Америкийн Техас мужийн багш Уоррен Кларк “Исламын улс” бүлэглэлийн удирдлагуудад англи хэлний багшаар орох CV өгчээ. “Би Исламын улс бүлэглэлд англи хэлний багш албан тушаалд оролцох хүсэлтэй байна” хэмээн америк эр дагалдах захидалдаа бичсэн байна.
Абу Мухаммед аль-Америки нэрээр өөрийгөө танилцуулсан Уоррен Кларк одоо 33 настай бөгөөд Мосулын их сургуульд ажиллах нь багшийн карьераа үргэлжлүүлэх гайхалтай боломж гэж албаны маягаар бичжээ.
Алан хядах бүлэглэлийн удирдлагуудад хаягласан захидал Жорж Вашингтоны их сургуулийн судлаачдын гарт орсон байна. Энд захидлуудыг нарийн судлаад Кларкийн хувийн мэдээллийг тодруулжээ.
Урьдчилсан мэдээллээр Кларк нь Хьюстоны их сургуулийг төгссөн бөгөөд Саудын Арабт багшаар ажиллахаар явахаасаа өмнө Техаст багшилж байжээ. Хожим нь тэрбээр Иракт очсон бөгөөд тэндээ исламын халифатын талд орсон бололтой.
Жорж Вашингтоны их сургууль өнгөрсөн сард Сири, Ирак дахь Америкийн жихадуудын тухай баримтыг дэлгэсэн юм. Уг баримтад дурьдсанаар сүүлийн хэдэн жилийн дотор АНУ-ын 60 гаруй иргэн Сири, Иракт хэт даврагчидтай нэгдсэн байна. Тэднээс нь 12 нь эх орондоо эргэн ирж, 9 нь баривчлагджээ.