Н.Энхбаяр: Залуусын гарт ‘зэвсэг’ атгуулна

2018-02-12 15:54
toim

МАХН-ын удирдлагууд II Их хурлаас гарсан шийдвэрийн талаар намын удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. МАХН-ын II Их хурлаас намын даргаар Н.Энхбаярыг улираан сонгосон юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Надад итгэл хүлээлгэн намын даргаар сонгосон залуустаа талархаж байна. Монгол орны өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх боломж, бололцоо бидэнд бий. Бид шинэчлэн найруулсан “Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд Үндсэн Хууль”-ийн төсөлдөө  тусгасан гол хоёр зүйлийн нэг нь залуусын гарт “зэвсэг” атгуулах юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл мэдлэг боловсролыг зэвсэг болгосон, өрсөлдөх чадвар сайтай Монгол залуусыг дэмжих, дээд боловсролыг үнэгүй болгох юм. Хоёрдугаарт, гайхамшигт Монгол Улсыг бүтээх буюу залуу гэр бүлийг дэмжих юм. Залуу гэр бүлийг орон сууцжуулснаар өнөөдөр бидэнд тулгараад байгаа олон асуудал шийдэгдэх эхлэл болно. Өнгөрсөн хугацаанд бид энэ ажлыг хийж чадаагүй нь Үндсэн хуультай холбоотой бөгөөд Үндсэн хуульд хийх ёстой гэсэн заалт байгаагүй. Харин одоо Үндсэн хуульдаа дээрх заалтыг тусгаж өгснөөр бидэнд ажиллах, бүтээх боломж бий болно. Тиймээс ард иргэд, намын гишүүдээрээ Үндсэн хуулийн төслийг дэмжүүлэх, гарын үсэг цуглуулах ажлыг эхэлнэ” хэмээлээ.

Мөн тус хурлаар МАХН-Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга сонгогдож, С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар МАХН-ын дэд даргаар тус тус улиран сонгогдсон байна.

Мөн МАХН-ын дэд дарга С.Ганбаатар мэдээлэл өгөхдөө “УИХ-д МАХН албан ёсоор суудалтай нам юм. Харин тэр суудал дээр суусан хүн нь манай намын гишүүн ‘‘биш’ ‘болчихсонд учир бий. Тиймээс тухайн хүнийг эгүүлэн татах эсвэл дараа дараагийн арга хэмжээг авах талаар нам дотроо бид хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн юм.

Эх сурвалж: Itoim.mn