Монголчууд эртнээс хаврын тэргүүн сарын шинийн 1-нд Шилийн богд, Алтан-Овоо зэрэг эртний шүтлэгтэй уул усаа зорьж ургах нараа угтан хийморио сэргээдэг уламжлалтай. Ингэхдээ арц уугиулж, архи, сүү өргөж ирсэн. Гэтэл энэ заншил сүүлийн жилүүдэд улам доройтож хайрхан уулаа харин ч нэг “хогийн сав” болгож орхидог нь анхаарал татахгүй байх аргагүй.
Энэ жил монголчууд “Тийн унжлагат“ хэмээх шороон нохой жилээ угтана. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн жилийн гунигт түүхийг давтахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч нар, Гандантэгчэнлин хийдийн лам нар анхааруулав. Тэд өнөө өглөө (2018.02.09) Хийморийн овоог цэвэрлэж, иргэдэдэд уриалга гаргасан юм.
Гандантэгчэнлин хийдийн Байгаль орчин хариуцсан албаны дарга Д.Амарболд хэлэхдээ “Иргэд уул, ус тахихдаа багахан хэмжээний сүү, будаа авчирч дотроо сүслэхэд болно, тиймээс биш их тахил авчирж, хог үүсгэж, уул, ус, байгаль дэлхийгээ бохирдуулснаар буян хураадаггүй. Харин ч үр хүүхэд, хойч ирээдүйдээ үйлийн үр нэмж, лусын хорлол болж, ажил үйс нь бүтэхгүй байхаас эхлээд гай түтгэрийн үүдийг нээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.
Монголын бурхан шашны хийдийн тэргүүнүүд түүний санаачилгыг дэмжиж, монголчуудыг уул, усаа тахихдаа байгаль эх дэлхийгээ бүү бохирдуулаач гэдэг уриалгыг гаргаад байгаа.
Аливаа улс үндэстэний сүсэг бишрэл туйлширалд хүрэхээрээ балаг дагуулдаг гэдгийг Бурхан Халдун ууланд “заларсан” эрчүүд харуулсан. Гал тахиа жилийн анхны нартай золгох гэсэн эрчүүд зорьж очсон ууландаа сүүний хайрцаг, архи, ундааны шил лааз, хадаг, тавгийн боов зэргээрээ хур хог ихтэй мэт хогийн цэг босгоод зогсохгүй түймэр тавьчихаад явсан.
Найман зуун дамжин монголчуудын шүтэж ирсэн уул түймэрт үйх гэж байхад “Mongolian pajero club”–ийн 30 гаруй залуу, найман иргэн байгаль хамгаалагч нар унтраасан хэрэг хуучраагүй байна.
1 comment
Хүний нутгийн овоо тахиж далжигнаад юугаа хийнэ аав ээжийн болон өөрийн нутгийнх бол хааяа яах вэ сэтгэлд сайхан. УБ-ын дарга захирал нэртэй хулгайчид заавал Шилийн богдод тангараг өргөөд яана Ганц худгийн аманд байх овгор шороонд тангараглаж болмоордоо. Харсанаа авна хуу хамна УИХ-ын гишүүн болгож өгөөч гээд л. Ялангуяа сүлжээ дэлгүүр томхон захын боловсрол муутай орк захирлууд түрүүчийн хэд нь гишүүн болчоод хөгийн юм ярьж түмний доог болоод л болж л байна ш дээ.