“Tesla” компанийн захирлуудын зөвлөлөөс тус компанийн тэргүүн Илон Маскийн шагналыг шинэ системд оруулжээ. Тэрбээр ойрын 10 жилд цалин, бонусын оронд ашгийн тодорхой үзүүлэлтээр гарсан амжилтын төлбөрөө авах юм байна.
Ийнхүү Илон Маск цалин, бонусгүй болж, үр дүнтэй ажилласан нөхцөлд л тодорхой хэмжээний мөнгө авч байхаар болж байна.
Төлөвлөгөө ёсоор Илон Маск 10 жил компанийн тэргүүний албан тушаалд байх бөгөөд шинэ дээд амжилтууд тогтоохын тулд чармайж ажиллах ёстой болж байна. Ингээд гаргасан дээд амжилт бүртээ Tesla-гийн хувьцааны нэг хувьтай тэнцэх шагнал авна.
Маск эхний шагналаа авахын тулд компанийн хөрөнгийг 100 тэрбум доллөр болгож нэмэгдүүлэх үүрэг хүлээжээ. 2018 оны 01 дүгээр сарын байдлаар Tesla компани 59,4 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа нь Ford-ын зах зээлийн үнээс 12 тэрбумаар илүү ч General Motors-ынхоос 2 тэрбумаар бага байна гэсэн үг.
Түүнчлэн захирлуудын зөвлөлийн төлөвлөгөөгөөр бол Tesla компани жил бүр 50 тэрбумаар үнэлгээгээ өсгөсөөр 2028 он гэхэд 650 тэрбумын үнэлгээнд хүрэх гэнэ.