Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ болох хоёр тэрбум гаруй хэрэглэгчтэй фэйсбүүк компани өчигдөр 14 нас хүрлээ. Тус компанийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг сүлжээнийхээ ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд гаргасан алдаануудаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө шүүмжилсэн байна. Тэрбээр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан “Өнгөрсөн хугацаанд би та бүгдийн төсөөлж чадах бүх алдааг хийжээ” гээд олон арван техникийн алдаа гаргаж, алдагдалтай гэрээ байгуулсан.
Буруу хүмүүстэй гэрээ байгуулж, чадварлаг хүмүүсийг буруу газарт нь ажиллуулсан гэдгээ хэлэв. Өнгөрсөн хугацаанд маш олон амжилтгүй бүтээгдэхүүн гаргасан ч цаашид хөгжихийн тулд алдаанаасаа зугтах ёсгүй, шинэ хүнд сорилтуудыг даван гарснаар ахиц дэвшилд хүрнэ гэж онцолжээ.
Фэйсбүүкээр дамжуулан гарч буй гэмт хэрэг, хурц шүүмжлэлтэй холбогдуулан Зукерберг сүлжээнийхээ хэрэглэгчдийн анхаарлыг илүү гэр бүл, найз нөхдийн хүрээнд чиглэдэг болгох өөрчлөлтүүд хийсэн боловч хэрэглээ нь буурсан үр дүн гарч эхэлсэн юм.