Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс (2018.02.05) эхэлж байна. Энэ асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийж, монгол хэл, орос хэл, англи хэлний шалгалтын сонсох даалгавар нэмэгдсэн болохыг онцлов.
2017-2018 оны хичээлийн жилд 42 орчим мянган хүүхэд ахлах ангиа төгсөх бол өмнөх жилийн 3000-4000 гаруй хүүхэд нэмэгдсэнээр 45 мянга гаруй хүүхэд ЭЕШ-д хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Хүүхдүүдийн бүтээлч, сэтгэн бодох чадварыг шалгах үүднээс Монгол хэл, бичгийн шалгалтад эссэ бичих даалгаврыг оруулсан байна. Математик, физик, хими гэсэн хичээлүүдийн шалгалтын хугацаа 100 минут, бусад нь 80 минутын хугацаанд үргэлжилнэ. Нэг шалгалт 5800 төгрөгийн бүртгэлийн хураамжтай. Шалгуулагчид бүртгэлийн хураамжаа бүх банкаар төлөх боломжтойгоос гадна Мобикомын кэнди оноог ашиглаж болох аж. Бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдах юм байна.