Монгол түмэн Сар шинийн баяраараа өнгөрсөн үеийн түүх, угтах ирээдүйн гүүр болсон азай буурлуудаа хүндэтгэн залж, тэднийхээ үг сургаалийг сонсдог уламжлалтай билээ. Энэ жил улсын хэмжээнд зуу насалж, зургаадай алтан таягаа тулсан 121 буурал байгаагийн хамгийн ахмад нь буюу 108 настай С.Цэрэнпил гуайн амар мэндийг эрхээр iToim агентлагийн сурвалжлах хэсэг Чингэлтэй дүүргийн XII хороог зорилоо.
Тэрээр зургаан сайхан хүүхэд төрүүлж, тэднийгээ эрүүл саруул өсгөн, хүмүүжүүлж, өдгөө үр, ач, зээгээ тойруулан суугаа буянтай буурал юм.
Биднийг очиход С.Цэрэнпил гуайн дунд охин “ээж та нарыг ирнэ гээд өглөөнөөс хойш дээлээ өмсчихөөд, ер тайлахгүй хөөрцөглөлөө” гэсээр ээжийнхээ өрөө рүү дагуулан оров. С.Цэрэнпил гуай цэцгэн хээтэй улаан торгон дээлээрээ гоёж, орон дээрээ тэвхийтэл суужээ. Тэрээр энэ жил 108 насыг зооглож байгаа юм.
-Сайн байна уу. Та аль нутгийн хүн бэ?
-Би Ховд аймгийн Дарви сумын уугуул.
-Тэгэхээр та хүүхэд насаа Дарви суманд өнгөрүүлсэн гэсэн үг үү?
-Сумандаа ижий, аавтайгаа мал малладаг байлаа. Намайг хүүхэд байхад манай тэнд их үлгэр ярьдаг нэг сайхан өвгөн байсан юм. Тэгээд орой болохоор бушуухан үхэр малаа сааж, сүүгээ хөөрүүлчихээд өвгөний үлгэрийг сонсохоор ах дүүгийн хүүхдүүд том гэрт цугладаг байлаа. Өдөр нь малаа хариулаад орой нь өвгөний үлгэрийг сонсож өссөн дөө.
-Та хөдөө мал малладаг байсан юм байна. Тэгэхээр та урт наслаж байгаа нь хөдөлгөөнтэй холбоотой юу эсвэл өөр шалтгаан байна уу?
-Хөдөө байсан учраас ааруул цагаан идээгээ идэж, шөлтэй голдуу хоол иддэг байсан. Малчин хүнд хөдөлгөөн дутагдана уу гэхээс илүүдэнэ гэж байхгүй. Бас агаар, ус нөлөөлсөн байх аа.
С.Цэрэнпил гуай хууч хөөрөхөөр нэг яриагаа хааяа давтах боловч ухаан санаа эрүүл, ой сайтай. Гэхдээ яривал амархан ядардаг бололтой, түр амрахаар хэвтсэн юм. Урьд шөнө нойр нь хүрэхгүй байснаас унтаж чадаагүйг охин нь хэлэв. Түүний дунд охин Ж.Хишигдүүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Таны ээж эхээс хэдүүлээ вэ?
-Манай ээж эхээс зургуулаа. Өөрөө бас зургаан хүүхэд төрүүлсэн.
-Зургаан хүүхэд эрүүл саруул өсгөхөд нэлээд хүч хөдөлмөр шаардана. Тэгэхээр таны ээж ямар ажил, хөдөлмөр хийдэг байсан юм бэ?
-Биднийг бага байхад ээж маань өглөө эрт босчихсон байдаг хэрнээ орой унтахад хамгийн сүүлд монгол гутал оёод үлддэг байсан. Манай ээж мал маллаж, гараар монгол гутал оёдог байсан юм. Харин манайх хотод нүүж ирсний дараа ээж Улсын их дэлгүүрт үйлчилгээний ажилтнаар ажилласан. Их дэлгүүрт 10 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан даа.
-Таны ижий, аав хоёр хэдэн насандаа гэр бүл болсон юм бол. Энэ тухайгаа ярьж байсан уу?
-Ээжийн минь багад хүүхдийнхээ хань, нөхрийг эцэг эх нь мэддэг байж. Тиймээс манай өвөө эмээ хоёр охиноо лам хүнтэй суулгана гэсээр байгаад ээжийг 20 нас хүрэхэд аавтай албаар суулгасан гэдэг. Аав ээжээс 11 насаар ах байсан учир ээж “би ах хүнтэй суухгүй гээд их дургүй байсан” гэж ярьдаг байсан. Харин аав ээж хоёр гэр бүл болоод жилийн дараа том эгч төрсөн юм билээ.
-Таны ээж монгол гутал оёдог байсан юм байна. Дээл хувцасыг сайхан оёдог байсан байх даа?
-Манай ээж дээл сайхан оёно оо. Охиддоо дээл урлах эрдмээ нарийн зааж өгсөн дөө. Ингэж эсгэнэ, тэгж эмжинэ гээд л өөрөө дээл хийхдээ харуулж байгаад зааж өгдөг байсан.
-Та нарыг хүүхэд байхад ээж тань та нарт юуг захиж, сургадаг байв?
-Бид нар бага байхдаа хоорондоо маргавал ээж хонгоддог байсан. Тухайн үед биднийг хоорондоо эвтэй байж, нэг нэгнээ мэдэж, тусалж яв гэж захидаг байсан. Харин сүүлийн үед эрүүл мэнддээ анхаарч, над шиг урт наслаарай гэдэг болсон.
С.Цэрэнпил гуай ядраад нэгэнт амарсан тул түүний дахин хэлсэн хэдхэн өгүүлбэр дундаас зөв хооллож байвал урт насалж болох юм гэсэн үгийг сэтгэлдээ сийлээд тэднийхээс гарлаа.
Эх сурвалж: Itoim.mn
1 comment
1