Белорусын Ерөнхийлөгч Александр Лукашенко улс оронд нь болж буй гэр бүлийн хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулж, Ерөнхий прокурорын газартаа ийм төрлийн гэмт хэргийг үндсээр нь устгахыг зарлигджээ.
Өчигдөр Белорусын дотоод, гадаад аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлгөөнөөр Александр Лукашенко гэр бүлд болдог хүчирхийллийн асуудлыг онцгойлон хөндөж тавьжээ. Тус улсад хүүхдүүд томчуудын зүгээс ирэх хүчирхийллийг тэвчиж буй энэ үед гэмт хэргийн байдал хэвийн гэж үзэж болохгүй гэж тэрбээр мэдэгджээ.
Ингээд Ерөнхий прокурорын газартаа энэ асуудлыг үндсээр нь үгүй хийхийг тушаасан төдийгүй “Агсам хөлчүү тавьсан нөхөд гэр бүлдээ үр хүүхэд, эмэгтэйчүүдийг доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Тэр ч бүү хэл үүний эсрэг ямар ч арга хэмжээ авч болно гэжээ. “Та нар юу хүссэнээ л хий. Гарыг нь эргүүлж мушгиад, тасдаж хая. Гэр бүлд хүчирхийлэл үйлдэгч муу гахай эзэрхчихээд хүүхдүүд гэртээ ч харихаас айж байна шүү дээ” гэж Белорусын Ерөнхийлөгч мэдэгджээ.