Увс аймгийн “Ойрад” театрын дарга Б.Лхагвасүрэнд холбогдох асуудлаар ХЭҮК-оос аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн байна. Үүнд,
Тус “театрын барилгыг 1956 онд тоосгон хана, чулуун суурь, шувуу нуруун дээвэртэйгээр барьж ашиглалтад оруулсан байх ба одоо хуучирч муудан аюулгүй ажлын байранд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон тул холбогдох арга хэмжээг авч, тус барилгыг шинээр барих, түүнд зарцуулагдах төсвийн асуудлыг даруй шийдвэрлүүлэх;
Аливаа аж ахуйн нэгж, байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор хууль, дүрэм, журамд заасны дагуу дуу, дүрс бичлэгийн камер, бусад техник хэрэгслийг ашиглаж болох хэдий ч түүнийг зөв зохистой газар байршуулах, түүгээр дамжуулан олж авсан баримт, мэдээллийг хувийн зорилгоор ашиглан өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэд түгээх, дамжуулах зэргээр хувь хүний нууцтай байх, нэр төртэй байх эрхэнд халдаж болохгүй байхад зарим уран бүтээлчдийн бичлэгийг тус аймгийн төрийн байгууллагуудын дарга нарын хурал дээр дэлгэцээр үзүүлсэн нь дээрх ажилтнуудын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэжээ.
Түүнчлэн шалгалтын хүрээнд ажилтнуудаас авсан нээлттэй санал асуулгаар “Та ямар нэгэн ажлын байрны дарамтад өртөж байсан уу?” гэсэн санал асуултанд нийт 58 ажилтан оролцсоноос 24 ажилтан буюу 41 хувь нь “тийм”, “Хэрэв тийм бол хэн дарамт учруулж байсан бэ?” гэсэн санал асуулгад нийт 22 ажилтан буюу 37.9 хувь нь удирдлагын зүгээс ажлын байрны дарамтыг үзүүлдэг гэж хариулсан байна.
Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Шаардлага хүргүүлээд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү” гэжээ.
Б.Лхагвасүрэн нь уран бүтээлчдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, ажилчдынхаа өрөөнд чагнах төхөөрөмж, бэлтгэлийн болон хувцас солих өрөөнд дүрс бичлэгийн хяналтын камер тус тус байрлуулсан аж. Мөн замын цагдаа нарын хэрэглэдэг согтууруулах ундааны түвшин хэмжигч /драйгер/ багажаар ажилчдаа согтуу байгаа эсэхийг үлээлгэж шалгадаг байсанд нэр бүхий ажилтнууд ХЭҮК-д гомдол гаргасан юм.