“Тавилгын эзэнт гүрэн” гэгдэх IKEA-г үүсгэн байгуулагч Ингвар Кампард энэ сарын 28-нд 91 насандаа таалал төгслөө. Түүний тухай түүх их сонин. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогддог Кампард 20 жилийн турш нэг машинаа унасан бөгөөд төрсөн эмээ нь түүнийг Гитлерт хайртай нэгэн болгон хүмүүжүүлжээ.

Ингвар Кампард 2002 онд “Санаа байна. ИКЕА-гийн түүх” хэмээн номоо гаргасан билээ. Хямд тавилгын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч тэрээр уг номондоо өөрийнхөө талаар болон дэлхийн томоохон тавилга, гэр ахуйн барааны сүлжээ байгуулсан замналаа бичсэн юм.

Өрөө хөлслүүлнэ

Кампард 1926 онд Шведийн Пьяттерюд хотод төрсөн.

“Би айлын ууган хүүхэд бөгөөд Эльмхультийн хил дээрх эмнэлэгт мэндэлсэн. Ээжийн маань эцэг Эльмхультэд дэлгүүртэй байсан. Охин Бертадаа фермээ инж болгон бэлэглэж байлаа. Өөр хоёр охиндоо багахан хөрөнгө өв залгамжлуулж, хүү нь дэлгүүрийг нь авч үлдсэн” хэмээн “дэлгүүрийн асуудал”-д дурласнаа тайлбарлажээ.

Кампардын гэрийнхэн мөнгө муутай байсан болохоор арайхийн амь зуудаг байв. Хүүгийн ээж Берта эцгийнх нь зөвшөөрөлтэйгөөр өрөө хөлслүүлдэг байлаа.

Бизнес бол гал

Ингвар Кампард таван настайгаасаа гэртээ мөнгө авч ирж эхэлсэн гэдгээрээ маш их бахархдаг. Тэрээр нагац эгч нь тухайн үед Стокгольмд 88 эрегээр 100 хайрцаг шүдэнз худалдан авч тусалсныг ихэд дурсдаг байна.

“Бүх хайрцаг нийлээд 88 эре байсан. Нагац эгч маань шуудангийн илгээмжийн төлбөрийг нь ч хуулж авалгүйгээр өгч билээ. Үүний дараа би шүдэнзээ нэг хайрцгийг нь 2-3 эрегээр зарж, заримдаа таван эрегийн үнэд ч хүргэж байв. Анхны ашгаа хүртсэн тааламжтай мэдрэмжээ одоо ч гэсэн сайн санаж байна. Тэр үед би таван нас ч хүрээгүй байсан” хэмээн Кампард ярьжээ.

Үүний дараа тэр зул сарын ил захирал, ханын зураг зардаг болжээ. Барьсан загас, түүсэн жимс гээд бүгдийг нь худалдана.

“11 настайгаа үр зарах нь миний гол ажил байлаа. Энэ бол миний хамгийн анхны томоохон гэрээ байсан. Үүгээр би ээжийнхээ хуучин дугуйг уралдааны загвараар солих хэмжээний хангалттай мөнгө олсон. Тэр үед би өөртөө хэвлэгч машин худалдан авч билээ” хэмээн бизнесмэн дурссан байдаг.

Үнээ сааж, өвс хадаж сурсан фермерийн хүүхэд насаараа ч тэр ихэд бахархдаг байв. Гэвч юм худалдах хүсэлт нь түүнийг даван дийлжээ. “Жаахан хөвгүүнд мөнгө олох хүсэлдээ хөтлөгдөхөөс илүү ямар нэгэн зүйлийг маш хямдаар авч, багахан хэмжээний үнэд хүргэж зарах нь ямар сонирхолтой байсныг төсөөлөхөд ч бэрх” гэжээ.

Үүнээс хойш тэр 11 ам.долларын анхны зээлээ авч, бүх мөнгөөрөө Парисаас 500 ширхэг үзэг захиалсан байна. “Энэ бол миний амьдралдаа авсан цорын ганц жинхэнэ зээл байсан. Худалдаа хийх чадвар миний цусанд байсан бололтой” хэмээн тэрээр өгүүлсэн байдаг. Аав ээж нь түүний санааг бүтэхгүй хэмээж байсан ч хүү айлуудаар явж, эдгээр үзгээ заржээ. “Дунд сургуульд хичээлийн сүүлийн жил гэхэд миний хүүхэд насны бизнес жинхэнэ фирм болтлоо өргөжсөн байсан. Осбид сургуулийн унтлагын өрөөний орон доор маань бор өнгийн картонон хайрцаг байх. Түүнийгээ бүс, түрийвч, цаг, үзэг зэргээр дүүргэсэн байдаг байлаа” хэмээжээ.

ИКЕА. Эхлэл

Ингвар “1943 оны хавар 17 нас хүрээд би өөрийн гэсэн фирмээ нээхээр шийдсэн. Ингээд дараа нь Гётеборгт худалдааны сургуульд элссэн. Гэхдээ фирмээ нээхийн тулд асран халамжлагч, өөрөөр хэлбэл авга ах Эрнстээсээ зөвшөөрөл авах ёстой байлаа” хэмээн дурсчээ. Шведийн хуулиар бол хүүхдэд гэр бүлээс гадна асран халамжлагч гэж байх ёстой аж. Ах Эрнст нь ч нэлээд гайхсаны эцэст зөвшөөрчээ.

“Миний байгуулсан фирмийн худалдааны гол бараа нь үзэг байлаа. Би 500 орчим ширхэг үзгийг маш бага үнээр импортолдог байсан. Үүний дараа би Шведийн өмнө хэсэгт орших хотуудаар галт тэргээр явж, Эльмхульт дэх тамхины лангуугаар орж, барааныхаа сурталчилгааг шуудангаар илгээдэг байлаа. Үүнээс гадна би Швейцариас асаагуур, Унгараас шариктай үзэг импортолдог болсон. Шариктай үзэг нь Унгарын шинэ бүтээл байсан бөгөөд чамгүй үнэтэй. Ширхэг нь 60 орчим крон болдог байсан. Үнэ нь хямдрах хүртлээ маш бага зарагддаг байсан. Харин үнэ нь хямдарснаас хойш би шуудангаар мянга мянган шарик үзэг явуулдаг болсон” гэжээ.

1945 он гэхэд тэр хөрөө зардаг болов 65 кроноор авсан хөрөөгөө 90 крон болгож зарна. Харин 1948 онд өрсөлдөгч гэж тооцож байсан фирмийнхээ сонинд тавьсан зар сурталчилгааг хараад л тавилгын бизнес эрхлэхээр шийджээ.

“Би Лиаторпоос гарын түшлэггүй сандал, Ольехультаас кофены бяцхан ширээ, Мёккельн нуурын дэргэдэх тавилга хийдэг хоёр газрын тавилгыг сурталчилж эхэлсэн. Тэрхүү сандалдаа би Руг гэж нэр өгчихсөн байсан. Тэр цагаас хойш ИКЕА тавилгууддаа нэр өгдөг болсон” хэмээн бичжээ

Зар сурталчилгаа бол хөдөлгөгч хүч

Эхний тавилгууд нь урамтайяа зарагджээ. Учир нь Ингвар ямар ч хамаагүй хаягаар тавилгынхаа брошюрыг илгээж байлаа. Үүнийг тэр “ирээдүйн худалдан авагчид”-даа зориулан хийсэн гэнэ. “ИКЕА цаашид ганц ажилтантай фирм байж чадахааргүй болсон. Ээж, аав, ойр дотныхон маань савлах, хүргэхэд туслаад ч хангалтгүй байлаа. Ингээд би 1948 онд анхны ажилтнаа хөлслөн авсан. Тэр бол Эрнст Экстрем. Тэр нягтлан бодох бүртгэл хийдэг байсан бөгөөд надтай хэр удаан ажилласныг бурхан л мэдэх байх. Хоёр жилийн дараа энэ фирм найман хүнтэй болж нэмэгдэж, бидний хооллодог гэрийн эзэгтэй хүртэл бий болсон” хэмээн дурсчээ.

“Би тавилгаа харьцангуй хямд үнээр маш их хэмжээгээр зарахыг хүсч байлаа. Энэ байдал эхний гомдол ирэх хүртэл үргэлжилсэн. Тэр үед л чанар ч бас чухал юм гэдгийг ойлгосон” гэжээ.

Та хэзээ ч бизнесмэн болохгүй

“Залуу хүү минь, та хэзээ ч бизнесмэн болохгүй ээ. Эхлээд би танд цагийг 55 кроноор санал болгоход та 50 кроноор авах боломжтой гэлээ. Харин би танд 52 крон санал болгоход баяртайгаар хүлээн зөвшөөрч, 51 крон 50 эре болгохыг оролдсонгүй. Та нэг зүйлийг санаж яв. Бизнест 10 эре ч ач холбогдолтой байдаг юм шүү” гэж нэгэн удаа цагчин Гуннар Янсон гэгч хэлжээ.

Удалгүй ИКЕА тавилгаа зуучлагчгүйгээр худалдаж эхлэв. “Энэ удаа би худалдан авагчдад хэд хэдэн шүүгээ, өндрийг нь тааруулж болдог ширээ, хөдөлдөг хайрцагтай шургуулга санал болгодог болсон” хэмээн бичсэн. Анхнаасаа л шүүгээ, ширээ, шургуулга зэргээ үнэтэй тавилга авах боломжгүй хөдөөгийн иргэдэд зориулан зарж байлаа.

Үүний зэрэгцээ өрсөлдөгчид ч бууж өгөхгүй явсаар байсан тул үнэ, эсвэл чанар хоёрын аль нэгийг нь сонгох шаардлага тулгарчээ. “Чанарт өгөх гомдол ар араасаа ирж, шуудангаар худалдах санааны нэр хүндийг унагаж байлаа. ИКЕА ийм нөхцөлд үлдэж чадахааргүй байв. Каталогоор худалдаа хийх гол асуудал нь худалдан авагчид барааг өөрсдөө үзэж, мэдрэх боломжгүй байдаг. Тиймээс тэд зар сурталчилгаанд бичсэнд найдахаас өөр замгүй. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нь сул байсан болохоор худалдаачид худалдан авагчдыг амархан хуурч дөнгөж байв” хэмээн бичжээ.

1952 оны хавар ИКЕА зөвхөн тавилга худалдах болсноо зарлалаа. Ингээд тавилгын анхны үзэсгэлэнгээ нээж, худалдан авагчдад тавилгаа хүрч үзэж мэдрэх боломжийг олгожээ. “Гайхалтай амжилт үзүүлсэн шүү. Таван жилин дараа манайх дэлгүүрээ нээх хөрөнгөтэй болсон. Үйлдвэрийн хоёрдугаар давхарт бид кофе, нарийн боов зарах газар хүртэл байгуулсан. Ийм олон хүнтэй байхад шал маань нурчих вий, талх маань хүрэлцэхгүй байх вий гэдэгт би маш их эмээдэг байсан. Яагаад гэвэл бид нээлтэд хүрсэн хүн бүрт кофе, нарийн боовоор дайлна гэж амласан юм” хэмээн Кампард бичжээ.

Салалт ба “эзэнт гүрэн”

“Хямд тавилгын хаан” болоход гэр бүл салалт нь тус болсон гэж Кампард нэг бус удаа дурсчээ. Ээж нь 1956 онд хорт хавдраар өөд болж, 1960 онд тэр эхнэр Керстин Вадлингаасаа салав.

“Бид маш эрт гэрлэсэн. Эхнэр маань Шведийн радиод нарийн бичгээр ажилладаг байв. Аз жаргалтай он жилүүдийг бид хамтдаа туулж, Керстин надад эхний жилүүдэд их тусалдаг байсан. Гэвч түүнд миний ажилдаа, фирмдээ хамаг хүчээ зарцуулдаг нь таалагдаагүй. Тэр өөр амьдралыг хүссэн” хэмээжээ. Тэд хүүхэдтэй болж чадахгүй гэдгээ мэдмэгцээ Анника хэмээх охиныг өргөн авсан байжээ. 1963 онд Кампард хоёр дахиа гэрлэж, гурван хүүтэй болсон ч хоёр дахь эхнэр Маргарета Стеннертээ бараг дурсдаггүй. Энэ үед л тэр тавилгаа задалж, угсрах санаагаа олжээ. Энэ нь Шведийн бяцхан хотоос хаашаа ч тээвэрлэж хүргэхэд дөхөм болно гэсэн үг юм.

Нацист

1994 онд Шведийн фашистын идэвхтэн Пер Энгдалийн хувийн захидлууд нийтлэгджээ. Уг захидалд Кампардыг 1942 оноос хойш “Шинэ Шведийн хөдөлгөөн” гэгч нацист группт оролцож байсан гэх мэдээлэл гарчээ. Тэрээр 1945 оны есдүгээр сарыг хүртэл шинэ оролцогчдоосоо хөрөнгө оруулалт татаж байв. Төрийн аюулгүй байдлын мэдээллээр ч тэр нацист намын гишүүн байсан гэж гарч ирдэг.

Эхэндээ тэр үүнийг худал мэдээлэл гэж байсан боловч сүүлд нь бүх ажилтандаа үнэнээ өчихөөс аргагүй болжээ. Ингээд 37 мянган ажилтан, сая сая худалдан авагч нь тайлбар шаардахад тэр “Энэ бол миний хамгийн том алдаа” гэсэн гарын үсэгтэй хувийн захидлаа явуулсан байна. Тэрээр 1950-иад онд зураг үйлдвэрлэхэд хөрөнө оруулах зорилгоор залуудаа нацистуудтай холбогдож явжээ. Золгүй герман эмээгийнхээ талаар ярьж, түүнд Гитлер таалагддаг байсан гэдэг байв.

Хэмнэлт үү, эсвэл харамч зан уу

Кампард 2017 онд Шведийн хамгийн баян хүнээр тодорсон. Түүний хөрөнгийг шинжээчид 62 тэрбум ам.доллараар үнэлжээ. Гэхдээ түүний үрэлгэн биш, харамч зангийн талаар домог мэт яриа байдаг. Түүний хувьд захаас хувцсаа авдаг бөгөөд онгоцоор нисэх үедээ бизнес ангиллын тасалбар огт худалдан авдаггүй. Кампард унадаг унаагаа л гэхэд 20 жил солиогүй. Бас ажилчдаа цаасны нэг талд бичээд хаясан, хоёр талд нь бичээгүй бол торгож ч мэдэх нөхөр гэжээ.

Өв залгамжлагчид

Кампардын хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө хэнд шилжих нь тодорхойгүй байна. Гэхдээ ойрын төрөл төрөгсдийнх нь яриагаар бол анхны эхнэр Керстин Вадлингтайгаа амьдарч байхдаа өргөж авсан Анника охин өрсөлдөх магадлал өндөр байна. Түүнчлэн хоёр дахь эхнэр Маргарета Стеннерээс гарсан гурван хүү болох Питер, Йонас, Матиас нар орно.

Кампард 2013 онд ИКЕА-гийн удирдах албан тушаалаа өгсөн билээ. Тэрбээр Питер, Йонас, Маттиас хэмээх хөвгүүдээ удирдах эрхийг шилжүүлсэн.

Шведийн хэвлэлүүдэд Ингвар Кампард охин Анника Килбомд 300 мянга орчим ам.доллар өвлүүлж, эрэгтэй дүү нарт нь ИКЕА компаниа өгнө гэсэн гэрээ хийсэн тухай мэдээлжээ. Харин Анника үүнийг доромжлол хэмээн үзжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн