгаа шуурганд уруудаж төөрсөн, Өмнөговь сумын Холбоо багийн “Орломт толгой” гэдэг газар гурван иргэн амаржих гэж байна гэсэн дуудлагаар 2017.03.21-ний өдрийн 14:40 цагт сумаас гарсан сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нар Трайл загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ. Онцгой байдлын аврах ангийн ажилтнууд  алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм байна.

Иймд:

-Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах

-Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах

-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн