Эрдэмтэн, судлаачид ‘’Монголын бусдаас ялгагдах, бусдад уусахгүй байх соёлын “толбо”-ын нэг нь бурхны шашин. Зөвөөр дэлгэрүүлбэл соёл уламжлалаа хадгалах, ёс суртахуунт нийгэм тогтоох зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой” гэдэг. Монголын бурхны шашин их хэлмэгдүүлэлт, нугалаа, завхралыг арайхийн даваад дахин сэргэж, хөл дээрээ босох амаргүй замтуулж яваа. Устаж үгүй болохын ирмэгт байсан бурхны шашныг сэргээж, зөв голдирлоор хөгжихөд нь томоохон үүрэг гүйцэтгэж яваа эрхмийг “Хоймор”-тоо урилаа. Тэр бол Зүүн хүрээ буюу Дашчойлин хийдийн хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ч.Дамбажав.
Түүнийг Монголын бурхны шашны томоохон төлөөлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч, Дэлхийн бурхны шашинтны холбооны дэд ерөнхийлөгч, Дэлхийн бурхны шашны санха нарын зөвлөлийн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бурхан шашны их чуулганы ерөнхийлөгчөөр сонгожээ. Мөн Бурхан багшийн мэндэлсний 2600 жилийн ойгоор НҮБ–ын Ерөнхий ассамблейн тусгай чуулган хуралдахад НҮБ–ын индрээс үг хэлсэн цөөн монгол хүний нэг. Энэ бол түүний төдийгүй Монголын бурхны шашны үнэлэмж дэлхийд ямар байгааг харуулсан хэрэг болов уу.
Архангай аймгийн Тариат суманд төрж, багш ааваа даган сургуулийн хашаанд тоглож өссөн тэрбээр аравдугаар ангиа төгсөөд политехникумд элсэж, тухайн үеийнхээ чухал хэрэгцээтэй мэргэжлийн тоонд орж байсан дулааны текникч болжээ. Нэгдүгээр цахилгаан станцад слесариэс эхлээд мастер болтлоо дэвшин ажиллаж байтал Шашны дээд сургууль нээгдэнэ, тэнд залуусыг шалгаруулж авах гэнэ гэсэн яриа сонорт нь хүрч, бурхны шашинд зүтгэх зам нь тодорсон гэдэг.
-Та тухайн үедээ их чухал мэргэжил эзэмшиж, ажлын талбарт гараад, албан тушаал ахиж явсан байна шүү дээ. Яагаад лам болохоор шийдэв.
-Би багаасаа түүх, гүн ухаан сонирхдог байлаа. Тэр сонирхолдоо л хөтлөгдсөн хэрэг. Шашны сургуульд юу заахыг нь сураглатал миний сонирхдог хичээлүүд байсан. Тэгээд шалгалт өгч, тэнцээд элссэнээс хойш 50 шахам жил бурхны ном үзэж явна.
-1970 он гэхээр “Шашин бол хар тамхи” гэж ухуулдаг, ажилчин, малчин ангийн нэр хүнд ламынхаас илүү байсан цаг үе шүү дээ.
-Тийм л дээ. Социализм, коммунизмд хүрэхээр ид тэмүүлж, үзэл суртлаар шашныг тодорхой хэмжээнд барьж байсан үе. 1930-аад онд лам нарыг хоморголон хэлмэгдүүлж, сүм хийдүүдийг сүйтгээд, шашныг ор тас хориглосон нь нугалаа, завхрал байсан нь тодорхой болж, ингэж муйхраар, ор тас хориглож болохгүй юм байна гээд 1944 онд Мөргөлийн сүм хэмээх ганц дуган нээсэн ч үйл ажиллагааг нь тодорхой хэмжээнд барьж, тусгай хяналт доор, хязгаартай олгосон цаг.
-Тэгсэн хэрнээ шашны сургууль нээсэн нь ямар бодлого байсан юм бол?
-Тухайн үед Гандантэгчэнлин хийдийн хамба байсан номч мэргэн гавж С.Гомбожав гуай, ЗХУ-ын Буриадын Иволгийн дацангийн хамба Гомбоев Жамбалдорж нарын санаачилга, зүтгэлийн үрээр Шашны дээд сургууль байгуулсан юм. 1970 оны гуравдугаар сард МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоол гарч, сургалтыг зургаан жилийн хугацаатайгаар Гандантэгчэнлин хийдийн дэргэд явуулах болсон юм билээ.
Төр, засаг шашин шүтлэгийг муйхраар хааж болохгүй, социалист ч бай, ямар ч бай улс оронд шашин шүтлэг байх ёстой гэдгийг ухаарч ойлгосон учраас “Лам нар өндөр настай боллоо, биднийг байгаа дээр залгамжлах хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй” гэсэн саналыг нь хүлээж авсан байх. Ингээд буддын шашны ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Буриадын 10, Монголын 20 оюутан элсүүлж, барма равжун сахил хүртээгээд, ном зааж эхэлсэн дээ.
-Шашны сургуульд юу заадаг байв. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын эрдэмтэн тэнд багшилж байсан гэл үү?
-Лам нарын мэдвэл зохих хурал номын уншлага, буддын гүн ухаан, эмнэлэг, зурхай, урлахуйн ухаан гээд шашны бүх л судлагдахууныг үзнэ. С.Гомбожав хамба, Данзан-Очир гавж, Иштавхай, Гарамсэд, Ёндон цорж, зурхайч Жамц, Галсанравжаа, маарамба Дашзэгвэ, Доржжанцан гээд лут улс байлаа. Тэд тус тусын сурсан мэдсэн зүйлээ бидэнд заана.
Улсын болон шашны түүх, англи, орос хэл зэрэг бусад хичээлийг МУИС-ийн багш нар заадаг байв. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Х.Лувсанбалдан, Чой.Лувсанжав, Хөдөөгийн Пэрлэй нарын цуутай эрдэмтнээс номын дуу сонсож явсан бид азтай улс. Тэр сайхан мэргэдэд өнөөдрийг хүртэл залбирч, шүтэж сууудаг даа.
-Шашинд хандах төр, засгийн бодлого жаахан уярч, наашилсан ч тэр нь зөвхөн Гандантэгчэнлин хийд, Шашны дээд сургууль хавьд л үйлчилж байсан байх. Олон нийтийн шашин шүтэх эрх бол 1990 он хүртэл хаалттай, хязгаартай, бурхан тахилаа нуудаг хэвээр байсан шүү дээ. Тэр үед залуу эрчүүд лам дээл өмсөж, орхимж намируулаад явахад хүмүүс яаж ханддаг байв?
-Шашны сургуульд элсэнгүүтээ сахил хүртэж, үсээ хусуулаад, лам дээл өмссөн. Залуучууд лам дээл өмсчихсөн явах нь сонин л харагддаг байсан. Гэхдээ бид гадуур нэг их тэнээд байхгүй. Бурхны шашны ёс журам, дэг жаягт дасах, суралцах, унших, цээжлэх даалгавар их болохоор голдуу Гандан хавиараа л байна.
Монголчуудын сэтгэл зүй, уламжлал соёлд буддизм гүн гүнзгий нэвтэрсэн. Тиймээс олон түмэн бидэнд маш сайхан ханддаг байлаа. Ганданд ном уншуулж, хурал хуруулдаг, эргэл мөргөл хийдэг настайчууд их талархаж хүлээж авсан нь лавтай. Сүм хийдийг хаахаас өмнө TODAY
бурхны ном үзсэн лам нар тэгэхэд өндөр настай болсон байв. Тэд маань хойч үеийг нь бэлтгэж буйд баярласандаа уйлж байлаа шүү дээ.
-Монголд бурхны шашин биднээр дуусах нь гэж бодож байсан байх даа?
-Их хэлмэгдүүлэлтээс мэнд үлдсэн лам нарын багш, найз нөхөд, ах дүүсийг шоронд явуулахыг нь явуулж, цаазаар авахыг нь авч, сүм хийдийг нь нурааж, сүйтгэсэн. Тэр бүхнийг нүдээр харсан хүмүүс гаднаа хэлэхгүй ч дотроо юу эсийг бодох вэ дээ. Бурхны шашин Монголд ингээд дуусах юм байна гэж бодсон хүн ч бий байх. Гэтэл Шашны дээд сургууль нээж, залуусыг элсүүлэн, буддын ном сургаал заагаад эхлэхээр баярлалгүй яах билээ. “Ийм сайхан цаг ирдэг юм аа, ямар сайхан юм бэ” гэлцэн нулимс дуслуулахыг нь бид харсан.
-Та сургуулиа төгсөөд шууд Гандантэгчэнлин хийдэд шавилан суусан уу?
-Бурхны шашны ганц хийд нь Гандан л байлаа. Шашны сургууль төгссөн 20 залуу лам Ганданд суусан. Намайг С.Гомбожав хамба нарийн бичгийн даргаараа авлаа. Хамт төгссөн залуусаас намайг сонгосныг бодвол арай тоогдсон юм болов уу даа. Хамбын нарийн бичиг хийдийн ажилд их үүрэг оролцоотой. Гадаад, дотоод харилцааны бүх ажлыг хариуцна, уулзалт, хурлыг нь зохион байгуулна.
1970 онд Азийн буддистуудын холбооны энх тайвны бага хурал гэж олон улсын шашны байгууллага байгуулсан, үйл ажиллагаа нь ид идэвхтэй байсан үе. Түүний гадаад харилцааны ажилд оролцож, бичиг захидал орчуулж, ийш тийш нь илгээх ажил хийнэ.
-С.Гомбожав хамба үед Монголын бурхны шашныг устгуулалгүй авч үлдэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн байх нь. Тэр хүнтэй ойр ажиллаж байсны хувьд дурсаж ярих зүйл танд олон байгаа даа?
-Тэгэлгүй яах вэ. С.Гомбожав хамба их эрдэмтэй гавж байлаа. Залуудаа гавж цол хүртсэн, хүрээний номтой лам нарын нэг байсан юм гэнэ билээ. Хүрээ хийд нь хаагдахад Улсын төв номын санд ажиллаж байгаад хожим хамба болж, тухайн үедээ шашны бүх л хэргийг төр, засагтай хамтран явуулж байсан. Шашны дээд сургууль байгуулахыг төр, засгаар зөвшөөрүүлж чадсан нь түүний ямар ухаалаг, сэргэлэн хүн байсныг илтгэнэ.
Би С.Гомбожав хамбын нарийн бичгийн даргаар жил гаруй ажиллаад, 1977 онд Шри-Ланк руу сургуульд явсан. Тэнд бага хөлгөний шашин, англи хэл үзэж хоёр жил гаруй болоод дөнгөж ирчихээд байтал хамба гуай дуудсан. Хамба дуудна гэдэг бид мэтийн залуу ламд айхтар юм байхгүй юү. Яасан юм бол хэмээн эмээсээр очтол “Далай лам Монголд ирнэ. Түүнд үйлчилнэ шүү. Хэл ус сайн сурсан биз” гэж байна. “За” гээд л гаралгүй яах вэ. Ингээд Далай ламыг Эрхүүгээс тусгай онгоцоор авчирч, Монголд айлчлуулаад, буцааж Эрхүүд хүргэж өгөх ажлыг би гардан хийсэн.
Түүнээс хойш нэг их удаагүй, долдугаар сарын 5-нд шиг санагдана, Гандантэгчэнлин хийдийн захиргааны хурал боллоо. Тэнд С.Гомбожав хамба Далай ламын айлчлал амжилттай болсон гэж яриад, намайг дэд хамба болгож буйгаа зарласан. Ингэж 1979 оны долдугаар сард Гандантэгчэнлин хийдийн дэд хамба боллоо.
-Албан тушаал хурдан дэвшсэн байна шүү?
-Уг нь бид 20-иулаа төгссөн. Хүн мундахгүй байсан л даа. Тэдний дундаас намайг сонгосон нь надад олдсон хувь, завшаан гэж баярлаж явдаг. Миний аз, буян байсан байх. Тухайн үед албан үүргээ гайгүй гүйцэтгэж, ажиллаж болохоор хүн гэж тоогдсоны ч шинж биз.
-Та бас Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбын үүрэг гүйцэтгэж байсан НЬ
юм билээ шүү дээ. Үүнийг тань хүмүүс тэр бүр мэддэггүй.
-Би 1979-1985 онд дэд хамбаар ажилласан. 1980 онд С.Гомбожав гуай мөнх бусыг үзүүлж, Х.Гаадан гуай 1982 онд хамба болсон юм. Энэ хооронд тэргүүн хамбын ажил үүрэг хүссэн, хүсээгүй миний толгой дээр ирсэн юм. Гурван жил шахам ингэж явлаа. Дэд хамба байхдаа аж ахуй, санхүү, гадаад харилцаа гээд олон ажил хариуцдаг байв. Хамба маань бурхан болоход бүр л олон ажил ирсэн.
Тэр үед Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх зөвлөл биднийг сайн чиглүүлж, зүглүүлдэг, төртэй харилцах ажлыг маань бараг хариуцаад явчихдаг байсан нь надад их түшиг болсон. Хурал номын ажлаа бие даан хийдэг ч гадаад харилцаанд төр, засгийн зүг чиг, зөвлөгөөний дагуу явдаг байсан.
Тэгээд 1985 онд Энэтхэгт шашны дээд сургуульд явж, 1989 онд ирсэн.
-Лам нарын хувьд Энэтхэгт сурах нь том завшаан шүү дээ. Тэнд их зүйл сурав уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэтхэгт сурна, бурхны оронд очиж, ном үзнэ гэдэг тэр үед маш том завшаан байлаа. Одоо ч хэвээрээ. Төвд хэлээр ном үзнэ. Англи хэл заалгана. Бурхны авралаар олон ном үзлээ л гэхээс биш, сурчихлаа гэж хэлж болохгүй. Бурхны номыг хүн насаараа үзээд ч барахгүй. Зургаан жил энд, дөрвөн жил тэнд сурахдаа агуу их номын зах зухаас нь л мэрж явсан. Одоо ч сурч л байна.
-Ардчилсан нийгэмд шилжихэд та Зүүн хүрээг сэргээж, Дашчойлин хийдийг байгуулсан. Хуучны сүм дуганыг сэргээх нь нүсэр ажил байв уу?
-Ардчилсан тогтолцоонд шилжиж, шашин шүтлэг чөлөөтэй болоход сүм дуган, бурхан шүтээн, ном судраа сэргээх, лам нараа бэлтгэх гээд олон ажил ундарсан. Шашны дээд сургуульд сурсан бидний 20 хүн гол үүрэг гүйцэтгэсэн дээ. Тэгэхэд бид залуу байлаа. Настай лам багш нарынхаа заавар, зөвлөгөөгөөр сүм хийд байгуулж, хурал номоо сэргээх ажилд энд тэндгүй оролцсон.
Тэр үед хэдэн ахмад лам хийд байгуулахаар хөөцөлдсөн юм билээ. Тэд надад хандаж “Бид хийд байгуулах санаатай. Та хууль журмаар нь яваад хөөцөлдөөч. Өмнө нь Гандан хийдэд алба хашиж байсан, эрдэм ном сурч яваад ирсэн хүн байна, ингэж сул лам байхаар биднийг удирдаж, энэ хийдийг аваад яваач” гэсэн юм. Тэдэнтэйгээ нийлж, зөвшөөрлөө хөөцөлдөж авсан.
Хуучин Хүрээ 30 аймаг, 10 дацан гэж байснаас Вангай, Эрхэм, Эх дагинын аймгийн дуган үлдсэн. Эх дагинын аймгийн дуган нь одоогийн хуучин цирк. Нөгөө хоёр нь циркийн амьтны байр, өвс тэжээлийн агуулах болсон байсныг бид хүлээж аваад, сэргээн засварлаж, хуучин өнгө төрхөнд нь оруулан, хурал номоо сэргээсэн. Соёлын өв, түүхийн дурсгалт уран барилгыг сэргээж байгаа гэдэг утгаараа бид маш хариуцлагатай ажилласан.
Хэв загварыг нь дураараа өөрчилж болохгүй, өнгө будгийг нь хүртэл өмнөх шиг нь харагдуулах ёстой гэсэн чиглэл, зөвлөгөөг Соёлын яам өгсөн юм. Түүхийн дурсгалын зүйл сэргээн засварлах газар гэж байв. Тэднийхэнтэй хамтарч бид амжилттай сэргээсэн. Одоо манай хийд анх ямар байсан, тэр төрхөөрөө байгаа.
-Дашчойлин хийдийн дэргэд сургалт, судалгааны байгууллагатай, шашин, соёлын том төв болгож, өргөжүүлэхээр зорьж байгаа гэл үү?
-Дэргэдээ “Зүүн хүрээ коллеж” шашны сургууль, Бурхны шашны соёл судлалын хүрээлэн байгуулаад ажиллаж байна. Сүм хийд гэдэг бол сүсэгтэн олонд үйлчилж, хурал ном хурахын зэрэгцээ бурхны сургаал, уншиж байгаа ном судраа олон түмэнд тайлбарлаж таниулах ажил хийх ёстой. Ингэхийн тулд орчин цагт тохирсон мэдлэг чадвартай залуу лам нарыг сургаж, хойч үеэ бэлтгэх шаардлагатай. Үүний зэрэгцээ мартагдаж, орхигдоод байгаа түүх, соёлоо судлах судалгааны ажил хийх хэрэгтэй.
Энэ бол эргэл мөргөлийн газар төдий биш, эрдэм соёлын судалгааны төв байх ёстой гэдэг утгаар нь энэ хүрээлэнг байгуулж, монгол лам нарын зохиол бүтээлийг судалж, орчин цагийн хэлэнд хөрвүүлж буулгах, түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний янз бүрийн ажил хийж байна. Манай залуу лам нар сайн ажиллаж байгаа. Манай хийд цөөнгүй залуу ламыг гадаадад эрдмийн зэрэг цол хамгаалуулсан. Япон, БНСУ, Хятад, Монголд докторын зэрэг хамгаалсан залуус бий. Одоо нэлээд хэдэн хүн магистрантурт сурч байгаа.
-Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа орхигдуулаагүй нь сайн хэрэг. Үүнээс гадна мартагдсан зан үйл, соёлын өвийг сэргээж, олон нийтэд түгээхэд танай хийдийнхэн багагүй үүрэг гүйцэтгэдэг байх аа.
-Нэгэнт сүм хийд байгаа юм чинь мартагдсан зан үйл, соёлын өвийг сэргээх нь бидний үүрэг. Майдар эргэх, цам харайх, сор залах гэх мэт нь монголчуудын соёлын нэг хэсэг яах аргагүй мөн. Тиймээс эдгээрийг сэргээх нь зөв гэж үзэж, хүрээ цамыг бүрэн утгаар нь дэглэж, Майдар эргэсэн. Сор залах зан үйлийг бүр мөсөн мартах шахаад байсныг сэргээсэн. Хүрээний алдарт шүтээн, наян тохой Майдарыг бүтээхээр ажиллаж байна.
Уран баримлын ажил дуусах шатандаа орсон. Энэ хавраас алт өргөж, долдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж байгаа. Дотроо бясалгалын болон хурлын танхим, номын сан гэх мэт сүсэгтэн олонд зориулсан олон өрөө тасалгаатай соёлын төв, дуган болно.
-Дашчойлин хийдийн үйл ажиллагаа өргөжиж, сүсэгтэн олонд зориулсан олон ажил санаж, сэдэж яваа юм байна. Харин Монголын бурхны шашныг нийтэд нь харвал анхаарууштай асуудал цөөнгүй гэдэгтэй санал нийлэх байх. Шашны мөн чанарыг ч ойлгоогүй хүмүүс хэдэн тарни, мэгзэм цээжилчихээд өөрийгөө лам гэж нэрлэж, мөнгө олох ажил хийж байна.
Бурхны шашныг шинэчлэх, эмх замбараанд оруулах шаардлага байгаа гээд. Салбартаа манлайлж яваа хамба нар энэ талаар ярилцдаг уу?
-Бид ярилцдаг аа. Нэг хэсэг хаалттай байгаад ардчиллын буянд шашин шүтэх эрх чөлөөтэй болоход шинээр маш олон сүм хийд байгуулсан. Лам нарынх нь боловсрол мэдлэгээс хамаараад үйл ажиллагаа нь ч янз бүр байгаа нь үнэн. Сүсэгтэн олонд үйлчилдэг байдал, лам нарынх нь бие авч яваагаас гээд янз янзаар хэлэгдэх, харагдах зүйл бий. Зарим нь уншлага, мөргөлөө үнэлж, үнэ хөлс тогтоож байна. Ингэхээр сүм хийд гэхээсээ илүү бизнес тал руугаа хэлбийгээд байгаа юм.
Тухайн хүний сүм хийдээ авч явах менежмент, зохион байгуулалт, арга хэлбэрээс хамаарч байгаа хэрэг. Зүй нь бид сүсэгтэн олонд үнэ төлбөргүй үйлчлэх ёстой. Хүний сүсэг бишрэлийг мөнгөөр хэмжиж, их мөнгө өгөхөөр их сүжигтэй, бага мөнгө өгөхөөр сүжиггүй гэх аргагүй. Боломжоороо өргөлөө өргөөд, хүссэн номоо уншуулж, мөргөж, залбираад гарвал тэр хүний сэтгэл хэчнээн сайхан болох вэ. Гэтэл 100 төгрөг дутаад номоо уншуулж чадахгүй гарвал ямар байх вэ. Үүнийг би дандаа хэлдэг.
Үнэлгээ тогтоогоод явж байгаа жижиг хийдүүд яваандаа ойлгож, зөв голдиролд орно биз ээ. Үүнийг нэг их хүндрүүлэхгүйгээр засаж залруулаад явбал сүм хийдүүд маань сүсэгтэн олны итгэл, бишрэлийг хүлээсэн бурхны орон болно гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. Та сайхан шинэлээрэй.
-Сар шинийн босгон дээр “Хоймор”-тоо урьсанд баярлалаа. “Өнөөдөр” сониноор дамжуулж монголчууддаа сар шинийн мэнд дэвшүүлье. Зурхайчдын зурсан зурлагыг харахад гарч буй нохой жил зон олонд ээлтэй, сайхан байх төлөвтэй. Хүн бүр хичээж, ажил, амьдрал, эрүүл мэнддээ анхааран, эв найртай байвал бүх зүйл сэтгэлчлэн бүтнэ.