Зовж зүдэрсэн мянга мянган венесуэльчүүд эх оронд нь эдийн засгийн хямрал нүүрлэснээс өлсгөлөн, гэмт хэрэг гаарч, амьдрах аргагүй болсон тул Колумб улс рүү орох гэж зүтгэж байна.
Эдгээр зураг дээрээс Симон Боливарын олон улсын гүүрээр гарч буй хүмүүс Венесуэлийг нөмөрсөн улс төрийн хямралаас зугтахыг оролдож байна.
Колумб болон хөрш Бразил улс нь 2017 оны сүүлийн зургаан сард хагас сая гаруй цагаач авснаас хойш хилийн хамгаалалтаа чангатгахаар цэргийн нэмэлт эргүүл гарган ажиллаж байгаа гэнэ.
Венесуэль улс ч мөн адил иргэдээ бөөнөөр нь дүрвэхэд хаалт хийх зорилгоор хилийн хяналтаа нэмэгдүүлсэн байна.
Эдийн засгийн нөхцөл хүндэрсний улмаас Венесуэлийн нийслэл Каракасын зарим дүүрэгт гэмт хэрэг гаарчээ. Дээрэмчид ачааны машинуудыг тонож, тонуулчид хүнсний бүтээгдэхүүн, бараатай машинууд руу халдаж байна.
“Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар Венесуэльд 01 дүгээр сард дээрэм, тонуулийн 162 тохиолдол бүртгэгдсэний 42 нь ачааны машинууд руу халджээ. Гэтэл жилийн өмнө дээрмийн ердөө 8 тохиолдол гарсны нэг нь ачааны машиныг дээрэмдсэн тохиолдол байв. Түүнчлэн өнгөрсөн сард 8 хүн халдлагын үеэр амиа алдсан юм.
Венесуэль улс хүн амины хэргийн түвшнээрээ дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд халдлагууд бараа бүтээгдэхүүн, тээвэрлэлтийн үнэ өсөхөд нөлөөлж байна.
Холын тээврийнхэн өөртөө зэвсэг авч явах хориотой байдаг. Тиймээс тэд өөрсдийгөө хамгаалахын тулд бие биедээ хаана ямар саад үүсч болох тухай анхааруулга явуулж, хурдаа хасахгүйг хичээдэг байна.
Венесуэльчүүд сүүлийн үед хоол хүнсний эрэлд гарч, орон гэрээ орхих нь эрс нэмэгдэж байгаа юм. Гэвч бөөнөөрөө ингэж дүрвэж байгааг Колумб ч хүлээн зөвшөөрөхгүй, хилээ эрс чангатгажээ.
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос өнгөрсөн пүрэв гарагт цагаачлалын хямралын цэг болсон хилийн хотод айлчлах үеэрээ венесуэльчүүдийг улс оронд нь орж ирэх явцыг хүндрүүлсэн шинэ арга хэмжээ авахыг уриалж, албан ёсны статусгүйгээр улс оронд нь орж ирэхийг зөвшөөрөхгүй гэжээ.
Сантос “Колумб улс өмнө нь хэзээ ч ийм асуудалд орж байсангүй” хэмээн мэдэгдсэн байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро засгийн эрхийг нэг гарт төвлөрүүлэх арга хэмжээ авсны уршгаар тус улсын эдийн засаг асар ихээр унаж, иргэд нь Колумб руу дүрвэхээс өөр аргагүй болж байна.
Колумбын цагаачлалын албаны мэдээлснээр өнөөдрийн байдлаар Колумбад 600 мянга орчим венесуэль иргэн амьдарч байна. Энэ нь хагас жилийнхтэй харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт юм. Гэхдээ дүрвэгчийн байгууллагууд, хилийн хотуудын засаг захиргаа үүнийг дарсан тоо гэж мэдэгдэж байна.