“Өглөөний зочин” ярилцлагын буландаа 16 жилийн өмнө “Жинжиймаа” уран сайхны кинонд Хонгорзул охины бага насны дүрийг бүтээж байсан П.Оюун-Эрдэнийг урьж, ярилцлаа. Тэрээр Соёл Урлагийн Их сургууль жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа юм байна.
Сайн уу Хонгорзулаа, ямар том болоо вэ. Өхөөрдөөд киноных нь нэрээр дуудчихлаа. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Пүрэв-Очирын Оюун-Эрдэнэ гэдэг. Соёл Урлагийн Их сургуулийн жүжигчний төгсөх ангийн оюутан.
“Яг мөн байна. Адилхан байна” гээд хоорондоо яриад байсан
–Найруулагч О.Машбатын “Жинжиймаа” кинонд Хонгорзул охины бага насны дүрийг бүтээж байсан. Хэдэн настай даа уг кинонд дүр бүтээсэн бэ. Хэрхэн зураг авахуулж байв. Тэр үеэсээ эргэн дурсахгүй юу?
-Таван настай байхдаа “Жинжиймаа” УСК-нд Хонгорзул охины бага насны дүрийг бүтээсэн. Одоогооc 16 жилийн өмнө юм байна. Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгт хүмүүждэг байсан юм. Нэг удаа аав, ээж хоёр ирдэггүй. Нэлээн оройтчихсон. Хоёр багштайгаа ганцаараа үлдчихсэн тоглоод сууж байсан юм. Тэгсэн гаднаас хоёр хүн орж ирсэн нь найруулагч О.Машбат, МУГЖ Н.Батцэцэг нар байсан. Тэгээд надаас юм асуугаад “Яг мөн байна. Адилхан байна” гээд хоорондоо яриад байсан юм. Н.Батцэцэг эгч “эгч рүүгээ хайрласан, харцаар энэ ах руугаа муухай хардаа” гэсэн. Бодвол Н.Батцэцэг эгч рүү хайрлаж, О.Машбат ах руу муухай харсан юм шиг байна лээ.
Н.Батцэцэг эгч тэр өдөржин надтай адил охиныг хайсан юм билээ. Тэгээд цэцэрлэг тарчихсан хойно манай хажуугаар явж байгаад орж иртэл би ганцаараа тоглож байсан юм. Хайсан хүүхдээ олж магадгүй гэж л хоорондоо ярилцсан гэсэн. Тэгээд л намайг сонгож, маргааш нь Сэлэнгийн Шаамарт өвлийн зураг авалтанд орж байсан юм.
-Хонгорзул охин ээжийнхээ араас дагаад уйлдаг хэсэг одоо ч зүрх урах шиг болдог. Ер нь Жинжиймаа үзэгчдийн сэтгэлийн хөдөлгөж чадсан сайн уран бүтээл шүү. Харин тавхан настай охин тэр уйлдаг хэсгийн зургуудыг хэрхэн авахуулж байв?
-Энэ хэсгийг хүмүүс надаас их асуудаг. Чамайг уйл гээд загнасаар байгаад уйлуулсан уу гэж. Тэр үед Н.Батцэцэг эгчтэй олон хоног хамт байсан учраас дасчихсан байсан. Тэгээд Н.Батцэцэг эгч гэнэт “Би хот руу явлаа. Чи эндээ үлд” гэж хэлсэн. Тэгээд л би “битгий яв л даа” гээд араас дагаж уйлсан. Тэр үед л зураг авч байсан юм билээ. Ганц удаагийн уйлалтаар минь зураг авсан гэж ээжид хэлсэн байсан.
…ихэр татаж уйлаад та нар намайг яасан их зовоосон юм бэ гэж хэлсэн
-Мундаг жүжигчин чамайг яаж уйлуулахаа мэдсэн байна. Гэвч тавхан настай охин тэр олон өдөр кино зураг авахуулна гэдэг хүнд шүү дээ. Кино багийнхан чамтай хэрхэн ажилласан бол?
– Зураг авалтын эхний өдрүүдэд би их сэргэлэн байсан гэсэн. Зарим жүжигчдийн үгийг цээжилчихсэн “Ингэж хэл л дээ, тэгэж хэл л дээ” гээд л. Ихэвчлэн шөнө зураг авдаг байсан. Нойр дутуу яваад ядарсан юм уу “Ээж ээ би кинонд тогломооргүй байна. Жүжигчин болохгүй. Хоёулаа гэртээ харья” гэж хэлээд кино багийнхныг сандаргаж байсан удаатай. Хонгорзул охин унтаж байхад лаа унаад гэр нь шатдаг хэсэг байдаг даа. Тэр хэсгийн зургийг намайг ядарчихсан нам унтаж байхад авчихсан юм билээ. Унтаж байхдаа хүртэл кинонд тоглосон юм гэж кино багийн ах эгч нар хошигнож байсан гэж дараа нь ярьдаг юм. /инээв/