Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар найман иргэн хүсэлт ирүүлснийг журмын дагуу хянан нягталж долоод нь олголоо. Эдгээр иргэдийн зургаа нь Сүхбаатар аймагт, нэг нь нийслэлд ажиллах юм.
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос батлан мөрдүүлж буй “Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн журам”-д зааснаар даатгалын төлөөлөгч нь аль нэг даатгагч этгээдтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байх учиртай бөгөөд зөвхөн тухайн даатгагчийнхаа төлөөлөгчөөр зөвшөөрөл авах ёстой. Хүсэлт гаргасан дээрх найман иргэний нэг нь Хорооноос урьд өмнө өөр компанийн төлөөлөгчөөр ажиллах зөвшөөрлөө авчихсан байсан тул шинээр зөвшөөрөл олгохоос татгалзан буцаалаа.
Журмаар даатгалын төлөөлөгчид, нэг л даатгагчтай хамтран ажиллахаас гадна мэргэжлийн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байх, нийтийн албан тушаалтан биш байх, баримт бичгийн бүрдэл үнэн зөв, бүрэн гүйцэт байх, ял шийтгэлгүй, өмнө авч байсан зөвшөөрлийг цуцалснаас хойш хоёр жилээс дээш хугацаа өнгөрсөн байх зэрэг олон шаардлага тавигддаг юм. Шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Хорооны дарга тушаалаар шийдвэрлэдэг бөгөөд төлөөлөгчөөс бусад даатгалын мэргэжлийн ооролцогчид болон даатгагч нарт тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг Хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байна.
Эх сурвалж: СЗХ