Том толгойтой, сэтгэн бодох чадваргүй, Д аминдэм, цус дутагдсан, намхан хүмүүс олширвол бид хэрхэх вэ. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл хэдхэн жилийн дараа Монгол ийм иргэдтэй болно гэж нэгэн судлаач ярьсан юм. Түүний хэлж буйгаар 1980 оны сүүлчээс 1990 оны эхэн үед цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн олонх нь намхан нуруутай, сэтгэн бодох чадвар муутай байсан гэнэ. Харин түүнээс хойш төрсөн хүүхдүүд их өсгөлүүн аж. Элдэв зүйлийг сурахдаа ч хурдан байжээ. Тэгвэл өнөөгийн 2-10 насныхан хэдийгээр сэргэлэн цовоо ч өсөлтийн хоцрогдолтой буюу намхан болох төлөв ажиглагдаж буй. Шалтгаан нь хооллох хэв маяг өөрчлөгдөж, идэж буй хоолных нь чанар муудсаных гэнэ.
2-10 насныхан гэж онцолсон нь учиртай. Тэд сургууль, цэцэрлэгт явдаг, өдрийн ихэнх цагийг тэндээ өнгөрүүлж буй. Хүүхдүүд өглөө, оройныхоос илүүтэй өдөр илчлэг, эрдэс бодис ихтэй хоол идэж байж эрүүл байдаг аж. Гэвч энэ насныхан сургууль, цэцэрлэгийнхээ хоолноос өөртөө хэрэгцээт эрдэс, шим тэжээл авч чадахгүй байгаа юм. Тэдний өдрийн хоолонд зориулсан төсөв нь хангалтгүй учраас тэр.
БАГА АНГИЙНХАН ААРЦ, ХҮҮХДИЙН БУДААГААР ӨЛ ЗАЛГУУЛДАГ
Зургаан зуун төгрөгөөр илчлэг, уураг ихтэй, эрдэс бодисоор баялаг хоол авч ид гэвэл та юу авах вэ. Ийм хэмжээний мөнгөөр ганц ширхэг хуушуур ч авч чадахгүйг бүгд л мэднэ. Тэгвэл сурагчид 600 төгрөгөөр “хийсэн” хоол идэж, түүгээрээ өдрийн турш гол зогоож байна. I-V ангийн сурагчдын үдийн цайнд 600 төгрөг зарцуулах тооцоотой учир сургуулиудын тогооч нар голдуу мантуун бууз, пирожки, ороомог, боорцог, будаатай хуурга хийж өгдөг юм байна. Хүүхдүүд сургууль дээрээ байхдаа нэг ширхэг мантуун бууз идэж, аяга цай ууна.
Эсвэл нэг ороомог идэж, чацарганын шүүс уудаг аж. Ер нь ихэвчлэн будаатай аарц, сүү, хүүхдийн будаагаар хооллодог аж. “Төсөвлөсөн хөрөнгө нь хангалтгүй ч хүүхдийн дархлааг дэмжих хоол хийж өгөхийг хичээдэг. Гэхдээ санаснаар болохгүй шүү дээ. Хааяа далайн байцаатай шөл, будаатай хуурга хийж өгнө. Хүүхдүүд өдөр бүр аарц, хүүхдийн будаагаар хооллоно гэж байхгүй. Голно. Үлдээсэн хоолыг нь асгахаас өөр аргагүй. Ер нь орчин үеийн хүүхдүүд хоол их голдог болсон. Мантуун буузны гурилыг иддэг хүүхэд тун ховор. Ялангуяа, I-III ангийнхан үдийн хоолоо дуустал нь иддэггүй.
Ядаж нэг хүүхдэд 1000 төгрөг зарцуулдаг болчихвол нөхцөл байдал өөрчлөгдөнө” гэж Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн тогооч ярив. Нийслэлийн 97, 84, 111 зэрэг сургуулийн тогооч нар ч түүний хэлснийг давтаж, хоолонд зарцуулж буй төсвийг нэмэх шаардлагатайг онцолсон. Хатуухан хэлэхэд “Хүүхдүүдийг өлсгөхгүйн тулд ходоодыг нь дүүргэх арга хэмжээ л авдаг. Хоолноос авах шим тэжээлийг хэдийнэ мартчихсан” гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй нь.
Шим тэжээл, эрдэс бодисоо идэж буй хоолноосоо хангалттай авч чадаагүй хүүхдийн оюуны чадамж 10-15 хувиар буурч, сурах эрмэлзэл нь багасдагийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоожээ. Улмаар бие нь давжаарах, таргалах болон аливаа өвчинд өртөмтгий болох цус багадалт, рахиттай болох гэх мэт маш олон эрсдэл байдаг аж. 2005 оноос хэрэгжиж эхэлсэн “Үдийн цай” хөтөлбөр үр дүн муутай байсны уршгаар өдгөө I-V ангийн сурагчдын 13 хувь жингийн илүүдэлтэй, 31 хувь намхан, 29 хувь нь туранхай байгаа юм.
ШААРДЛАГАТАЙ ШИМ ТЭЖЭЭЛЭЭ ЦЭЦЭРЛЭГИЙНХЭЭ ХООЛНООС АВАХ ЁСТОЙ Ч…
Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдүүд есөн цагийн турш 1650 төгрөгийн, сувиллын буюу тусгай цэцэрлэгийнхэн нэг хоногт 2400 төгрөгийн хоол идэх нормтой. Уг мөнгө хүрэлцэхгүй, хүүхдүүд “Өлслөө” хэмээн эцэг, эхээ угтдагийг хүн бүр ярьдаг. Уг нь цэцэрлэгийн хүүхдүүд нэг өдрийн шаардлагатай шим тэжээл, эрдэс бодисынхоо 75-80 хувийг авах ёстой гэнэ. Харамсалтай нь, өдгөө 40-60 хувийг арай чүү авч буйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн хэлэв.
Цэцэрлэгт хүүхдийг өдөрт дөрвөн цагийн зайтай гурван удаа, ингэхдээ өглөө, өдөр голдуу хөнгөн хоол өгөх ёстой гэнэ. Өглөө, өдрийн хоолонд мах, өндөг, загастай хоол, сүү, ногоо, жимс өгөх нь зохимжтой гэсэн зөвлөмж ч байдаг гэнэ. Гэвч санхүүжилт хүрэлцдэггүй гэх шалтгаанаар гурилан бүтээгдэхүүн, мах гэсэн хүнд хоол өгөх тохиолдол элбэг аж. Өглөөний цайнд халуун чанарын зутан, үдээс өмнө нь жүүс, жигнэмэг, I, II хоол хослуулж өгөх нь түгээмэл. Цэцэрлэгийн тогооч нар хуваарилагдсан зардалдаа тохируулаад мах, төмс, гурилыг голдуу хүнсэнд ашигладаг гэв.
“Цэцэрлэгийн хүүхдүүд хоолоороо дамжуулан танин мэдэхүйн мэдлэг олж авдаг. Өөрөөр хэлбэл, шим тэжээл авахаас гадна хорвоотой танилцаж байдаг гэсэн үг. Харамсалтай нь, Монголын нөхцөлд элдэв жимс, жимсгэнэ, далайн гаралтай бүтээгдэхүүн өгөх боломжгүй. Одоогийн төсөвлөсөн хөрөнгөөр тэжээллэг хоол өгөхөд ч хүндрэлтэй учир хооллох боловсрол олгоно гэж байхгүй шүү дээ” хэмээн хоол судлаачид хэлсэн юм.
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХӨСӨР ХАЯХ УУ
БСШУСЯ-ныхан өнгөрсөн онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмж, эцэг, эхчүүдээс авах санал гарган, Засгийн газарт хүргүүлж байв. Хэрэв үүнийг дэмжвэл эцэг, эхчүүд сард 25 000 төгрөг өгдөг болно гэсэн үг. Гэвч Засгийн газрын гишүүд өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гаргалгүй, уг асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм. БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга С.Болормаа “Сургуулийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх тухай санал бид гаргаагүй.
Эцэг, эхчүүд өөрсдөө хоолыг нь бэлдэж явуулах, эсвэл мөнгө өгөх сонголт тэдэнд бий. Гэхдээ хүүхдүүд мөнгөөр хоол нэртэй хор худалдаж авах тохиолдол цөөнгүй. Тиймээс нэгдсэн зохион байгуулалтад оруулж, сургуульд өгч явуулдаг 500, 1000 төгрөгийг үдийн цайнд нь нэмэрлэх нь зөв, эсэхийг бодолцох л асуудал. Харин цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг зайлшгүй нэмэх шаардлагатай. Тэгж байж л хүүхдүүд хэрэгцээт шим, тэжээлээ бүрэн авч чадна. Гэвч Засгийн газраас шийдвэр гаргаагүй” хэмээн ярьсан юм.
Сургуулийн насны хүүхдүүдийн 31 хувь нь намхан байгааг дахиад онцолъё. Үүний гол шалтгаан нь хүүхдүүд өдөр тутмын хоолноосоо хангалттай тэжээл авч чадахгүй байгаа явдал. Хүүхдүүд цэцэрлэгтээ шим тэжээлээ авч чадалгүй сургуульд орж, улмаар тэжээлийн дутагдалд орсоор байна. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл манай улс ой муутай, дамжаа биетэй иргэдтэй болоход ойрхон боллоо.
Эх сурвалж:
5 comments
ШААДАГ ШААР ВЭ?
Өнөөдрийн оюутнууд ч давж аа намхан болсон эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй оюутнууд зөндөө ямар учиртайг даруй тогтоомоор хүүхдийн хоолонд онцгой анхаарах цаг аль хэдийн болсон махны чанарт онцгой хяналт хэрэгтэй байгаан ямар эм тариа вакцины үлдэгдэл эй ямар чанарын мах хэрэглэж буйг шалгах хянах газар ердөө ч алга бас хүнсний ногоо ч адил ямар бордоо бодисын үлпэгдэлтэй гээд асуудал хүүхдийн хоолонд хамгийн хямдыг нь авдаг ийг бүгд мэднэ хямд гэхээр хятадаас ирсэн ногоо уулнаас түүсэн жимс гэхэд муутгахгүй гээд юу хольсныг нь хянах шалгах газар байхгүй
Өнөөдрийн оюутнууд ч давж аа намхан болсон эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй оюутнууд зөндөө ямар учиртайг даруй тогтоомоор хүүхдийн хоолонд онцгой анхаарах цаг аль хэдийн болсон махны чанарт онцгой хяналт хэрэгтэй байгаан ямар эм тариа вакцины үлдэгдэл эй ямар чанарын мах хэрэглэж буйг шалгах хянах газар ердөө ч алга бас хүнсний ногоо ч адил ямар бордоо бодисын үлпэгдэлтэй гээд асуудал хүүхдийн хоолонд хамгийн хямдыг нь авдаг ийг бүгд мэднэ хямд гэхээр хятадаас ирсэн ногоо уулнаас түүсэн жимс гэхэд муутгахгүй гээд юу хольсныг нь хянах шалгах газар байхгүй
Өнөөдрийн оюутнууд ч давж аа намхан болсон эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй оюутнууд зөндөө ямар учиртайг даруй тогтоомоор хүүхдийн хоолонд онцгой анхаарах цаг аль хэдийн болсон махны чанарт онцгой хяналт хэрэгтэй байгаан ямар эм тариа вакцины үлдэгдэл эй ямар чанарын мах хэрэглэж буйг шалгах хянах газар ердөө ч алга бас хүнсний ногоо ч адил ямар бордоо бодисын үлпэгдэлтэй гээд асуудал хүүхдийн хоолонд хамгийн хямдыг нь авдаг ийг бүгд мэднэ хямд гэхээр хятадаас ирсэн ногоо уулнаас түүсэн жимс гэхэд муутгахгүй гээд юу хольсныг нь хянах шалгах газар байхгүй
Хүүхдийн хоолны материалаас нийлүүлэгч, цэцэрлэг гээд хулгайлах хүмүүс олон байдаг