Үндэсний статистикийн хорооноос гаргасан долоо хоногийн үнэ ханшийн мэдээллээр үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувь буву 35 төгрөгөөр өсчээ. Хонины яастай махны үнэ 2.8 хувиар буюу 165, цул махны үнэ 1.0 хувиар буюу 65 төгрөгөөр тус тус өссөн байна.
Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд ууцны дундаж үнэ 225.000 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн жилийнхээс 16.9 хувиар буюу 32500 төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ. Овор хэмжээ бага ууцыг “Хүчит шонхор” зах дээр 160000-180000, том хэмжээтэй нь 250000-290000 мянган төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ 2017 оны сар шинийн баярын өмнөх үеэс 5.8 хувиар буюу 108 төгрөгөөр өсч нэг ширхэг нь 2170 төгрөг болжээ. Хамгийн хямд үнэтэй хэвийн боов нь “Бусад” үйлдвэрийнх бол үнэтэй нь “Бамбууш” үйлдвэрийнх байна. Харин хүнсний ногооны үнэ хямдарч монгол төмс 25 төгрөг, лууван 1.9 хувиар тус тус буурчээ.