Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2018.01.31) хуралдаан 14 цаг 30 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Ганбаатар хийсэн.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Хадгаламжийн даатгалын корпораци хэдэн хүний орон тоо нэмэх талаар тодруулахын зэрэгцээ арилжааны банкууд дахь хяналт, шалгалтыг давхардуулах шаардлага бий эсэхийг сонирхож байлаа. Ажлын хэсгийн зүгээс, Монголбанкны хяналт шалгалттай давхардахгүй. Зөвхөн арилжааны банкуудын даатгагдсан хадгаламжийн тайлан мэдээг банкнаас гаргуулах, даатгалын хадгаламжийн хураамж төлөлт, даатгалын нөхөн төлбөрийг төлөх үйл ажиллагаанд хяналт тавьж, биелэлтийг хангуулж ажиллана гэж хариуллаа.
Үргэлжлүүлэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн талаар Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсгийн “17.5.Банкыг нэгтгэх, нийлүүлэх” гэсний дараа “банкны өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийг “14.4.Энэ хуулийн 14.4-д заасан аргачлалыг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батлах бөгөөд банкны эрсдэлийн түвшинг тооцохдоо банкинд хийсэн хяналт, шалгалтын үнэлгээ, банкны хадгаламжийн хүүг харгалзан үзэж болно” гэж өөрчлөн найруулахыг тус тус дэмжив. Түүнчлэн Ажлын хэсгээс төслийн 2 дугаар зүйлээс “9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “тухайн банкинд төлбөл зохих” гэсний дараа “90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн гэж” гэснийг хасах санаалаа татаж авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарын төслийн 25 зүйл буюу корпорацийн хяналт гэсэн хэсгийг бүхэлд нь хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, М.Оюунчимэг нар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгагдсан асуудлыг бодит тоо, цаг хугацаа зааж тодорхой болгох, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөхдөө богино, дунд, урт хугацаанд хийх ажлыг тодорхой болгосон заалт нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанк тогтоож болно гэсэн заалт оруулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Зээлийн хөрөнгөний эх үүсвэр өндөр учраас зээлийн хүү өндөр байгаа тул Монголбанкнаас гадна Засгийн газар, Сангийн яам энэ асуудалд анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Монголбанк арилжааны банкуудтай уулзаж, зээлийн хүү бууруулах асуудлаар шаргуу ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.
Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн саналыг бичгээр авч, Монголбанк Байнгын хорооны тогтоолын төсөл дээр дахин санал өгөхөөр болсон тул тогтоолын төслийг батлахыг хойшлууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.