НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас гуравдугаар сарын 21-ны өдрийг Дауны Хам Шинжийг олон нийтэд зөвөөр таниулах Дэлхийн өдөр болгон зарласан байдаг. Энэхүү өдрийг Монголын дауны холбоо 2012 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм. Даунтай хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дэлхий нийтээрээ дауны хам шинжтэй хүний эрхийн төлөө, тэднийг нийгэмд тэгш оролцоотой байхын төлөө, мөн дауны хам шинжтэй хүмүүсийн сайн сайхан, эрүүл саруул амьдрах эрхтэйг тунхаглан дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэж улс орон бүртээ олон нийтийн ажил өрнүүлдэг.
Манай улсын хувьд “Өнгө өнгийн оймс” флаш моб арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн жил Хүннү Моллд зохион байгуулагдан ХААИС болон МУИС-ын хууль зүйн сургуулийн сайн дурын оюутнууд, ХОРЬТ фото клуб, Дуал Зэт про агентлаг оролцож байсан бол энэ жил Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч СИОН хамтлаг өнгө нэмж И-март их дэлгүүрт болж өнгөрлөө.
Ийнхүү өнгө өнгийн оймсоор төлөөлүүлэн хүний өөр өөрийн онцлог төрх, зан чанар, давуу талыг илтгэн харуулахаас гадна хоёр оймс нийлэн байж нэгэн хос оймс болж үүргээ гүйцэтгэдэг шиг өөр өөр царай төрх, зан чанар, өнгө төрхтэй хүмүүс нийлэн байж хүний нийгмийг бүтээн, харилцан биедээ сурч мэдэх зүйлээрээ тусалж дэмжин нэгэн бүхэл болдог гэдэг утгыг илэрхийлдэг байна.
Дашрамд дурдахад, Монголын Дауны Холбоо ТББ нь 2008 онд хэсэг гэр бүлийн санаачилгаар үүсгэн байгуулагдан дауны хам шинжтэй хүүхэд болон хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ нэмэх, эрүүл мэнд, сурч боловсрох, нийгэмшүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага юм. Одоогоор Монголын дауны холбоонд 300 гаруй даунтай хүүхэд болон тэдгээрийн гэр бүл бүртгэлтэй байна.
- Даунтай хүүхэд нь шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал угсаа, удам судраас огт хамаарахгүй төрдөг генетикийн онцгой тохиолдол юм.
- Энгийн хүмүүс 46 хромсомтой байдаг бол даунтай хүмүүс нь нэг илүү буюу 47 хромсомтой байдаг.
- Биднээс нэг илүү хромсомтой төрсөн эдгээр хүүхдүүд нь энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан өсөж бойжин, удаан сурч хөгждөг ч бусдад баяр хөөр бэлэглэж, гэр бүлдээ онцгой хайр өгдгөөрөө хайр татам НАРНЫ ХҮҮХДҮҮД байдаг.
- Хэлд орох, ярихдаа энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан, муу ярьдаг ч даунтай хүүхдүүд нь бусдад өөрийгөө ойлгуулж, хамтдаа тоглож наадан нөхөрлөж, үе тэнгийн хүүхдүүдийнхээ дунд байх маш их хүсэлтэй байдаг.
Иймд та бүхэн даунтай хүүхдийн онцлогийг ойлгож хүндлэн харилцаж, тэднийг бидний дунд, үе тэнгийн нөхдийнхөө дунд, нийгмийн дунд чөлөөтэй бие даан явж, сурч хөгжиж, амьдрахад дэмнэж туслаарай. Бусдыгаа байгаагаар нь хүлээн авч, хүндлэн хайрлаж дэмжиж чаддаг сайхан нийгмийн нэгэн хэсэг нь та бид юм.
МОНГОЛЫН ДАУНЫ ХОЛБОО