Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа.
-Өдрийн мэнд, сайд аа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Өмнөд Солонгост хийсэн айлчлалын хамгийн том үр дүн нь яах аргагүй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах 500 сая ам.долларын зээлийн мэдээлэл байлаа. Энэ мэдээтэй зэрэгцэн хүмүүс тань руу утас цохих, холбогдох нь хэр байна. Ийм төсөл байна. Тийм боломж байна гэх мэтээр?
-Яг зорьж уулзсан хүн одоогоор алга. Гэхдээ бас намайг нэг их мөнгөтэй болчихсон юм шиг ач холбогдол өгөх хүмүүс мэр сэр гарч л байна. Тэр хэрээр хувьдаа зарцуулчих вий, ашиг олчих вий гэсэн хардлага ч цөөнгүй байгаа бололтой байна лээ. Уг нь ном журмаараа Өмнөд Солонгосоос гуравдугаар сард ажлын хэсэг ирж, төсөл хөтөлбөр, зарцуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, ерөнхий чиг өгнө. Үүний дараа манайх техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулна. Түүнийг ч мөн Солонгосын талаас хянах ёстой. Харин техник, эдийн засгийн үндэслэл боломжийн үнэлгээ авчихвал манайд мөнгө нь орж ирэх юм. Тэгэхээр цаг хугацааны хувьд хүлээлт байгаа биз.
-Таны хувьд хэр хүлээлт байгаа вэ?
-Ямар ч байсан ирэх жилийн өвлөөс өмнө хэрэгжиж эхэлнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө байгаа. Энэ цаг хугацаандаа багтаахын төлөө ажиллана.
-Зуух тараах уу?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайдын байр суурь гэдэг бол Засгийн газрын байр суурь. Иймд зуух тараах тухай асуудал үндсэндээ шийдэгдсэн гэж ойлгож болно.
-Зуух тараахгүй гэж үү?
-Тийм ээ. Гол нь орон сууцжуулах хөтөлбөрт гол санхүүжилтээ гаргах төлөвлөгөө байгаа.
-Гэхдээ энэ шийдвэрээс өмнө та “Зуух тараана” гэж зарласан. Ерөнхий сайд ч төрийн ордонд болсон утааг бууруулах зуухны үзэсгэлэнг үзээд, богино хугацааны зорилтын хүрээнд зуух тараах боломжтой тухай ярьж байсан шүү дээ?
-Үнэхээр энэ асуудалд нэг тодорхой тайлбар авахыг хүсч байгаа бол нээлттэй хариулья аа. Анхандаа бид бүхний зүгээс богино хугацааны хөтөлбөрөөр дамжуулж, зорилтот бүлэгт сайжруулсан зуух тараах замаар агаарын бохирдлыг бууруулах хувилбар судалж байсан нь үнэн. Дээр нь, дэлхийн хөгжлөө дагаад технологи ч асар хурдацтай хөгжиж байна.
Үндсэндээ технологи нь хөгжлөө дагуулж байгаа ч гэж хэлж болно. Үүнийг дагаад сайжруулсан зуухны технологи ч давхар хөгжиж байгаа. Иймд нэг боломж нь гэж харсан. Гэхдээ дахин тодорхой хэлэхэд Засгийн газар сайжруулсан зуух тараагүй гэж шийдсэн учраас цаашид зуухны тухай яриа олон удаа гарахгүй. Миний хувьд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд, багийн гишүүн нь. Иймд танхимынхаа саналыг үл тоогоод өөрийн саналыг яриад байж болохгүй. Энэ бол нэг талдаа хүндэтгэл, нөгөө талаас харах юм бол багийн тоглогч болсны илэрхийлэл. Иймд асуудлыг зөв талаас нь ойлгоосой гэж хүсч байна.
Миний хувьд бизнес эрхэлж эхлэхдээ ч, улс төрд орохдоо ч багийн тоглолтыг чухалчилж ирсэн. Энэ бол зарчим. Тиймээс энэ удаад ч зарчмаа дагана. Товчхондоо, зуух тараахгүй. Агаарын бохирдлын эсрэг цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих, орон сууцжуулах гэдэг үндсэн хоёр чиглэлийг гол болгож ажиллана гэж ойлгож болно.
-Гэхдээ сонирхоод асуухад таныг мэдээж Увсын ард түмэн таньж, мэдээд олонхийн саналаар сонгосон нь тодорхой. Гэсэн ч яг нийт монголчуудын хувьд та төдий л танигдаж амжаагүй УИХ-ын гишүүдийн нэг байсан. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Н.Цэрэнбатаа зуух тараахгүй шүү…” гэдэг сошиал анхааруулга өөрийг тань олонд харьцангуй нээлттэй танилцууллаа гэвэл зөвшөөрөх үү. Шүүмжлэлд ч давуу тал бий гэдэг талаас нь харвал шүү дээ?
-Магадгүй. Мэдээж намайг олон нийтэд танилцуулах гэж сошиалд анхааруулга тавиагүй байх. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувиар үүрэг хүлээж байгааг минь бодож ташуур өгсөн болов уу. Ерөнхий сайдын хувьд ч байр сууриа нээлттэй илэрхийлэх эрхтэй.
Албан тушаалын зангараг гэж байна шүү дээ. Миний хувьд Ерөнхий сайдын анхааруулгад гомдоллосон зүйл байхгүй. Цаагуураа тандаж энэ асуултыг асууж байгаа болов уу гэж бодоод би хариултаа өгч байна шүү. Гол нь бид нарын ажлын үр дүнд асуудал болоод байгаа утаа л арилах ёстой. Мэдээж өнөөдөр арга хэмжээ авлаа гээд шууд маргааш нь арилна гэж байхгүй. Утаа бол олон жилийн хор уршиг, амьдралын хэв маяг, боломж бололцооноос үүдэлтэй гамшиг. Тиймээс цаг хугацааны явцад Ерөнхий сайдын ч, миний ч, ер нь бол энэ Засгийн газрын ажлын үр дүн гарах нь мэдээж шүү дээ.
-Цаг хугацааны хүлээлтийг та хэр ойроор харж байгаа вэ. Манайхан бол “Бээжин хоёр жилийн дотор утаагүй болчихлоо. Улаанбаатарыг утаагүй болгоход урт хугацаа хэрэггүй” гэж яриад байгаа?
-Мэдээж харьцуулж харах нь зөв. Гэхдээ Бээжин сүүлийн хоёр жилийн дотор утаагүй болсон гэж бодвол өрөөсгөл болно. 2008 оны олимпийн эрх авахаасаа эхлээд шат дараатай арга хэмжээ авсан. Тэгэхээр сүүлийн арван жил утаатай тасралтгүй тэмцсэний эцэст арав дахь жилээсээ үр дүн гарч эхэлсэн байгаа юм. Харин манайхан болохоор өнөөдрийн үр дүнг нь яриад үйлдлийг нь нэг ч ярьдаггүй. Тухайлбал, Бээжин хот агаарын бохирдлыг бууруулахын тулд дандаа захиргааны арга хэмжээ авсан. Хамгийн ойрын жишээ гэхэд Бээжинд машин авахын тулд эхлээд хүсэлтээ өгнө. Дараа нь сугалаагаар машины номер олгодог болсон.
Энэ нь авто машинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах зорилготой. Хоёрдугаарт, агаарын бохирдлыг бий болгодог аж үйлдвэрүүдэд хугацаа өгч, Бээжингээс гаргасан. Сайжруулсан түлш хэрэглэхийг ард иргэддээ үүрэгдсэн. Нийтийн тээврүүдээ бүгдийг нь байгалийн хийгээр явдаг машинаар сольсон. Цахилгаан машины худалдааг дэмжсэн. Дахин төлөвлөлт хийсэн. Гол нь бүгдийг нь үүрэгдэж, захиргааны аргаар хийсэн. Мэдээж эсэргүүцэлтэй тулсан. Гэхдээ нийтийн эрх ашгийг нэг хүний эрх ашгаас дээгүүр тавьсан. Манайхан үүнийг ойлгох хэрэгтэй. Арван жилийн турш тасралтгүй шат дараатай арга хэмжээ авсныг нь ч бодолцмоор байгаа юм.
Яг үүнтэй зэрэгцүүлээд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа журам, хуулийг харах хэрэгтэй. Жишээ нь, Улаанбаатар хотын тухай хууль 1992 онд батлагдсан байх жишээний. Тэгэхээр бүтэн 26 жил өнгөрсөн байгаа биз. Нэг ёсны энэ чинь өөрөө асуудал. Иймд утаатай тэмцэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын тухай хуулиа ч давхар шинэчлэх хэрэгтэй.
Сүүлийн нэг сар Улаанбаатар хотын удирдлагуудтай энэ талаар нэлээн олон удаа уулзаж ярилцаж, санал солилцож, зорилгоо нэгтгэхийг чухалчилсан. Гол нь, өнгөрсөн хугацаанд алдагдсан зарчим бол зорилгоо нэгтгэх. Зорилгоо нэгтгэхгүйгээр бид үр дүнд хүрч чадахгүй. Иймд ерөнхийдөө алсын үр дүнгээ харж, түүндээ хүрэх зорилгоо бүрэн дүүрэн нэгтгэсэн гэж болно.
-Гэхдээ энэ бол үе, үеийн сайд нарын хэлдэг үг. Нэг их шинэ дүгнэлт биш л дээ. Тиймээс таны хувьд ойрын болон холын цаг хугацааг хэрхэн харж байгаа вэ гэдэгт тодорхой хариулт өгөөч. Эргээд хүмүүсийн “За, Н.Цэрэнбатаа чи ингэж хэлж байж. Энэ үр дүндээ зарласан хугацаандаа хүрэв үү” гэсэн асуултад цаг тухайд нь бодит хариулт өгөх цаг хугацааг гэсэн үг шүү дээ?
-Хамгийн төгс бөгөөд хамгийн эхний хатуу шийдвэр бол түүхий нүүрсийг хорих шийдвэр. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая Засгийн газрын 100 хоногийн хуралдааны үеэр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “2019 оноос Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хорино” гэдгээ зарласан. Үүний тулд сайжруулсан болон боловсруулсан түлшний үйлдвэрүүдийн хүчин чадлыг бодлогоор дэмжинэ. Одоогийн байдлаар Улаанбаатарчуудын нийт хэрэглээний 25 хувийг хангах сайжруулсан түлшний үйлдвэр бий. Цаана нь 75 хувийг нь хангахуйц үйлдвэрүүдийг дэмжих шаардлага үүсч байна.Тэгэхээр техникийн хугацаа бий гэдгийг ойлгох хэрэгтэй. Газ аваад тараая гэхээр валютаар авах хэрэгтэй. Валютын ханш ямар байгаа билээ үүнийг бодох хэрэгтэй. Иймд цаг хугацааны хувьд би шууд ирэх оноос Улаанбаатар утаагүй болно гэж хэлэхгүй. Хугацаа хэрэгтэй. Гэхдээ нэг үеэ бодоход харьцангуй технологи сайжирсан байна. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв санхүү нь тодорхой болчихлоо. Энэ бол харин тодорхой шүү. Дээр нь, улстөрчид асуудал болгонд хошуу нэмж, хий дэмий улстөржүүлэх нь их байдаг. Үүнийгээ болих хэрэгтэй. Арга ядаад би бүр УИХ-ын чуулган дээр “Одоо хошуу нэмэх бус хураагаа нэмээд өгөөч” гэж хүртэл хэлсэн. Гол нь утааны асуудлыг ярьснаараа баатар болохгүй гэдгээ бид бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Зөвхөн ажиллаж байж, хариуцлага чангатгаж байж л утаанаас сална. Өөр ямар ч арга зам байхгүй. Энэ утааг үйлдвэрлэгчид нь улаанбаатарчууд бид өөрсдөө байхгүй юу.
-Улирлын онцлогоос шалтгаалаад утааны тухай сэдэв яалт ч үгүй ярилцлагын эхэнд гол болж байна. Харин танд бол ярих сэдэв хэр олон байгаа вэ. Салбартай тань холбоод тодруулахад?
-Олон л асуудал байна. Байгаль хамгаалал, уул уурхайн салбартай холбоотой байгалийн нөхөн сэргээлт, усны хомсдол, цөлжилт, аялал жуулчлалын салбарын хөгжил, тусгай хамгаалалттай газар нутгийн дархлаа, хөрсний бохирдол гээд яриад байвал яриад байхаар олон сэдэв байна.
БОДИТ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨЛӨЛ УЧРААС БИ АЙЖ, ЭМЭЭХИЙН УЧРЛЫГ МЭДНЭ
-Сайд болсноосоо хойш гол анхаарал хандуулж байгааг нь сонго гэвэл алийг нь сонгох вэ?
-Бүгдийг нь.
-Тэгвэл бүгдийг нь л ярилцлагаараа асуух нь дээ?
-Асуу, асуу. Жишээ нь, хөрсний бохирдлоор гэхэд гэр хорооллын бохирыг шийдэх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн үр дүнд Монгол шиг дөрвөн улиралтай улсад аль технологи нь хамгийн зөв шийдэл вэ гэдгийг сонгох. Монголчуудад тохирох тэр технологийг олох нь юу юунаас илүү чухал. Ингэж судалж, туршихгүйгээр бусдын заасан, санал болгосон нэг шинэ технологийг шууд хэрэглэх боломжгүй. Яагаад гэхээр энэ чинь монголчуудын эрүүл мэндтэй холбоотой асуудал байхгүй юу. Бид ингэж хичээхийн хажуугаар иргэдэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Удахгүй хөрсний бохирдлын асуудал дэгдэнэ. Адаглаад л өөрсдөөсөө эхэлж, угаадсаа гадаа асгахгүй байх нь өөрсдөд нь ч, өрөөлд ч хэрэгтэй. Дээр нь, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилт байна. Би энэ сард уул уурхайн компаниудад “Монгол Улсад дагаж мөрдөж байгаа бүх хууль тогтоомжийг мөрдөж ажиллаарай. Хэрэв дагаж мөрдөөгүй бол гадна, дотны бүх компанид хариуцлага тооцно шүү” гэдэг захиа явуулж байна. Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн тулгуур бүтцийн нэг учраас Засгийн газар дэмжиж ажиллана. Гэхдээ хариуцлагаа чангатгана. Мөн усыг бага, дахин ашигладаг компанид санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтарч ажиллахаар ярилцаж байгаа.
-Аялал жуулчлалын салбараас тэрбум ам.доллар олох зорилт биелэхэд хэр ойрхон байгаа вэ. Олон л жил энэ зорилтыг зарласан даа?
-Олохын тулд ажиллана. Саяхан Аялал жуулчлалын холбооны удирдлагуудтай уулзсан. Гэхдээ үүний тулд эргээд дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийн асуудал яригдана. Галт тогооны эрүүл ахуй, тохижилтыг сайжруулах гээд олон бэрхшээлийг шийдэх хэрэгтэй. Яг ингэнэ тэгнэ гэж зарлахаас илүүтэй эхлээд бид бэлтгэлээ хангах ёстой.
–Оны өмнөхөн Байгаль орчны салбар бие даасан яамтай болсны 30 жилийн ойг тэмдэглэсэн. Мэдээж бүгд сайн сайхан зүйл ярьсан байх. Гэхдээ таны хувьд байгаль орчны салбар эзэнтэй болоод хамгаалалт нь сайжраад, бодлого нь хэрэгжээд явсан нь их байх юмуу. Эсвэл эсрэгээрээ эзэнтэй болсны балаг гэдгээр сүйдээд, сүйтгэгдээд байгаа нь их байх юм уу?
-Аль, аль нь байна. Зах зээлд шилжихтэй зэрэгцээд үнэхээр байгаль орчныг ашиглах, олборлолт хийх эрх нээгдсэнтэй хорлон сүйтгэгдсэн нь их болсон.
-Бусад яамны сайдууд “Ажил хийе гэхээр мөнгө нь дутаад байна” гэж их ярьдаг. Танай салбарын хувьд мөнгөн дээр нэмээд монгол хүний сэтгэлд тулгуурлаж үйл ажиллагаа явуулах ёстой юм болов уу гэж бодогддог. Та үүнийг зөвшөөрөх үү?
-Аливаа зүйлийн орц, хольц гэж бий. Жишээ нь, “Цэвэр агаар сан”-ын хувьд гэхэд өмнө нь 30 гаруй хүн ажиллаж байсан. Гэтэл төсөв санхүүгийн асуудал гарсантай холбоотой дөрөвхөн хүний орон тоотой болгосон. Тэгэхээр 30 гаруй хүний хийдэг байсан ажлыг дөрвөн хүнээс нэхэх хэцүү. Энэ өөрөө асуудал, бодит үнэн. Ер нь манай монголчуудын хувьд сайн, муугийн туйл руу нь асуудлыг эргүүлдэг. Гэтэл энэ хоёрын чинь хооронд дундаж гэж байх ёстой биз. Миний хувьд асуудлыг энэ өнцгөөс нь харж үзээсэй гэж хүсдэг. Мэдээж байгаль хамгаалах, байгалиа хүндэтгэх сэтгэлийн хувьд энэ бол монгол хүн бүрийн л үнэт зүйл.
Байгалиа сүйтгэх бодолтой байгаль хамгаалагч гэж хаа ч байхгүй. Дээр нь, манай улс хөгжиж буй орны эгнээнд шилжээд цаашид гадны буцалтгүй тусламж орж ирэх боломж эрс багассан. Үүнийг ойлгох хэрэгтэй. Байгаль орчны чиглэлээр ч гэсэн дэмжлэг, тусламж авахад хэцүү болсон. Жишээ нь, би саяхан Япон-Монголын парламентын холбооны шугамаар Японд айлчилсан. Тэгэхэд Японы парламентын ахмад гишүүд нь “Та нар залуу хүмүүс. Цаашдаа зөв ажиллаарай. Манайх бол Монголын сайн түнш. Бид танайхыг хангалттай сайн дэмжсэн. Тийм биз” гээд хоорондоо асуугаад ярьж байгаа юм. Үүнийхээ дараа хэлсэн үгнээс нь үнэндээ би хувь хүнийхээ хувьд ичсэн.
-Юу гэж хэлсэн юм бэ?
-“Бид та нарт лаазтай хуурай сүү өгсөн. Даавуун ууттай 25 кг-ийн цагаан будаа өгсөн. Аймаг, сумдад дизель станц өгсөн. Улаанбаатар хотод Ниссан маркийн автобус өгсөн. Хамгийн сүүлд Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг өглөө. Гэтэл та нар хоорондоо ойлголцохгүйгээс болоод аль хэдийнэ менежмент нь шилжих байсан нисэх буудал одоо хүртэл гацсаар байна” гээд ерөнхийдөө “Ингэж тусалж байхад танайх хэтэрхий арчаагүй байна” гэж цаагуураа хэлж байгаа юм. Тэгэхээр асуудал манайд байгаа биз. Наад зах нь, зээл тусламжийг нь үр ашигтай зарцуулж чадсан билүү гэдгээ бид эхлээд бодох хэрэгтэй.
Миний хувьд тэр яриаг сонсоод залуу хүний хувьд үнэхээр ичсэн. Санаа зовсон. Яамандаа ирсэн даруйдаа гадны төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг судлаад үзэхэд зөвхөн захиргаа, үйл ажиллагааны зардалд нийт санүүжилтийн 45 хувийг зарцуулсан төсөл ч байсан. Ийм байж болохгүй. Би бизнесийг гараанаас нь эхэлж, Монголын бас томд тооцогдох “Увс хүнс”, UFC группыг байгуулсан болохоор яаж ажиллавал үр ашигтай, үр дүнтэй байх, зөв байх вэ гэдгийг харьцангуй сайн мэднэ гэж өөрийгөө ойлгодог. Улс төрд орохдоо ч НАМЗХ-гоор дамжаад анхан шатны намын хорооны гишүүнээс Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж бодит амьдралын жаргал зовлон дунд хутгалдаж байж өдийг хүрсэн болохоор ичих айх, эмээхийн учрыг мэднэ. Ядаж л эхлээд дотроо бодож сурах хэрэгтэй. Тэр дундаа төрд ажиллаж байгаа хүний хувьд.
-Та сая Японы парламентчийн хэлсэн үгнээс ичсэн гэж хэллээ л дээ. Энэ үгнээсээ тэгвэл ичиж байна уу. Ичсэн гэж хэлж байгаагаасаа гэсэн үг шүү дээ?
-Ичиж байна.. Үүнийгээ нуухгүй. Яагаад гэвэл энэ нөхцөл байдал монголчууд бид бүхний л үнэн дүр төрх байхгүй юу. Энэ дунд Цэрэнбат гэж хүн ч байгаа. Японы тусламжаар Монгол Улс нэг хэсэгтээ хөдөлж байсан тэр үе чинь миний л бага нас. Чиний ч бага нас л байхгүй юу даа. Санаж байгаа бол лаазтай сүүг нь хэрэглэчихээд ихэнх хөдөөний айлууд лаазаар нь ороо өндөрлөж, ашигладаг байсан. “Японы ард түмнээс бэлэглэв. Японы тусламж” гэсэн хаягтай цагаан будааг ч идэж байсан. Манай аймаг л гэхэд тэндээс бэлэглэсэн дизель станцаар цахилгаантай залгаж л байлаа. Ёстой л миний хүүхэд насны үеийн дурсамжийн нэг хэсэг л байгаа байхгүй юу. Харамсалтай нь, манайх хариу бариагүй. Тэгэхээр Монгол Улс, монголчууд бид өөрсдөө зах зээлийн нийгэмдээ эрийн цээнд хүрмээр байна. Энэ бүх утгагүй алдаагаа давтаж яваад байж болохгүй шүү дээ.
-Тантай хамт явсан бусад УИХ-ын гишүүн юм хэлж байна уу?
-Мэдээж дотроо бодсон байх. Би тэр хүмүүсийн өмнөөс юу хэлэх вэ дээ. Гол нь энэ бол ганцхан Японы жишээ. Тэгвэл Германыг бодоод үз. Байгаль орчны салбарт хамгийн их дэмжлэг үзүүлдэг Германы Эдийн засаг, хамтын ажиллагааны нийгэмлэг байна. Бид Монголдоо, эх орондоо байгалиа ашиглаж, ашиглачихаад нөхөн сэргээх болохоороо гаднаас мөнгө гуйдаг. Энэ бол бас л яах аргагүй ичгэвтэр үйлдэл. Үүнийг би засахын тулд цаашид уул уурхайг хариуцлагатай байлгахын тулд шахаж ажиллана. Үүний тулд хариуцлагын даатгалын системийг нэвтрүүлнэ. Тухайн уул уурхайн компани 100 га газарт олборлолт хийсэн бол тэндээ даатгал хийлгэх ёстой. Хэрэв нөхөн сэргээж чадаагүй бол даатгалын компани эрсдлийг нь хүлээдэг байх хэрэгтэй. Ингэж чадвал даатгалын компаниуд ч хөгжинө, эргээд уул уурхайн компаниуд ч хариуцлагатай болно. Гэхдээ энэ нь дэлхийд ашиглагдаж байгаа арга зам. Үүнийг бид зоригтойгоор нэвтрүүлэх хэрэгтэй.
-Та “Би залуу хүн” гэж хэд хэдэн удаа давтлаа. Энэ нь мэдээж таны улс төрийн карьер дөнгөж эхэлж байгааг илэрхийлэх нэг хариулт байх. Тэгвэл залуу хүний хувиар улстөрчдийн өнгөрсөн 30 орчим жилийн алдаа, онооноос хараад “За би ийм л алдаа гаргахгүй юм шүү” гэсэн сургамж танд хэр төрөх юм. Яг тодорхой “Би энэ замаар алхахгүй ээ” гэж хэлэх тэр үг?
-Монгол Улсын хүн амын 65 хувь нь залуучууд. Энэ дунд би орно. Тэгэхээр дунджаар ирэх 30 жил яах аргагүй манай үеийнхний цаг хугацаа байгаа биз. Хүссэн ч, эс хүссэн ч би эндээ л амьдарна. Яагаад гэвэл би монгол хүн. Дэлхийн аль нэг улсад очоод зуун хувь сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрахад хэцүү. Яагаад гэхээр байгалийн өгөгдөл, хүний өгөгдөл хоёр нь Монголдоо л байгаа байхгүй юу. Ийм байхад эмнэлэг дутагдалтай, сургууль хүрэлцээгүй, нийгмийн хөгжил уруудан доройтоод байхыг хараад суух нь миний хүсэл биш. Би бусадтай адилхан л эмнэлэг орно, хүүхдээ сургуульд өгнө. Манай үеийнхний хүүхэд нас ч адилхан. Картын бараанд дугаарлаж үзсэн, сургуулийн паар хөлдөөд гадуур хувцастай хичээлдээ сууж л байлаа. Цонхоо нэг их зузаан хөвөн бариад, дулаалаад зогсож ч байсан. Нэг ёсны бидний үеийнхний үнэт зүйл ч, дурсамж ч нэг л байхгүй юу даа.
-Гэхдээ олонх нь байрандаа үлдэж, цөөнх нь урагшаа гардаг бол нийгмийн л мөн чанар шүү дээ. Жишээ нь, та мэдээж энэ тохиолдолд цөөнхийн нэг нь болох байх?
-Яахав, миний хувьд анх приставкаар Жеки Чан, Брюс Литэй кино үзээд “Хурдхан шиг онц сураад ийм гоё газруудаар очиж үзэх юмсан. Онц сурвал л үзэж чадах байх” гэж бодогдож байсан. Надтай адил тэгж бодсон, тэр бодлоороо хичээл номондоо шамдаж, өнөөдрийн амжилтанд хүрсэн залуус олон бий. Яг цөөнх гэж хэлж болохгүй байх. Кино үзэхийн тулд шил түүж, тушаана. Их юм болно. Хонконгийн тэр гоё өндөр барилгуудыг анх удаа зурагтаар хараад бас л ангайна шүү дээ. Ингэж хүүхэд байхдаа олж авсан мөрөөдлийнхөө эзэн болохын төлөө л зүтгэсэн. Харин ингэж зүтгэчихээд өмнөх үеийнхнийхээ алдаан дээр дахиж гишгээд, эргэж алдаад явж болохгүй. Яагаад гэвэл энэ цаг үе бидний цаг үе. Бид үе дотроо эхлээд ойлголцож сурах хэрэгтэй. Дээр нь, ярихгүйгээр хийж сурах хэрэгтэй. Ярьсаар байгаад хийгээгүй алдаатай туршлага байхад тэрийг давтаж болохгүй.
-Та тухайлбал юуг ярихгүй шууд хиймээр байна?
-Аливаа шийдлээ түрүүлж ярихгүй шууд л хийх хэрэгтэй. Ядаж мэргэжлийн хүний үгийг төр үнэт зүйл гэж хардаг болох хэрэгтэй. Арван хүн цуглахад дунд нь ганцхан мэргэжлийн хүн байгаад тэр хүн асуудлыг мэргэжлийн үүднээс тайлбарлахад үгийг нь тоохгүй орхих юм бол тэгээд л есөн хүний олонхиороо баталсан алдаа болно. Тэгэхээр ардчиллын зарчмаараа олонхийн саналаар шийднэ гэдэг чинь яг мэргэжлийн асуудал дээр заримдаа буруудаад байна гэдгийг хэлэх гээд байгаа юм. Энэ бол манай нийгмийн ерөнхий нэг алдааны загвар болчихсон. Иймд би хэзээд мэргэжлийн хүний үгийг гол болгоно. Эмоциор шийдвэр гаргахгүй. Жишээ нь, утааны асуудал байна.
Асуудлыг шийдэх гэж ярьж байсан бүх хүмүүс нь жилийн жилд солигддог. Тэр болгонд асуудлыг эхнээс нь ярьдаг байсан. Ингэхдээ нөгөө л мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсоогүй. Яагаад утааны бохирдолд авто машин нөлөөтэй юм бэ гэдгийг нь мэргэжлийн хүмүүсээс нь асуугаагүй байх жишээний. Энэ чинь өөрөө асуудал байхгүй юу. Улаанбаатарын утааг арилгахад ганц Цэрэнбат ажиллаад шийдэхэд хэцүү. Улаанбаатар хотын захиргаа, агаарын чанарын мэргэжилтнүүд, гаднаас шатахуун түлш импортолдог компаниуд, нийтийн тээврийнхэн, тэр дундаа Улаанбаатар хотын иргэн бүрийн оролцоо хэрэгтэй. Гэтэл манай улстөрчид л бүхнийг шийднэ гэж яриад байдаг. Улстөрчид маань ч тэгж ойлгуулдаг. Үүн дээрээ бас алдаагаа засмаар байгаа юм.
АН-ЫНХНЫ БОДЛОГОГҮЙ САЙХАН СЭТГЭЛИЙН ӨРИЙГ ТӨЛӨХ ГЭЖ ХОЁР ЖИЛИЙГ ЗАРЦУУЛЛАА
-Та мэргэжлийн хүний үгийг сонсоно гэж хэлж байна. Гэтэл эцсийн шийдвэрийг та гаргаж байгаа. Яагаад гэхээр танд сайдын тамга бий. Та тэр тамгыг дарж байгаа. Энэ үүднээс нь бодоход салбарынхаа асуудлыг шийдэхэд таны оролцоо хэдэн хувьтай байна гэж харж байгаа вэ?
-Салбар удирдаж байгаа, толгойлж байгаа хүний оролцоо аль ч салбарт 60 хувь байх болов уу. Хувилж бодоход шүү. Яагаад гэхээр ямар ч шийдвэрийг итгэл үнэмшилгүй бол гаргаж болохгүй. Итгэл үнэмшлийг төлөвшүүлэхийн тулд сайтар бодож, судалж, олон талаас нь хардаг байх ёстой. Энэ бол миний зарчим. Удирдахуйн ухааны зарчим ч тэр. Улс төрийн албан тушаалтны хувьд энэ чанар хамгийн гол мөн чанар байх ёстой гэж боддог. Шүүгч гэхэд хувь хүнийхээ бус албан тушаалынхаа зангараг, эрх мэдэл, хуулийг үндэслэж шийдвэр гаргадаг. Яг үүнтэй адилхан.
-Тэгвэл энэ 60 хувийн нөлөөлөлдөө эрдэх хандлага танд гарав уу. Энэ гурван сар гаруйн хугацаанд?
-Ямар ч хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Эсвэл шууд сохроор даган дуурайдаг. Миний хувьд аль болох судалж, асуудлыг нь логикоор харахыг зорьдог. Ингэхдээ дахиад хэлэхэд эхлээд юун түрүүнд мэргэжлийн хүмүүсээс нь асууж тодруулдаг. Тэгээд зөв гэдгийг батлах юм бол “Алив урагшаа” гээд л шийддэг. Үүнийг мэдээж эрдэх гэж хэлэхгүй байх. “Таван минут тэнэг байх уу. Насаараа тэнэг байх уу” гэж үг бий. Миний хувьд хэзээд таван минут тэнэг байхыг нь сонгоно. Асуугаад мэдчихэж болох зүйлийг асуухаас нэрлэхээд насаараа тэнэг явж болохгүй биз дээ.
-Байгаль орчны салбар бол монгол хүн бүрээс сэтгэл зүрх, байгалиа хайрлан хамгаалах сэтгэл нэхдэг салбар. Магадгүй улстөрч гэхээс илүүтэй их сайн байгаль хамгаалагч ч энэ салбарыг удирдвал Монгол Улсын байгаль суурь мөн чанараараа үлдэх юм болов уу гэж боддог хүмүүс ч бий. Та үүнийг зөвшөөрөх үү?
-Уучлаарай, бодлогогүй сайхан сэтгэл бол тэнэгийн дүү гэж үг байдаг. Дан ганц сайхан сэтгэлээр бүхэл бүтэн яам, улс орны хөгжлийг удирдана гэж байхгүй. Алс хэтээ харсан зөв бодлого, бодол байх хэрэгтэй. Бод л доо, өнгөрсөн хугацаанд Монгол Улс таван тусдаа төсөвтэй, таван өөр бодлоготой явж ирсэн. Ардчилсан нам энэ үед хамгийн их сайхан сэтгэл ярьдаг улс төрийн хүчин байсан. Үр дүнд нь юу болов. Монгол Улс дефольт зарладгийн даваан дээр тулж, өнөөдөр арай хийж эдийн засгийн хувьд өндийж байна.
Дахиад хэлэхэд дөнгөж өндийж байна. Энэ нь бүрэн болчихлоо гэсэн үг биш шүү. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд ард түмнээ бодож олон тэрбум төгрөг тараах замаар бензиний үнийг тогтворжуулсан гэдэг. Гэтэл өнөөдөр юу болов. Улс орны өр хэрээс хэтэрч, дампуурал зарлах хэмжээнд хүрсэн. МАН засгийн эрхийг аваад жил гаруй болж байгаа ч АН-ынхны тарьсан балгийг цэвэрлэсээр өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг 2019 оноос л хэрэгжүүлэх гэж байна.
Өнөөдөр бол өнгөрсөн дөрвөн жилийн өрийг төлөхийг л чухалчилна. Өөр арга зам бидэнд үлдээгүй. Үндсэндээ АН-ынхны бодлогогүй сайхан сэтгэлийн өрийг төлөх гэж хоёр жил бүх олсон мөнгөө зарлагадаж байна. Ийм учраас сайхан сэтгэлээ оюун ухаантай холбож байж үр дүнд хүрдэг гэдгийг хаа хаанаа бодох хэрэгтэй. Энэ бол миний нэг их ухаантайдаа хэлээд байгаа үг биш юм. Хүн төрөлхтөний түүхийн алдаа оноо, сургамж нь ингэж зааж зөвлөж байна.
-Тэгвэл танд энэ хоёр чанарыг холбох чадвар хувь хүнд тань бий юу. Улс төрд орох шийдвэрийг мөнгөнд эрдэж эс бол улс төрийн дэмжлэгт найдаж бус юун түрүүнд өөртөө итгэх итгэл дээр үндэслэж гаргадаг болов уу гэж найддаг учраас энэ асуултыг тавьж байна?
-Арван жилийн өмнө НАМХЗ-нд элсэх үеэрээ аймгийнхаа бүх сумын залууст тарааж, сурталчилж байсан “Өөрөөр амьдарцгаая” гэдэг уриалгынхаа үг, уриаг уншихаар надад өөрийнхөө зарчмаас хазаагаагүй юм байна гэдэг бодол төрдөг. Өөрийнхөө талаар шүү.
-Юунд уриалж байсан гэж?
-Олон л зүйл бий. Жишээ нь, “Интернэт бол өөрийгөө хөгжүүлэх боломж болохоос бус өрөөлтэй хов ярих талбар биш үү” гэсэн уриалга дэвшүүлсэн байх жишээний. Энэ хүрээндээ залууст өөрийгөө хөгжүүлэх боломж талаас лекц уншиж, мэргэжил үйлдвэрлэлийн сургалтанд хамрагдахад нь дэмжлэг үзүүлж байлаа. “Хүндэт увсчуудаа та бид уулсын сүрлэг, усны тунгалагт ажиллаж амьдарч байна аа. Увс нутаг маань хамгийн цэвэр, онгон байгальтайгаа үлдсэн цөөхөн газрын нэг билээ. Ийм сайхан байгаль, нутаг усаа өвлөж авсан ёс заншил, ажилч хичээнгүй зан чанараа үр хүүхэд, ач зээдээ өвлүүлж, ирээдүйд сэтгэл амар, эрүүл саруул амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор МАСЗХ-ноос “Өөрөөр амьдарцгаая” аяныг эхлүүлж байна гээд л нэлээн ажил хийсэн.
Энэ аяныг маань хамтран зохион байгуулалцсан, сум орноо манлайлсан арваад залуу Засаг дарга, ИТХ-ын дарга хийж байна. Олон ч залуучууд нь орон нутагтаа агентлаг толгойлоод ажиллаж байна. Үндсэндээ өнөөдөр бидний цаг үе гэж энийг хэлээд байгаа юм. Бид үеэрээ урагшилж, үеэрээ хамтарч ажиллахад суралцах хэрэгтэй. Наад зах нь, жилдээ ядаж хоёр удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг болъё. Тэгж байж эрүүл саруул амьдарч чадна гэдгийг нэлээн сайн идэвхжүүлсэн. “Та такси үйлчилгээ эрхэлж байгаа бол өдөрт ядаж ганц удаа машинаа цэвэрлэж байгаарай.
Тэгж чадвал таны орлого нэмэгдэнэ” гэх мэтээр амьдралд ойр, зүгээр л хувь хүнээс нь шалтгаалах энгийн уриалгыг ч дэвшүүлж байсан. Тэр үед чинь хөдөө цөөхөн сургууль компьютертэй байсан. Тэгээд “Энэ их үнэтэй” гээд олонх нь олигтой ашиглахгүй хадгалчихдаг байлаа. Тэрийг нь өөрчлөх гэж “Компьютер бол тоосонд дарагддаг тавилга биш ээ. Бүрэн ашиглаж сурая. Арван хуруугаараа ашиглаж сурах юм бол та арав дахин цаг хожино” ч гэж залуучуудаа уриалж байлаа. Магадгүй энэ яриа зарим хүмүүст жижигхэн, инээдтэй санагдаж мэднэ. Гэхдээ энэ чинь бидний туулсан цаг үе. Тэр үедээ өнөөдөр жижигхэн санагдаж болох ийм үгээр хүмүүсийг уриалах, хэрэглээг нь шинэ төвшинд хүргэх шаардлага байсан л байгаа байхгүй юу.
-Нээрээ одоо бол “Юу билээ” гэж бас бодмоор л юм байна?
-Тийм ээ. Гэхдээ энэ бол хэзээд л яригдах ёстой сэдэв. Бид шинэчлэлийг үргэлж том улс төр, нийгмийн чанартай том том асуудлаар хараад байж болохгүй. Миний хувьд аливаа өөрчлөлтийг энгийнээс эхлэх ёстой гэж боддог. Тэгж эхлүүлсэн шинэчлэл хүний амьдралд дадал зуршил болж үлддэг. Бизнест “Цамц зарах гэсэн нүцгэн хүнээс болгоомжил” гэж алтан зарчим бий.
Өөрөө цамцгүй хэрнээ “Энэ гоё цамц шүү” гэж хэлж байгаа нь худлаа л байхгүй юу. Үүнтэй адил хөгжил ярих гэж байгаа бол эхлээд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд сурах хэрэгтэй. Мянга гоё юм яриад яах юм бэ. Энэ бол зарчим. Одоо манайхан хүүхдээ анхаарая гэж яриад эхэллээ. Би тэгэхэд 10 жилийн өмнө Увсад “Та хүүхдээ хаана юу хийж байгааг нь мэдэж байгаа юу. Таны хүүхэд гэртээ ирсэн үү” гээд анхааруулга өгөөд л явж байсан. Өнөөдөр Монголд монгол гэр бүлийн өв уламжлал, зан заншил алдагдаж байна. Ийм байхад мянга хөгжөөд яах юм. Гэр бүлийн үнэт зүйлээ хамгаалахгүйгээр, бид хаана хүрэх юм.
УЛСТӨРЧИД ДУНД МУУ НЬ Ч БИЙ, САЙН НЬ Ч БИЙ
-Тэр үедээ УИХ-д нэр дэвших тухай бодож байв уу. Уриаг тань хэн бичсэн бэ?
-Дөнгөж л МАСЗХ-ны Увс аймаг дахь тэргүүн болсон л үе. Өөрөө бичсэн. Увс аймагт бизнес хийдэг залуу л байсан. Аймгаа гоё болгохын тулд айлд очиж гоё байлгах бус өөрийнхөө гэрийг эхлээд гоё, зөв болгох хэрэгтэй гэдэг бодол л байсан. Тэр дагуудаа бичсэн. Үр дүнд ч хүрсэн.
-Тэгээд бодит өөрчлөлт гаргаж чадсан уу?
-Залуучууд бол ер нь өөрчлөгдсөн шүү. Зарим нэг нь ч мэдээж мартсан л байх. Гэхдээ “Таны зөвлөгөөг аваад амжилтанд хүрсэн шүү” гээд эргэж ирээд уулзсан залуус ч бий. Математикийн олимпиадад ороход нь дэмжлэг үзүүлсэн хүүхэд маань гэхэд Японд сурч ирээд талархал илэрхийлж л байсан. Аав, ээж нь баярлалаа гэж хэлдэг юм билээ. Манай охин гутал хийх сургалтанд суугаад одоо өөрөө жижигхэн цех байгуулаад сайхан амьдарч байна гэж хэлэх ээжтэй таарч л байсан. Олон ч залуу фермер байгуулсан. Мэдээж энэ бүхнийг том ажил гэж хэлэхгүй. Гэхдээ амжилтыг бас үгүйсгэж болохгүй. Гол нь надаа алгассан карьерийн үсрэлт гэж байдаггүй. Багаас нь эхэлж ярьсан шигээ шат шатаар гишгээд л урагшилж яваа Монголын залуу үеийн нэг л төлөөлөл. НАМЗХ-ны гишүүн, дарга, Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан.
-Дараа нь УИХ-ын гишүүн болсон?
-Тэгсэн. Би энд зориуд нэг зүйлийг хэлмээр байна. Ер нь боломж олдвол л сургуулийнхаа талаар буюу ШУТИС-ийн Компьютер, техник, менежментийн сургуулийнхаа тухай ярьдаг. Зарчим, систем, баг гэж байдгийг би тэндээс сурсан. Хөлбөмбөгийн талбайд ганц л багийн ахлагч байдаг гэдгийг онолын хувьд ч, амьдралын хувьд ч сургуулиасаа л сурсан.
“Бизнесийн одууд” гэж хичээл байна. Миний нүдийг үндсэндээ л нээж өгсөн хичээл байсан. Тэр үед дэлхийн одууд дандаа нас ахисан хойноо сан байгуулдгийг мэдэж байлаа. Манай ангийнхан “Яагаад хөгшрөхөөрөө сан байгуулдаг юм бэ” гэдэгт “Хөгширсөн болохоор, нүглээ наминчлах гэж” гэх мэтээр тайлбарлаж байсан. Гэтэл тэр хүмүүс болохоор “Өөрийнхөө туулсан бэрхшээл зовлонг олон хүн битгий туулаасай” гэсэндээ сан байгуулдаг байх жишээний. Зарим тэрбумтны яриаг уншихад “Амьдралаа эргээд харсан чинь би тэрбумтан болчихсон. Харин манай найз нар нөгөө л байрандаа үлдсэн байхыг хараад ахмадуудад үйлчилдэг сан байгуулсан” гэж ярьсан байх жишээний.
Тэндээс манай найз нар “Тэгвэл бид залуу насан дээрээ нийгмийн идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгосон. Нийгмийн хариуцлагатай компани гэж байдаг юм байна. Тэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Хөгширсөн хойноо эргэж хараад харамсах бус залуугаасаа хийе л гэж тохиролцсон. “Нэг нүүртэй бай” гэж монгол үг бий. Тэр л байхгүй юу.
-Гэхдээ улстөрч хүн олон нүүртэй байх хэрэгтэй гэсэн яриа бас байдаг. Ер нь ч олонх нь мөрддөг байх?
-Үгүй ээ, яагаад заавал бид бүх муу муухай бүхнийг ярьж, тэрүүгээрээ бусдыг харж дүгнэх ёстой юм бэ. Энэ улстөрчид дунд муу хүмүүс байгаа нь үнэн. Бас сайнууд нь ч бий. Олон улстөрч дунд нэг нүүртэй байгаад улс орноо хөгжүүлсэн тууштай хүмүүс ч бий. Хүн аливаа зүйлийг ялгаж салгаж харах чадвартай байх хэрэгтэй. Бод л доо, надад таалагдсан зүйл чамд таалагдахгүй байж болно. Чамд таалагдсан зүйл надад таалагдахгүй байж мэднэ. Энэ чинь хүн хүний л хандлага, бодол байхгүй юу. Одоо “Залуу улстөрчид хүмүүст муухай харагдаад байна. Би хүлээе” гээд арван жилийн дараа ажлаа эхлүүлэх үү. Тэгж болохгүй. Харин ч үе, үедээ залуу хүмүүс нь нэг нэгнээ ойлгодог, бие биеэ дэмждэг болж ажиллаж эхлэх хэрэгтэй.
-Тэгвэл залуусын бодлыг юун дээр төвлөрүүлмээр байна?
-Хандлагаа өөрчлөхөөс эхлүүлэх хэрэгтэй. Үүн дээр л төвлөрлөе. Шүүмжлэхийг бол хэзээ ч хийж болно. Өнөөдөр Монголд бизнес хийх хэцүү. “Шатаад” босч ирж байгаа нь олон байна. Яг тэдэн шиг амжилттай эхэлсэн ч шатаад, тэр цохилтоосоо болоод “шатсан” нь ч олон бий. Тэгээд яах юм. Боссоныг нь магтаад, унасныг нь муулаад явах юм уу. Ингэвэл Монгол Улс хөгжихгүй. Ирээдүй үе ч сайжрахгүй. Харин ч алдаанаас нь суралцаад, дахиж олон залуучууд “шатахгүйн” тулд төр засгийн буруу шийдвэрийг засах хэрэгтэй. Олон зовлонг нь шийдэх хэрэгтэй. Ил тодоор, зарчимтай, ойлголтыг нь нэгтгэх хэрэгтэй. Тэгж чадвал нийгмээрээ урагшилж чадна.
БИ АМЬДРАЛАА ӨӨРИЙНХӨӨРӨӨ АВЧ ЯВАА НИЙГМИЙН ДУНДАЖ ТӨЛӨӨЛЛИЙН Л НЭГ
-Таны яриа бизнес эрхлэгч залуучуудын жаргал зовлон руу орж байна. Мэдээж таныг бизнесийн салбараас улс төрд орсныг тань уншигчид мэднэ. Гэхдээ бүх залуус бизнес хийгээгүй гэдэг талаас нь асуудлыг харвал та ямар хариулт өгөх вэ?
-Ажлын байрыг ажил олгогч нар л бий болгодог. Тиймээс хууль дүрэм тодорхой, тогтвортой байвал бүх монголчууд, бүх залуус ажилтай орлоготой, амьдралдаа сэтгэл хангалуун байж чадна. Үүнийг тогтвортой хөгжил гэж байгаа юм. Хэрэв бизнес хийх орчин тогтвортой байвал нийгмийн хөгжил тогтвортой болж чадна.
Манай “Увс хүнс” гэхэд Улаанбаатарт бараагаа борлуулах болоход олон шахалт, хаалттай тулгарч байсан. Ид борлуулалтын үе болох цагаан сарын үеэр ямар ч тодорхой шалтгаангүй агуулахыг маань лацдчихна. Цагаан сар өнгөрөхөөр эргээд тодорхой тайлбар хийхгүй шууд нээх жишээний байсан. Ийм жишиг бизнест байж болохгүй. Ямар ч хүн шинэ бизнес эхлүүлэх боломж нь нээлттэй байх ёстой. Өнгөрсөн 30 орчим жилийн турш ажиллуулсан дээд үеийнхий бизнес зөвхөн Монголд монополь байх ёстой гэдэг хууль байхгүй. Би өөрөө энэ жишгийн эсрэг зүтгэж, тэмцэж гарч ирсэн хүн. Тийм болохоор төрийн бодолд адил тэгш эрх гэдгийг зайлшгүй хуульчилж өгөх ёстой гэж боддог. Хуулиар дамжуулж залууст эрх нээж өгөх ёстой гэсэн үг.
Үгүй ядах нь ээ л би чинь дөрвөн хүүхэдтэй. Амьдралаа өөрийнхөөрөө аваад явж байгаа нийгмийн дундаж л төлөөлөл. Ингээд гэр бүл, үр хүүхдээ бодохоор дээд боловсролын сургалтын орчин хэр байгаа юм бэ, Ирээдүйд миний дөрвөн хүүхэд амьдралаа авч явахын тулд Монголдоо ямар боловсрол эзэмших ёстой юм. Миний хүүхдүүд хэн нэгэнтэй сууна, ирээдүйд би хэн нэгэнтэй худ ураг болно. Тэр хүмүүсийн боловсрол, төлөвшил, хандлага ямар байх вэ гэдгээс эхлээд л асуудлыг ярина, бодно. Энэ чинь аав хүний л бодол байхгүй юу.
Хэрэв сайн тал руу нь эргүүлж өөрчилж чадвал ирээдүйд би сэтгэл амар амьдарч чадна. Хүмүүс УИХ-ын гишүүн гэхээр өөрөөр хардаг байж магадгүй. Гэтэл хүний амьдралын жам ёсны хэрэгцээ шаардлага, ёс суртахууны зарчим улстөрч хүнд өөрөөр байна гэж байхгүй. Хүн бол хүн л байдаг. Гэхдээ яахав миний хувьд “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэж гавьяат жүжигчин С.Батсүхийн дуунд их дуртай. “Алим модноосоо хол унахгүй” гэж ч үг байдаг. Өөрийнх нь үнэт зүйл, ёс суртахууны боловсрол өөрийнх нь хүрээг бий болгодог гэдэг утгаар л асуудалд ханддаг. Энэ чинь өөрөө нийгмийн хандлага л байхгүй юу даа.
“ЭНЭ ЦЭРЭНБАТЫН ОРОНД АЛТАНХУЯГИЙГ СОНГОХГҮЙ ЯАВ ДАА” ГЭЖ ХЭЛҮҮЛЭХГҮЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА
-“Алим модноосоо хол унадаггүй” гэж хэлсэн дээр тань асуухад таны аав Намсрай Увс аймгийн МАН-ын даргаар олон жил ажилласан хүн байдаг юм билээ. Улс төрийн сонголт аавтай тань холбоотой юу?
-Манайх хотын айл байгаад намайг тавдугаар ангид байхад Увс руу шилжсэн. Хотын паартай байранд амьдарч сурсан хүүхдэд лаа барьдаг, цахилгаангүй хүйтэн газар очих хэцүү л санагдаж байсан. Тэр үед “Хурдхан шиг онц сураад хот руугаа явъя” гэж боддог байлаа. Аав минь аймагтаа нэр хүндтэй, нутгийнхаа бас л хүндтэй хүн байсан. Увс аймгийн МАХН-ыг ч олон жил удирдсан. Гэхдээ манай гэр бүлд бусдаас өөр давуу тал гэж байгаагүй. Яг л нэг айлд ногддог долоон кг гурилаа авна. Картынхаа бараанд дугаарлана. Галаа түлж, хогоо шүүрдэнэ. Миний хувьд тэгэхээр илүү юм байгаагүй л гэсэн үг. Нас биенд хүрсэн хойноо өөрийн санаа бодлыг дагаж л улс төрийн сонголтоо хийсэн. Нэг нүүртэй, зарчимтай амьдрах үнэт зүйл бол харин ааваас маань, ах дүүгээс маань уламжил ирсэн шүү.
-Та аймгийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэр хоёр жилийг юу гэж үнэлдэг вэ?
-Би ажлаа л хийж байсан. Орон нутгийн мэдээ, мэдээллийг өгнө. Шийдэх ёстой асуудал, бэрхшээлийг танилцуулна. Тэр бүх ажил маань надад туршлага, орон нутгаа илүү сайн таньж мэдэх боломж өгсөн үү гэвэл өгсөн. Туршлагатай улстөрчтэй хамтарч ажиллана гэдэг өөрөө залуу хүнд яах аргагүй туршлага өгнө. Энэ мэдээж тодорхой дүгнэлт байх, тийм үү.
-Таны хувьд гэхдээ өнөөгийн парламентын азтай залуу улстөрчдийн тоонд ордог. Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга байсан хүнтэй, тодруулбал одоогийн Ерөнхийлөгчийн улс төрийн ахлах зөвлөх Н.Алтанхуягтай өрсөлдөж, УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан тань ийм дүгнэлт хийхэд хүргэсэн нь ойлгомжтой. Та харин энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Аз ч яг биш л дээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгчлэн хөдөлмөрлөсний л үр шим шүү дээ. Түүнээс бус азтай байна гээд аз хүссний хэрээр лотто болгоноо авч байгаад тэрбумтан болно гэж байхгүй. Юун түрүүнд багаар ажиллаж сурах хэрэгтэй. Хүмүүсийг хүндэтгэж, ажилладаг дадал зуршилтай болох хэрэгтэй. Яахав нэгэнт сонгогчдын шийдвэр гараад УИХ-ын гишүүн болсны дараа “Аз биш” гэж хэлэх нь өрөөсгөл байж магадгүй. Тэр үед олон хүн намайг “Тэнэг юмуу, очиж, очиж Н.Алтанхуягийн аманд орж унах гэдэг” гэж зэмлэж л байсан. Тэгэхээр асуудлыг хаанаас нь хэзээ харах вэ гэдэгт асуудал нь байгаа биз.
Миний хувьд бол “Аз” гэж хэлэхгүй харин манай нутгийнхан надад илүү итгэсэн юмаа л гэж хэлнэ. Сонгуулийн дүн ингэж хэлэх эрх өгсөн гэдэгт итгэлтэй байна. Одоо бол гол нь л ажиллах. Тэр дундаа, сайн ажиллах. Яахав, аз нь таараад ялсан гэх нь тэгэх л байх. Энэ чинь хүн хүний л бодол. Ямар ч байсан миний хувьд чадлынхаа хэрээр байгаа бүх хувилбараа дайчилж сайн ажиллана л гэж бодож хичээдэг. Өөр арга зам ч угаасаа байхгүй. Ард түмний итгэлийг зүтгэлээр хариулж байж, “Энэ Н.Цэрэнбатын оронд Н.Алтанхуягийг сонгочихгүй яав даа” гэж хэлэгдэхгүйгээр л ажиллана гэж боддог.
-Хувь улстөрчийг нь та өнөөдрийн хувьд өрсөлдөгч гэдгээр нь харж байна уу. Хүндлэх сэтгэгдэл төрдөг үү?
-Яах аргагүй манай нутгаас гарсан лидер. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн шүү дээ. Явж, явж бид хоёрын сонгууль хамгийн шударга болсон болов уу гэж боддог. Хэн хэн нь мөнгө тараагаагүй. Нэг нэгнээ субьектив шинж чанар талаас нь муулж, гоочлоогүй. Ажлынхаа үр дүн, зорилтоо л ярьсан. Энэ дундаас иргэд сонголтоо хийсэн. Сая Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвших үеэрээ УИХ-ын сонгуулиас хойш уулзаагүй байснаа уулзаж, гар барьсан. Сайхан л санагдсан.
-Та соёлын өвийг хойч үедээ уламжлуулан үлдээх талаар тодорхой ажил хийнэ гэж ярьж байсан. Тэр ямар учиртай юм бэ?
-Манай Хяргас сумаас Парчин гэж их мундаг туйлч төрсөн.Ховдын хязгаарыг чөлөөлөхөд Хатанбаатарын цэргүүд сэлэмнээс өөр зэвсэггүй, өлсгөлөн байдалтай тулалдаж байхад урам өгөх зорилгоор “Бум-Эрдэнэ” гэж туйлыг шөнөжин хайлж, өглөө нь Ховдыг чөлөөлсөн түүхтэй. Иймд тэр хүний туйлыг ном болгон хэвлүүлсэн. Түүх соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тод номын гэрэл” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Түүх давтагддаг гэж үг бий. Тийм болохоор давтагдах алдаанаас нь сэргийлээсэй гэсэндээ түүхийн номнууд хэвлүүлж өгдөг. Өөрөөр, би өөрөө ном бичээд л, хойч үедээ сургаал айлдах, амьдрал заах юм бол байхгүй л дээ. Сүүлд тууль хайлах уралдааныг сумандаа зохион байгуулсан. Тууль ЮНЕСКО-гийн соёлын өвийн биет бус төрөлд байгаа.
-Саяхан УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ю.Цэдэнбал гуайн талаар “Тухайн үеийн Орос коммунистуудын гар хөл болж Монголыг дарангуйлж хаан шиг амьдарч, хэн дуртайгаа хэлмэгдүүлж байсан хүнийг удирдагч болгож магтан дуулахаа ядаж больчихооч” гэж сошиалд жиргэсэн. Та харсан уу?
-Хараагүй. Надад нийгмийн сүлжээнд ороод байх зав ч тун хомс.
-Гэхдээ ингэж жиргэсэн гэхээр юу бодогдож байна?
-Түүх давтагддаг гэж би дээр хэлсэн. Өнөөдөр Ардчилсан намын лидерүүдийн нэр хүнд ямар байгаа билээ. Бодох хэрэгтэй. Дээр нь, Ю.Цэдэрбалыг мууллаа гээд бид өнөөдөр юу хожих юм бэ. Нэг талдаа бодоход шүү. Түүх түүхээрээ л үлдэнэ. Дээр нь, муулаад байгаа Ю.Цэдэнбалаасаа хойш бид юуг хийж бүтээх гэдгээ бодох хэрэгтэй. Тэр хүний байгуулсан Эрдэнэт үйлдвэрийн хүчээр Монголын эдийн засаг урагшилж байна. Эсгий гэрээс паартай байшинд амьдрах хүн төрөлхтөний түүхийн хөгжил дэвшлийг тэр хүн Монголд авчирсан.
Гэрэлтэй, хоттой, үйлдвэртэй болсон. Хувь хүнийх нь түүх үнэндээ ямар ч хүн давахад хэцүү түүх. Ийм түүхийг орчин үеийн бид хэрэв туулбал давж гарах уу, үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй. Манай гэр бүлд Ю.Цэдэнбал даргатай холбоотой нэг түүх бий. Тэр нь Ю.Цэдэнбал даргатай хамгийн сүүлд албан ёсоор уулзсан хүн нь манай аав. Аав маань намайг амьдрал зохиож, хуримаа хийхэд Ю.Цэдэнбал даргын сүүлчийн гарын үсэгтэй ил захидлыг бэлэглэж байсан. Одоо манайд хадгалагддаг. Увс аймагтаа байгуулсан бэлэгийн сургуульд нь би арван жилээ онц дүнтэй төгсөж байсан. Манайх Ховд аймгийн Мянгад суманд байсан.
Би Ю.Цэдэнбал даргын байгуулсан Мянгад сумын цэцэрлэгт явж байсан. Энэ бол түүх байхгүй юу. Энэ түүхийг мартаж болохгүй. УИХ-ын гишүүн болсны дараа Ю.Цэдэнбал даргын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулахад би гишүүнээр нь орж ажилласан. Хийсэн бүтээсэн бүхэнтэй нь холбоотой олон сайн, муу мэдээллийг нь үзсэн, харсан. Одоо бид Ю.Цэдэнбалыг муулахаасаа өмнө энэ хүний бүтээсэн түүхийг үргэлжлүүлэх ёстой.
Ардчилсан намын ах нар маань өөрсдийнхөө Монголын ард түмэнд бэлэглэсэн гэж яриад байгаа эрх чөлөөгөө эдэлж, хэн нэгнийг муулж, шүүж болно. Гэхдээ өөрсдөө тэр хүмүүсээсээ илүү ихийг бүтээсэн үү гэвэл үгүй. Үүнийгээ бодох хэрэгтэй. Хаяа эргээд энэ хүмүүсийн жагсаж байхдаа барьж байсан уриа лоозонг нь олоод өөрт нь бэлэглэж, юуны төлөө жагсаж байсныг нь сануулмаар санагддаг.
–Ю.Цэдэнбал агсны сүүлчийн гарын үсгийг хуримын бэлгэнд өгнө гэхээр бас сонин л юм?
-Хүндлэл нь тэр байх. Манай аав, ээж бидэнд өв хөрөнгө гэхээсээ илүү үнэт зүйл өгсөн. Тиймээс энэ бэлэг хамгийн том бэлэг нь байх гэж боддог. Тийм ч болохоор нандигнаж хадгалж яваа.
-Монголчууд дунд “увс хүн” гэсэн тусдаа ойлголт, нэг бодлын ондоошил яригддаг. Та үүнд эмзэглэдэг үү?
-Намайг аймгийн ИТХ-ын төлөөлөгч байхад “Увс хүний хөгжлийн хөтөлбөр” гэж батлая гэж ярьж байгаад “Тэмдэг нэр нь увс хүн юмаа. Бид аймагтаа ийм хөдөлгөөн өрнүүлж байж, хөгжинө өө” гэсэн санааг манай нутгаас төрсөн эрдэмтэн, мэргэд ярьж байгаад баталсан. Тэр нэлээн дуулиан дэгдээж байсан Уг нь манайхан өөрсдөө бол буриад хүн, дархан хүн, дархад хүн гэж ярьдаг даа. Тэрүүнтэй адил л асуудал байхгүй юу даа.
Яахав, үнэхээр манай увсчууд ажилсаг, хөдөлмөрч гэдэг нь үнэн. Алс баруун хязгаараас хэнийг ч танихгүй Улаанбаатарт, хаа байсан зүүн аймагт ажиллаж амьдрах болоход “Яаж ийгээд тэсч үлдэнэ шүү” гэсэн эмоци л байдаг байх. Дарханд нэг уулзалт хийгээд явж байхад манай нутгийн эгч “Биднийг муусайн увсынхан гээд ад үзээд байдаг. Гэтэл энд бид чемодантай л энд ирж байсан. Миний хувьд хүнээс бага унтаж, хүнээс илүү хөдөлмөрлөсөндөө л бизнесээ босгосон. Энэ бол увс хүндээ биш олон хөдөлмөрч хүний л амжилт юм шүү” гэж хэлж байсан. Надад тэр үг бас их сайхан санагдсан.
БИ ХЭЗЭЭ Ч СУПЕР, СУПЕР ЮМ ЯРИХГҮЙ
-Та У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн залуу сайд нь шүү дээ. Энэ “Хамгийн залуу нь” гэдэг тодорхойлолт танд ямар нэгэн болгоомжлол, эсвэл ташуур өгдөг үү. Сүүлийн үед УИХ-ын залуу гишүүдийн нэр хүндийн уналттай холбоотой залуучуудаас олон нийт жаахан эмээдэг болж ирлээ. Сүүлдээ, УИХ-ын гишүүний насны босгийг 45 болгоё гэдэг ч санал гарч байна?
-Дээр хэлсэн. Монголын хүн амын 65 хувийг залуус эзэлж байгаа орны хувьд залуусаас зугтана гэж хэзээ ч байхгүй. Гол нь залуучууд хариуцлагатай л байх ёстой. Ачаа үүрэх шийдвэр гарсан бол ачаагаа үүрдэг. Алдаа гаргахгүй хэмжээнд өөрийгөө авч явах хэрэгтэй. Үнэхээр намайг ямар нэгэн байдлаар алдвал “Н.Цэрэнбатыг хар даа, залуучууд ийм л байхгүй юу” гэж хэлэх хүмүүс олон бий. Тэр хэрээр миний үеийн залуусын боломж хаагдана. Ийм болохоор үеийнхэндээ тээг болж болохгүй. Сая сайдад нэр дэвшихэд УИХ дахь залуу гишүүд хамгийн их дэмжсэн. “Үеэ төлөөлж сайн ажиллана шүү” гэж захьсан. Энэ захиаст л эзэн болохыг хичээгээд хэлсэн ярьсандаа байхыг л хичээнэ. Өөрөөр супер, супер юм яриад яах вэ л гэж боддог. Энд бас нэг зүйлийг зориуд хэлмээр байна.
-Юуг тэр вэ?
-Өнөөдөр манайхан залуусаа шүүмжлээд байдаг. Тэгсэн хэрнээ, 38-тай Францын Ерөнхийлөгчийг, 42-той Канадын Ерөнхий сайдыг зурагт үзээд мундаг гэж магтаад байдаг. Энэ бас их сонин өнцөг. Үүнийхээ оронд залуустаа туршлагаасаа хуваалцах хэрэгтэй. Ирээдүйд бид л хөлийг нь хучиж, амьдралын ачааг үүрнэ. Тэгэхэд монгол залуусаа үнэлэхгүй муу хэлээд л, гадаад орны залуусыг болохоор магтана. Яагаад залуусаа үнэлж, урам өгөхгүй, боломж олгохгүй байгаа юм бэ. Ийм байж болохгүй. “Миний дүү үүн дээр алдаж болохгүй гэхийн оронд Н.Цэрэнбат залуу болохоороо ингэлээ тэглээ” гээд л. Миний амьдрал яг бусадтай л адилхан. Ах, дүү хамаатан саднууд Увсаас эмнэлэг бараадаад ирнэ. Эмнэлгийн хонгилд хэвтээд эмчлүүлж л байна. Малчин нь очихоор ХААН банкны зээлтэй. Ноолуурын ханш өсөх шинж байна уу гэж асууна. “Энэ нэг хүүхдийг сургууль соёлтой болгочихвол манай гэр бүл аятайхан болчих гээд байна. Туслаарай” гэнэ. Тэгэхээр бидний асуудал нэг л байгаа биз дээ. Н.Цэрэнбат тэнгэрээс унаагүй гэдгийн жишээ энэ байхгүй юу. Манайхан бас хаяа жаахан тал талаас нь асуудлыг хармаар л санагддаг юм.
-Мэдээж хэн хүний ах, дүү хамаатан садан, нутаг усны бэрхшээл адилхан байгаа нь үнэн. Гэхдээ иргэд “УИХ-ын энэ олон залуучууд нэгдээд юу хийж байна вэ” гэдэгт л тодорхой хариулт хүсээд байна шүү дээ?
-Нэгдүгээрт УИХ-аас баталсан Залуучуудын хөгжлийн тухай хуулийг батлууллаа. Монгол Улс өнгөрсөн хугацаанд залуучуудаа дэмжсэн, хөгжлийг нь хангасан, боломжийг нь дээшлүүлэхүйц хуультай байгаагүй. Энэ бол УИХ-д суугаа арав орчим залуучуудын ажлын үр дүн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гуай саяхан “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг ярихад манай УИХ-ын залуу гишүүд хамгийн дүн нуруутай. Зөв чигийг барьж, шийдвэр гаргалцлаа” гэж хэлж байсан. Үнэн л байхгүй юу. Хэрэв УИХ-ын залуу гишүүдийн үйлдэл болгоныг цуглуулаад, бодит үр дүнг нь яриад явбал өнгөрсөн хугацаанд багагүй үр дүн гарсан. Манай салбарт л гэхэд Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ойн тухай, Амьтны тухай зэрэг байгаль орчны салбарын 19 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 142 давхардал, 177 зөрчил, 227 хийдлийг тогтоож, нэгтгээд Байгаль орчны салбарын багц хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн байгаа.
-Саяхан “У.Хүрэлсүхийн Засгийн газар задарна” гэдэг мэдээлэл хальт яваад өнгөрсөн. Мэдээж УИХ дахь МАН-ын гишүүд дотор санал бодлын зөрүүтэй, өмнө нь огцруулсанд шархалсандаа шүүмжлэлт байр сууринаас хандаж буй нь ч бий. Тэд та бүхнийг ажил хийхэд 100 хувь дэмжиж чадаж байна уу?
-Дахиад л хэлий. Багаар ажиллаж сурах хэрэгтэй. Олонх дотроо эв нэгдэлгүй бол ажил урагшаа явдаггүй, Ерөнхий сайд нь шийдвэр гаргах эрх мэдэлгүй бол гүйцэтгэх засаглал ямар сул дорой байдаг вэ гэдгийг бид олон удаагийн тохиолдоос харсан. Засгийн газруудын дундаж наслалт 1.6 жил байна гэдэг чинь өөрөө асуудал биз. Ингэж явсаар байгаад бид өнөөдрийн асуудал, бэрхшээл, зөрчлийг 20 жил хуримтлуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын даргын хувиар Засгийн газраа тогтвортой ажиллуулах хангалттай хүчтэй гэж хардаг. Мэдээж санаа бодол өөртэй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Энэ бол улс төр. Гол нь, энэ хүчээрээ, УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний хүчээр нэгдмэл байр сууринаас хөдөө, орон нутгийн намчирхлыг зогсоох боломж байна уу гэж миний хувьд харж байгаа.
-Та Үндсэн хуулийн шинэчлэлийг хэлж байна уу?
-Ерөөсөө л тэр. Харамсалтай нь, дан ганц Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах гэдэг талаас нь улстөржүүлэх нь их байгаа. Гол зарчимдаа бол орон нутгийн удирдлагыг намгүй болгох л санаа явж байгаа юм. Орон нутагт энэ улстөржилтийг зогсоохгүй бол нутгийн иргэд нэг нэгэндээ хар муу санаж, хоорондоо зөрчилдөж, тэр хэрээр сум орон хөгжихгүй болчихоод байна. Үүнийг бодож, Үндсэн хуулийн шинэчлэлийг хийх хэрэгтэй гэж бодож байгаа.
-Ярилцлагын төгсгөлд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат таныг сайдад нэр дэвших үед “26 компанитай гэж танилцуулга дээр байна. Яагаад ийм олон компанитай байгаа юм бэ” гэж асууж байсан. Танаас ярилцлага авсных тэр асуултыг давтаад тавьчихья даа?
-Би ч бас УИХ-ын чуулган дээр хэлсэн үгээ л давтая даа. Нэг төсөл хөтөлбөр эхлүүлэх гэж компани байгуулж, шинэ зохион байгуулалт хийж явж байгаад л ийм олон компанитай болсон. Зарим нь Х тайлан тай, зарим нь татвараа төлөөд явна. Энд ямар ч муу, муухай арга байхгүй. Одоо харин идэвхигүй зарим нэг компаниа нэгтгэж, зохион байгуулалтыг нь хийдэг юмуу гэж бодож байгаа. Гэхдээ би компанийнхаа удирдлагаас аль хэдийнэ холдсон. Хариуцаж ажиллаж байгаа хүмүүст нь л санаагаа хэлнэ үү гэхээс өөрөө ингэнэ, тэгнэ гээд суудаг үе байхгүй болсон.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин