Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар Их хурал өчигдөр 22:00 цаг хүртэл болж өндөрлөсөн. Хурлаар салбарынхаа дотоод асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, дүрмийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх байсан ч маргаантай асуудал үүсэв. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид албан ёсоор дөрвөн хүн өрсөлдөхөө мэдэгдээд байсан ч гурав нь хурлын явцын дунд “Шударга бус, улс төржсөн хурал болж байна” гээд хурлыг орхин гарч, “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр 181 буюу 87.5 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдоод байна.
Өнөөдрийн байдлаар “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонин, “Засгийн газрын мэдээ” сонин, “Зууны мэдээ” сонин, “Үндэсний шуудан” сонин, “Өглөөний сонин”, “Монголын үнэн” сонин, “Монголын мэдээ” сонин, “Улс төрийн тойм” сонин” “Нийгмийн шуудан” сонин, “Залуу сэтгүүлчдийн холбоо”, “Тэргүүлэгч” сайтуудын холбоо, “Гэрэл зурагчдын холбоо”, “Үндэсний сайтын хөгжлийн холбоо”, “Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо” ахмад сэтгүүлчид, ТВ-9, NTV телевиз, C1 тв зэрэг хэвлэл мэдээллийн 20 байгууллага улс төрийн хяналт тогтоосон дүрэм батлахыг эсэргүүцээд байна. Хурлыг орхин гарсан сэтгүүлчидийн төлөөлөл дөнгөж сая албан ёсоор хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн нарийн бичгийн дарга Д.Заяабат хэлэхдээ “Хэн дарга цэрэг болох нь бидэнд огт хамаагүй. Гагцхүү сэтгүүлчдийн эрх ашгийг зөрчсөн дүрмийн бус хурал болсон учраас хаяж гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт удирдах зөвлөл дээр ярилцаад төлөөлөгч сонгох журмаа эцэслэн шийдээгүй орхисон. Нэг төлөөлөгч хэчнээн сэтгүүлчийг төлөөлөх ёстой вэ, тэр төлөөлөгчийг ямар журмаараа сонгох ёстойгоо тодорхой зааж өгөөгүй гэж үзсэн. Тиймээс цаанаас зориулаад бэлтгэгдсэн ч гэдэг юм уу тиймэрхүү хүмүүс их хуралд орж ирэх зам нь нээгдсэнийг зүй бус гэж үзсэн. Тухайн нэг төлөөлөгчийг заавал аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харьяалагдсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэгж байж л хуралд орж ирнэ гэж заачихсан. Тэгэхээр татвараа төлөөд, МСНЭ-ийн үйл ажиллагаанд оролцдог, сайн дурын сэтгүүлчид хурлын гадуур орхигдож байгаа юм” хэмээлээ.
Маргаан дагуулсан Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар Их хуралаар Ерөнхийлөгчид МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, Үндэсний шуудан сонины сэтгүүлч Б.Түвшинтөгс, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ын дарга Х.Мандахбаяр нар нэрээ дэвшүүлээд байсан юм.