Инчёны нисэх онгоцны буудалд тусгай нислэгийн онгоц газардаж, БНАСАУ-ын өндөр зэрэглэлийн төлөөлөгчид буулаа. Өндөр зэрэглэлийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНАСАУ-ын Дээд бүгд хурлын дарга буюу БНАСАУ-ын тэргүүнд тооцогддог Ким Ён Нам, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ё Чон нар хүрэлцэн ирсэн байна. Тус улсын суртал ухуулгын асуудал хариуцсан Ким Ё Чон нь Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлээс өмнөд хөршдөө ирж буй анхны хүн юм.
Төлөөлөгчид Пёнчанд 3 өдөр байрлана. Тэд өвлийн Олимпийн наадмын ёслолын ажиллагаанд оролцож, дараа нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Интэй уулзаж, ёслолын оройн зоог барина. Энд зоогт мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцох юм.