Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 61 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид “Охид, эмэгтэйчүүдийн асуудлаарх Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, сорилт бэрхшээлүүд” сэдвээр сайн дурын илтгэлээ гуравдугаар сарын 17-нд танилцуулав.
Илтгэлд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ын хүрээнд охид, эмэгтэйчүүдийн хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, манлайлал ба улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхэд тодорхой амжилтад хүрснийг жишээ баримтаар танилцуулав. Улмаар эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавжуулах, жендерийн мэдрэмжтэй төсөв бүрдүүлэх тогтолцоог бэхжүүлэх, удирдах буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг улам бүр нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих, хувийн хэвшил дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүүг арилгах зэрэг асуудлыг “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж буйг танилцуулав.
Манай улсын илтгэлийн дараа Швейцарийн Холбооны Улс болон Японы төлөөлөгч үг хэлж, МХЗ-ын хүрээнд Монгол Улсын олсон амжилтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд хамтран ажиллах эрмэлзлэлээ нотлов.
Дашрамд дурдахад ЭАБК-ын 61 дүгээр чуулганы “Охид, эмэгтэйчүүдийн асуудлаарх МХЗ-ын хэрэгжилт, сорилт бэрхшээлүүд” сэдэвт хуралдаанд бүс нутгийг төлөөлөн Болгар, Словак, Либер, Морокко, Танзани, Мексик, Доминикан, Испани, Малта, Индонез, Монгол зэрэг 11 улс сайн дурын илтгэлээ танилцуулав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.