Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалт 2018 оны 2 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв.
Арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзаж, Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах газар болон Бээжингийн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.
Бээжин хотноо болж буй Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жан Дөзян 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Ардын Их Хурлын ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Парламент хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Байнгын уулзалтын механизм нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд Парламентуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийг бүхий л салбарт өргөжин хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг онцлон тэмдэглэлээ.
Энэ удаагийн хурлыг монголын талаас Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, хятадын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо /БХАТИХ/- ны дэд дарга Шянба Пинцуо нар даргалж, Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Н.Амарзаяа нар оролцов.
Түүнчлэн уулзалтын бүрэлдэхүүнд Б.Баттөмөр болон БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга, гишүүн Цао Вэйжоу, Үндэстний хорооны дэд дарга, гишүүн У Шиминь, Хууль зүйн хорооны дэд дарга, гишүүн Су Зөлинь, Санхүү, эдийн засгийн хорооны дэд дарга, гишүүн Пөн Сэнь, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Жан Хөпин, Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны гишүүн Ян Гэнюй, Хөдөө аж ахуй болон хөдөө тосгоны хорооны гишүүн Жан Шяошань нар багтлаа.
Мөн хоёр талын хууль тогтоох, хууль сахиулах байгууллагуудын харилцан солилцоог нэмэгдүүлж, Парламентын Тамгын газрууд, найрамдлын бүлгүүдийн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.