Монгол Улсын үндэсний шигшээ баг энэ оны 3-р сард албан ёсны хоёр ч нөхөрсөг тоглолтод оролцохоор боллоо. Эхлээд 3-р сарын 22-ны өдөр Куала Лумпур хотод зочилж, талбайн эзэн Малайзын шигшээ багтай тоглох бол 3-р сарын 27-нд Маврикийн (Mauritius) шигшээ багийг Улаанбаатар хотноо хүлээн авна. Тус тоглолт нь Монгол улсад болох гэж буй “FIFA”-гийн албан ёсны анхны нөхөрсөг тоглолт (FIFA Tier 1 Friendly Match) юм. Монгол Улсын үндэсний шигшээ баг одоогоор “FIFA”-гийн чансааны 189-р байранд бичигдэж байна. Харин Малайзын шигшээ баг 175-д, Маврикийн шигшээ баг 157-д жагсаж байгаа юм. Тиймээс манай улсын шигшээ баг эдгээр нөхөрсөг тоглолтуудад амжилттай тоглож чадвал өөрсдийн чансаагаа ахиулах боломжтой.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Герман улсын мэргэжилтэн Майкл Вайсс ойрын ирээдүйд 3 том зорилго тавиад байгаа нь олон улсын туршлага хуримтлуулах, “FIFA“-гийн чансаагаа улам дээшлүүлэх, Зүүн Азийн АШТ-д амжилттай оролцох юм. Энэ ч үүднээсээ манай тамирчид 2-р сарын 1-нээс 20-ны өдрүүдэд нэгдсэн бэлтгэлд хамрагдахаас гадна 2-р сарын 20-ноос 3-р сарын 20-ны өдөр хүртэл БНХАУ-д байрлаж, бэлтгэл хийнэ. Одоогоор нийт 29 тоглогч Үндэсний шигшээ багийн бэлтгэлд дуудагдаад байгаа бөгөөд эдгээрээс 23 тоглогч нөхөрсөг тоглолтын мэдүүлэгт багтах учиртай.
Шигшээ багийн бэлтгэлд дуудагдсан 29 тоглогч:
Хаалгач: А.Сайханчулуун (Улаанбаатар Сити), Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), Б.Ариунболд (Эрчим)
Хамгаалагч: Д.Төрбат (Атлетик 220), О.Мөнх-Оргил (Дэрэн), Ц.Энхжаргал (Эрчим), А.Мөнхнасан (Эф Си Улаанбаатар), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), А.Нармандах (Дэрэн), О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), Б.Даваажав (Эрчим), М.Алтанхүү (Улаанбаатар Сити)
Хагас хамгаалагч: С.Ганхуяг (Хангарьд), Б.Цэрэнбаяр (Улаанбаатар Сити), Г.Гантогтох (Улаанбаатар Сити), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Б.Батмөнх (Дэрэн), Ц.Мөнх-Эрдэнэ (Хангарьд), А.Тэмүүжин (Дэрэн), Б.Балжинням (Хоромхон), Ж.Сүндорж (Улаанбаатар Сити), Д.Билгүүн (Дэрэн), М.Төгөлдөр (Эрчим), О.Баяржаргал (Эф Си Улаанбаатар)
Довтлогч: Н.Наранболд (Атлетик 220), П.Энхбилэг (Гоёо Эф Си), М.Жансерик (Дэрэн), Ц.Түмэнжаргал (Улаанбаатар Сити), С.Гал-Эрдэнэ (Эрчим)