Хуулиндаа юу гэж заасан байдаг вэ? Эсвэл…
Орчин цагт үнэгүй юм гэж үгүй шүү гэсэн ойлголт учираа алдаж охид бүсгүйчүүд биеэ үнэлж, энэ ажил маш нарийн зохион байгуулалтад ороод багагүй хугацаа өнгөрлөө. Цагдаа бусад хууль хяналтын байгууллагаас ажил аян зохион байгуулна. Гэвч удалгүй ахиад л борооны дараах мөөг шиг дахиад л “дэлгэрнэ”. Хяналт шалгалтын ажлууд зохион байгуулсан ч арга нь улам нарийсаад байгаа шинэ төрлийн гэмт хэрэгт зүй ёсоор тооцогдох энэ асуудал хуулийн байгууллагын авах арга хэмжээ, хуулийн хүрээнээс даваад гарсан нь нууц биш.
Зөвхөн “Саун массаж” нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон, хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сараас тодорхой үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ. Харин энэ ажилд иргэд, аж ахуй нэгж байгууллага нэг үгээр хэлбэл хүн бүрийн оролцоо юу юунаас чухал байна. Бусад зочид буудал нэрийн дор энэ арга хэлбэр хэрхэн “цэцэглэж” байдгийг таашгүй.
2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд “Биеэ үнэлэхэд бусдыг татан оруулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож байсан. Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд дотоод дахь бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн онцлог бүрэлдэхүүнүүдийг орхигдуулснаас саун массаж, үйлчилгээний газруудад биеэ үнэлэхийг зохион байгуулах, биеэ үнэлэх нөхцөл бололцоогоор хангах гэмт үйлдлийг өөгшүүлсэн буюу гэмт этгээдэд ял завших боломжийг олгох боломжтой заалт тусгагдсан нь учир дутагдалтай байна.
Хууль зөрчсөн этгээд хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд зааснаар “Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор хуульчилсан нь бэлгийн мөлжлөгийн дээрх хэлбэртэй хууль сахиулах байгууллагаас тэмцэх, таслан зогсооход тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болоод байна гэж мэргэжлийн хүмүүс онцоллоо. Энэ тоо хэдэн зуугаараа үржигдэж, хичнээн охид бүсгүйчүүд, энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг, зохион байгуулдаг этгээдүүд хуульгүй мэт аашилах нь нүднээ ил болжээ.
Саяхан л Улаанбаатар зочид буудлын үүдэнд эргэлддэг гэсэн цөөхөн хүний бүртгэл цагдаагийн байгууллагад байсан ч одоо Улаанбаатар магадгүй улс даяараа энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулдаг бүлэглэл бий болсон гэж хэлэхэд хэтрүүлэг биш.
Шинэчлэгдэн батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд “Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасан нь биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орж буй этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгож өгсөн гэж хэлж болно.
Энэ бүхнийг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ийнхүү хуульчилан зааж өгсөн ч тэдний хувьд мэдэх ч үгүй. Мэдэхийг ч хүсэхгүй. Мэдсэн ч мөрдөхийг үл хүснэ. Хатуухан хэлэхэд ашигтай бизнес, аятайхан мөнгө олох арга хэрэгсэл, амьдралаа залгуулах гол арга зам нь болоод байгаа юм.
Саун массажны газар эрхлэх үйл ажиллагаанд ямар хяналт шалгалт байдаг вэ? Эсвэл ….
Саунтай холбоотой Стандарчилал, хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан BNS:5164:2010 стандартад мөрдөгдөж байгаа. Тус стандартыг сауны үйл ажиллагаа эрхлэгчид заавал мөрдөх заасан хэдий ч биелэлт, үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох субъект тодорхойгүй байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зочид буудал, сауны газрын ажлын байрны дүгнэлтийг гаргадаг байсныг Монгол Улсын засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор хүчингүй болгосонтой холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017-09-14-ний өдрийн а/149 тоот тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтыг баталсан ба тус жагсаалтын 89 дугаарт бүртгэжээ.
Саун, массажны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар байгууллага, албан тушаалтнаас олгох талаар зохицуулсан зохицуулалт байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн төрлийг зааж өгсөн. Энэ жагсаалтад саун, массаж, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авахаар зохицуулаагүй байна.
Мөн саун, массажийн үйл ажиллагаа эрхлэгчид олгох зөвшөөрөл, тэдгээрт тавих хяналтын тогтолцоо ойлгомжгүй, хариуцах байгууллага байхгүй байгаа нь саун, массаж нэрийн дор бусдын биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалах хууль бус үйл ажиллагаа болон тэдгээрийг дагасан бусад гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. Иймээс энэ үйл ажиллагааг хууль дүрэм журманд нь өөрчлөлт оруулах, нөгөө талаас иргэн бүрийн оролцоо юу юунаас илүү чухал байна.
Та яагаад би бас оролцох ёстой гэж? Эсвэл…
Тиймээ. Та гайхаж магадгүй. Би яагаад биеэ үнэлж байгаа хүмүүст хамаатай гэж эргэлзэж, эгдүүцэх нь мэдээж. Гэтэл хараа хяналтгүй хүүхдүүд, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн томчуудын зүй зохисгүй, зохион байгуулалттай үйл ажиллагааны золиосонд таны, миний хэний ч үр хүүхэд хохирох магадлал байна. ХОХИРЧ БАЙНА. Яагаад гэвэл таны охин, ач зээ хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг та үнэхээр итгэлтэй сайн мэдэж байна уу?
Энэхүү хууль бус үйлдэл нь гудамж талбай, олон нийтийн газраас үйлчлүүлэгч олох байдлаар биеийг нь үнэлүүлэхээс гадна саун массажны газар, караоке, интернетэд “Меssаge zar” байрлуулж дуудлагаар секс үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний байгууллагын ажилтнуудаар дамжуулан клиент (үйлчлүүлэгч) олох хэлбэртэй болон өргөжиж байна.
Гадаадын улс орнуудад л гэхэд БНХАУ-ын Эрээн хотод 150, Алтан-Эмээл 25, Манжуур хотод 30, Хөх хот 50, Бээжин хотод 120, Чиндао хотод 60, Тяньжин 30, Гуанжоу 40, Донгуанг хотуудад 50, Макаод 80, Сингапурт 120, Шинжин 50, Тунляод 20, Шанхай 25, Малайз 50 нийт 900 гаруй эмэгтэйчүүд биеэ үнэлж байна гэсэн албан бус судалгаа байдаг.
Энэ хугацаанд нийт нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа саун, массажны 39 газрыг илрүүлж, давхардсан тоогоор 42 удаа үзлэг, шалгалтыг зохион байгуулахад16-17 насны насанд хүрээгүй 6, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалж байсан нь илэрч, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Тус хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, дөрвөн удаагийн үйлдэлд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэн, дөрвөн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгалтын ажиллагааг үргэлжүүлэн явуулж байгаа юм. Хуулийн хүрээнд энэ шалгалтууд байнга хийгдэнэ. Харин хувь хүний ухамсаргүй үйлдлүүд үргэлжилсээр байх уу?
Аж ахуй нэгжүүд хэрхэн үүргээ биелүүлдэг вэ? Эсвэл…
Шалгалтанд хамрагдсан саун, массажны газруудад саун тавигдах стандартын 9.1 дэх хэсэгт заасан “Үйлчилгээний газарт ажиллагсад нь тухайн чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэшсэн байна, 9.2 дахь хэсэгт заасан Иллэгийн ажилтан /массажист/ нь эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй байх ба ил харагдахуйц газар байрлуулсан байна” гэж тус тус заасан хэдий ч тухайн заалтыг хэрэгжүүлсэн нэг ч газар байхгүй байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд “Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах; 11.1.7.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах” гэж заасан нь цагдаагийн байгууллагаас саун, массажны газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд л шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авахаас бусад үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ байхгүй байна.
Тийм учраас энэ үйл ажиллагааг таслан зогсоох нь цагдаагийн байгууллагаас гадна аж ахуй нэгж, иргэн бүрийн үүрэг юм. Эсвэл энэ байдлыг үргэлжүүлж, зохион байгуулалт нь нарийссаар байх уу?
Үүний цаана зав чөлөөгүй ажиллах, эсвэл эцэг эхийнхээ үүргийг биелүүлж чадаагүй таны миний, бидний үр хүүхэд байна. Тэднийг эсвэл…
САУН МАССАЖ НЭЭРИЙН ДОР БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ЗОРИЛГООР БУСДЫГ БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛЭХ БОЛОН ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
2018.02.02-ны өдөр
Саун массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон, хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сараас тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэхүү хууль бус үйлдэл нь гудамж талбай, олон нийтийн газраас үйлчлүүлэгч олох байдлаар биеийг нь үнэлүүлэхээс гадна саун массажны газар, караоке, интернетэд “Меssаge zar” байрлуулж дуудлагаар секс үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний байгууллагын ажилтнуудаар дамжуулан клиент (үйлчлүүлэгч) олох хэлбэртэй байна.
Энэ хугацаанд нийт нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун, массажны 39 газрыг илрүүлж /Үүнд: БЗД-ийн нутаг дэвсгэрт 10, БГД-ийн нутаг дэвсгэрт 16, СБД-ийн нутаг дэвсгэрт 3, ЧД-ийн нутаг дэвсгэрт 7, ХУД-ийн нутаг дэвсгэрт 2, СХД-ийн нутаг дэвсгэрт 1 /давхардсан тоогоор 42 удаа үзлэг, шалгалтыг зохион байгуулахад насанд хүрээгүй 6 /16-17 насны/, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалж байсан нь илэрч, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Тус хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа ба 4 үйлдэлд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэн, 4 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Өмнөх буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “Биеэ үнэлэхэд бусдыг татан оруулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож байсан бол 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд дотоод дахь бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн онцлог бүрэлдэхүүнүүдийг орхигдуулснаас саун массаж, үйлчилгээний газруудад биеэ үнэлэхийг зохион байгуулах, биеэ үнэлэх нөхцөл бололцоогоор хангах гэмт үйлдлийг өөгшүүлсэн буюу гэмт этгээдэд ял завших боломжийг олгосон. Хууль зөрчсөн этгээд хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд зааснаар Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан нь бэлгийн мөлжлөгийн дээрх хэлбэртэй хууль сахиулах байгууллагаас тэмцэх, таслан зогсооход тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болоод байна.
Харин шинэчлэгдэн батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан нь биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орж буй этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгож өгсөн.
Мөн саун, массажийн үйл ажиллагаа эрхлэгчид олгох зөвшөөрөл, тэдгээрт тавих хяналтын тогтолцоо ойлгомжгүй, хариуцах байгууллага байхгүй байгаа нь саун, массаж нэрийн дор бусдын биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалах хууль бус үйл ажиллагаа болон тэдгээрийг дагасан бусад гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна.
Саун, массажны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар байгууллага, албан тушаалтнаас олгох талаар зохицуулсан зохицуулалт байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн төрлийг зааж өгсөн бөгөөд уг жагсаалтад саун, массаж, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авахаар зохицуулаагүй байна.
Саунтай холбоотой Стандарчилал, хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан BNS:5164:2010 стандартад мөрдөгдөж байгаа ба тус стандартыг сауны үйл ажиллагаа эрхлэгчид заавал мөрдөх заасан хэдий ч биелэлт, үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох субъект тодорхойгүй байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зочид буудал, сауны газрын ажлын байрны дүгнэлтийг гаргадаг байсныг Монгол Улсын засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор хүчингүй болгосонтой холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017-09-14-ний өдрийн а/149 тоот тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтыг баталсан ба тус жагсаалтын 89 дугаарт бүртгэсэн байна.
Тус стандартын 9.1 дэх хэсэгт: Үйлчилгээний газарт ажиллагсад нь тухайн чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэшсэн байна.
9.2 дахь хэсэгт: Иллэгийн ажилтан /массажист/ нь эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй байх ба ил харагдахуйц газар байрлуулсан байна гэж тус тус заасан байна.
Харин Цагдаагийн албан тухай хуулийн 10 дугаар зүйлд Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах; 11.1.7.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах гэж заасан нь цагдаагийн байгууллагаас саун, массажны газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд л шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авахаас бусад үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ байхгүй байна.
Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал:
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт “хүн худалдаалах” гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглан мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг;
3.1.2.“хохирогч” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоосон эсэхээс үл шалтгаалан хүн худалдаалахын улмаас эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн хүнийг гэж тус хуульчилсан байна.
Хүн худалдаалах гэмт хэрэг нь нарийн зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлдэгддэг төдийгүй бусад төрлийн гэмт хэргийн адил хохирогчийн зүгээс хуулийн байгууллагад тэр бүр ханддаггүй онцлогтой. Манай улсад дээрх гэмт хэрэг нь ихэвчлэн бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдэж байна.
2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 148 дугаар тогтоолоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2017-2021 он хүртэл 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр баталсан.
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг буцаан ирүүлэх: Үүнд 2014 онд Филиппин улсаас 1, БНХАУ-ын Эрээн хотоос 3, 2015 онд БНТУ-аас 1, 2016 онд БНХАУ-ын Манжуур хотоос 1, Эрээн хотоос 1, БНСУ-аас 1, Малайз улсаас 1, 2017 онд БНХАУ-ын Эрээн хотоос 2, Хөх хотоос 1, Шанхай хотоос 3, Бээжин хотоос 1 иргэнийг эх оронд нь аюулгүй авч ирүүлэх арга хэмжээг ГХЯ-ны Консулын газар болон гадаад улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
4 comments
Хуулиар зөвшөөрч аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Аль дээр үеэс л проблем байсан. Хятад хүртэл зөвшөөрсөн байна. Том том газрууд бий болсон байна лээ. Европ,АНУ-д ч бий.
Албан ёсоор энэ үйлчилгээг зөвшөөрчихвөл замбраагүй буудлууд алга болж энэ нөхдүүд “Албан ёсны ажил”-тан болцгооно. Цалин хөлс авч, татвар төлөөс улсад төлнө, эрүүл мэндийн даатгалд хамрагдана, нийгэмд БЗХ өвчлөл хяналтанд орж ирнэ, өөрөөр хэлбэл буурна. Яагаад ингэж бичихэд хүрэв гэхээр төр өнөөдрийг хүртэл энэ талаар юу ч хийж чадахгүй байна. Бүр муу хэлэхэд ядарсан “ТӨР” маань ажлын байр бий болгоно гэсэн үг. Тэгэхгүй бол Бид өнөөдөр дэлхийгээр нэг тарсан sex үйлчилгээний элё болоход ойрхон байна, бохир агаараар дэлхийг тэргүүлсэн шигээ бөгсний өвчнийг дэлхий дахиад л МОНГОЛИОД өвчин гэж нэрлэхэд хүрээд байна
Энэ тэмцэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Монгол улсын ядууралтай холбоотой. Нөхөн үржихүйн насны эрчүүд нь харийн оронд боолын хөдөлмөр эрхлэхээр дугаарлан явж байна. Эмэгтэйчүүд нь мөнгө олохын тулд биеээ үнэлэж байна. Эдийн засгийн хямралд аж ахуйн нэгжүүд өртөж орон тоо нэмэх нь байтугай хасаж байна. Бид яаж амьдрах болж байна. Засгийн буруу бодлого, үйл ажиллагааны үр дүн. Үүнийг засахгүй бол хэдэн цагдаа, хууль хяналтын байгууллагад ахадсан ажил болсон.
Тэмбүү гамшиг болоод байна гэсэн, биеэ үнэлэгч авбал ТЭМБҮҮ тусна, ядахдаа КОНДОМ хэрэглэж сураарай