Өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн орой Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Вэньжоу хотын нутаг дэвсгэрт харьяалагдах усанд живж байсан Монголын далбаа бүхий ачаа тээврийн хөлөг онгоцны хөлгийн багийн хоёр гишүүнийг Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчнийхэн аварсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Аврагдсан хоёр хүний нэг нь хятад хүн бол нөгөөх нь Индонезийн иргэн аж. Тайванийн Тайчун хотоос БНСУ руу элсэн чихэр тээвэрлэж явсан уг хөлөг онгоцонд нийтдээ 11 хүн сууж явсан аж. Хөлгийн багийн есөн гишүүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна. Хятадын тэнгисийн цэргийн хүчнийхэн сураггүй болсон есөн хүнийг эрэн хайсаар байгаа аж.
Өнгөрсөн онд мөн Монголын далбаа бүхий ачаа тээврийн хөлөг онгоц Хар тэнгист дундуураа хуваагдан живж байсан юм. Уг хөлөг онгоцны хөлгийн багийн 11 гишүүнийг Туркийн холбогдох албаны хүмүүс аварч байсан билээ.
Эх сурвалж: http://www.montsame.mn/read/79532