БНАСАУ Пёнчанд болох өвлийн Олимпийн наадмыг тохиолдуулан төлөвлөөд байсан хамтарсан соёлын арга хэмжээгээ цуцаллаа. Өмнөд Солонгосын засаг захиргаанаас үүнд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Сөүл уг мэдээллийг энэ сарын 29-ний даваа гарагийн шөнө хүлээн авсан тухай Өмнөд Солонгосын Нэгдэх яамны эх сурвалж “Associated Press” агентлагт мэдээлжээ. Арга хэмжээ Алмаазан уул буюу Кымгансанд ирэх хоёрдугаар сард болох ёстой байв.
Энэ бол Сөүл, Пхеньяны хооронд зөвшилцсөн Олимпийн өмнөх хоёр үйл явдлын нэг байсан юм. Харин Нэгдэх яамнаас энэ долоо хоногт төлөвлөсөн хоёр орны цанын тамирчдын хамтарсан бэлтгэл болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.