Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Жендер ба хөгжил” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэд суурилсан хөгжлийн гол зарчим. Засгийн газар хөгжлийн бүхий л бодлого, хөтөлбөртөө жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг зорьж байна” гэлээ.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жендэрийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” зорилтыг тусгасан. Хэдийгээр бодлогын хувьд ахиц дэвшил гарсан ч анхаарахгүй орхигдуулж болохгүй зарим асуудлаар Ерөнхий сайд санал бодлоо хуваалцлаа. Тэрээр,
Нэг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдаад даруй 7 жил өнгөрчээ. Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д уг хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээгчдийн хуулийн талаарх ойлголт, хандлага, хэрэгжүүлэх чадавх сул байгаа талаар онцлон дурдсан байна. Иймд уг хуулийг үндэсний хэмжээнд сурталчлан таниулж, төрийн албан хаагчдын хуулийн талаарх ойлголт, мэдлэг, хандлагыг зүгшрүүлэхэд нэн тэргүүнд анхаарах нь зүйтэй байна.
Хоёр. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-д хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр “жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт нь хууль хэрэгжихгүй байх үндсэн шалтгаан болж байгаа” талаар дурдсан байна. Иймд жендэрийн талаарх хэвшмэл ойлголтыг арилгахад бүх нийтийн жендэрийн боловсролыг дэмжих зайлшгүй шаардлага гарч байна. Энэ ажилд иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бодитоор хамтран ажиллахыг уриалж байна.
Гурав. Эдийн засгийн үр өгөөж, ажлын хөлс өндөр салбаруудад эрэгтэйчүүд, харин ажлын хөлсний үнэлэмж доогуур нийгмийн үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд түлхүү ажиллаж байна. Иймд хөдөлмөрийн харилцаатай холбоотой ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, энэ чиглэлээр холбогдох яамд бодлого гаргаж, түүнийгээ олон нийтэд танилцуулах ёстой.
Дөрөв. Монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн эерэг үзүүлэлт сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг анхаарч, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, осол гэмтлээс үүдэлтэй нас баралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай байна.
Тав. Гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, олон нийтийн ойлголт, хандлага нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Цаашид жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай.
Зургаа. Монгол Улсын нийт хүн амын тэн хагасыг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Иймд зөвхөн улс төр гэж хязгаарлахгүйгээр бүх шатны шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдээ дэмжиж, тэдний хөдөлмөрийг үнэлэх, хамтдаа хөгжих тэгш боломжийг олгох нь зүйтэй.
Долоо. Яамд өөрсдийн салбарт баримтлах жендэрийн бодлого, орон нутгууд өөрийн онцлогийг тусгасан жендэрийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, гарсан үр дүн, бодлогын шийдвэрээ бодитоор тайлагнах ёстой. Түүнчлэн Жендэрийн үндэсний хорооны салбар зөвлөл, хороод үйл ажиллагаагаа эрчимжүүлж, жендэрийн асуудлаар төрийн албаны манлайллыг бэхжүүлэхэд хичээн ажиллах шаардлагатай.
Найм. Бид дотоод асуудлаа шийдвэрлэхийн сацуу олон улсын чиг хандлага, баримталж буй бодлогыг орхигдуулж болохгүй. Дэлхий нийтээр мөрдөж буй тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх нь олон улсын өмнө хүлээсэн чухал үүрэг хариуцлага гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна гэлээ.
Засгийн газраас өнгөрсөн онд баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн хамтын идэвх санаачилга, өргөн оролцоо, санал шийдэл туйлын чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 comment
Эмэгтэйчүүдээ бэлтгэх хэрэгтэй түрүүчийн эмэгтэй сайд бөөн хэл ам гаргаад хүмүүстэй хэрэлдээд л худлаа яриад байх юм. Хариуцлага хаачив. 2 мин ажлаас хожигдсон сайд огцорч байхад. Илүү цаг ажилладаг нь удирдагчийн өөрийнх нь асуудал шүү. Уурхайчид, эмч багш нарын тал хуийг нь эмэгтэйчүүд болгох юм уу. Туйлширч байна.