Нийслэлийн ИТХ-аас өчигдөр (2018.01.22) төр ба иргэдийн төлөөллүүд оролцсон нэгэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ бол “Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлэг юм. Хэлэлцүүлгийн панелистаар санаачлагч байгууллагыг төлөөлж нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Өргөдөл, гомдлын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Б.Батнасан, Ё.Цацралтуяа, төрийн бус байгууллагынхан болон судлаачид оролцлоо.
Харин Улаанбаатар хотын дүүрэг бүрээс 1000 гаруй иргэн хэлэлцүүлгийг зорин ирж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Өнөөдрийг хүртэл зохион байгуулалтгүй, нэгдсэн төлөвлөгөөгүйгээр олгосоор ирсэн газартай холбоотой асуудлыг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Бодит нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг нууж хааж, хаацайлахгүйгээр ажил хэрэгч, зарчимч байдлаар хэлэлцэж, илэн далангүй ярилцаж, шийдлийг нь гаргахад иргэдийн оролцоо, идэвх санаачилга, албан тушаалтнуудын хариуцлага, бүтээмж, итгэл сэтгэл, хамтын хүч нэн чухал. Талуудын хамтын хүчээр бид энэ бүхнийг шийдвэрлэж чадна” хэмээн хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ онцлов.
Тэгвэл хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн олонхи нь газрын албаныхны хүнд суртал, ёс зүй, авлига, шийдвэр гаргаж чаддаггүй удаж хүмүүсийг хэрхэн чирэгдүүлдэг тухайд тодорхой баримт, жишээтэйгээр дурдаж, бухимдлаа илэрхийлж байлаа. Тэд “Бид тендер гуйгаагүй. “Уурхайн лиценз өгөөч” гээгүй. Алгын чинээхэн газартай болох гэж албан тушаалтнуудын үүдийг сахиж, асуудлаа шийдүүлж чадахгүй олон жил болж байна” гэх зэргээр өөрсдөдөө тулгарч буй асуудлуудыг УИХ-ын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга болон газрын албаныханд ний нуугүй хэлж, өргөдөл гомдлоо ч тэдэнд гардуулж өглөө. Хэлэлцүүлгийн нэр хэдийгээр “Газрын харилцаа” ч төр ба жирийн иргэдийн төлөөллүүд нүүр тулан уулзаж, төрийн албан хаагчдын ёс зүй, авлигад идэгдсэн байдал, танил тал, мөнгөтэй хүмүүсийн талд асуудлыг шуурхай шийддэг, жирийн иргэдийн өргөдөл гомдлыг үл ойшоодог зэрэг олон жил бугшсан сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байв. Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд оролцсон зарим иргэний байр суурийг хүлээн авна уу.
Сонгинохайрхан дүүрэг, Жаргалант тосгоны иргэн О.Баярцэцэг: -Монголын ан амьтан, ургамал, гол горхийг хамгаалах үндэсний төв маань нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, 230 гаруй гишүүнтэй төрийн бус байгууллага. Бид 50 га газарт малын ногоон тэжээл тариалдаг. Өөрөөр хэлбэл, Жаргалантын аманд 30 гаруй жил нутаглаж, мал аж ахуй, газар тариалан эрхэлж байна. Гэвч тариалангийнхаа талбайг өмчлөх гээд 2010 онд Сонгинохайрхан дүүргийн холбогдох албаныханд хүсэлт өгсөн ч бичиг баримт маань алга болсон. Ингээд асууж сураглатал өөр хүний нэр дээр, хууль бусаар гэрчилгээ нь гарчихсан байсан юм. 2010 оны долдугаар сард буюу баярын өдөр 255 тоот захирамжаар гэрчилгээг нь бичсэн байдаг. Малын тэжээл тариалдаг газрыг маань ийнхүү хууль бусаар өөр хүний нэр дээр олгосонд бид гомдол гаргаж АТГ-т шалгуулсан. АТГ шалгах үеэр “Газрын тухай хуулийн зарим заалтад заасны дагуу дуудлага худалдаа буюу төсөл, тендер шалгаруулж олгох ёстой газрыг иргэн хүнд хууль бусаар 22, 22 га газраар нь олгосон байна” гэдэг нь нотлогдсон. Тэр дагуу бид газраа хууль журмын дагуу өмчлөх хүсэлтээ л тавьж байгаа. Харамсалтай нь 2010 онд өгсөн бичиг баримт маань алга болсон учраас 2011 онд Сонгинохайрхайн дүүргийн ИТХ-ын даргад 2011 онд дахин шинээр гаргаж өгсөн боловч цааш нь өөр хүнд уламжилж, бичиг баримт дахиад алга болсон. Өнөөдрийн байдлаар, тухайн үед ажиллаж байсан байцаагч нь одоо байхгүй, бид асуудлаа шийдүүлж чадахгүй өдийг хүрлээ.
Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн Н.Адъяасүрэн: -Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргын тушаалаар 2006 оны есдүгээр сарын 2-нд би байгаль хамгаалагчаар ажилласан. Тус газраас одоо амьдарч байгаа газрыг маань зааж өгсөн юм. Миний хувьд, ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2013 тэтгэвэрт гарсан. Байгууллагаас “Энэ газрыг танд өгнө. Газрын албанд хандаад өөрийн болгож ав” гэсэн. Гэвч өөрийн гэсэн газартай болох гэж 11 жил хөөцөлдөөд бүтдэггүй. Байгаль хамгаалах ажил хийж байсан хүн өнөөдөр алга дарам газаргүй боллоо. Үүнд л харамсдаг. Асууж сурагласан чинь газрыг маань хувийн компанид өгсөн, очих болгонд “Өгнө, өгнө” гэж өргөдөл хүлээж авдаг. Жил бүр л өргөдөл өгдөг ч хариу өгөхгүй байсаар байгаад 2012 онд “Газрыг чинь БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид өгсөн. Танд өгөх боломжгүй” гэдэг хариу өгсөн. Тэр газарт зөвхөн манайх биш, олон айл бий. Баянзүрх дүүргийн Газрын албанд бидний өргөдөл одоо ч байгаа. Гэтэл саяхан нэгэн сонинд нөгөө газрыг маань зарах тухай зар гарсан байна. Газрыг ингэж наймаалцаж, компанид өмчлүүлсэн нэрээр жирийн иргэдийг хохироож байна шүү дээ.
Хан-Уул дүүргийн XVI хорооны иргэн Д.Эрдэнэбулган: -Хан-Уул дүүргийн Х хороо буюу Морингийн даваанд газар эзэмших хүсэлтээ 2013 онд өгсөн. Гэвч тухайн үед иргэдэд өмчлүүлэх 52 байршлын нэгээр тодорхойлж, ерөнхий төлөвлөгөөнд тусгасан ч нийслэлийн Орон сууцны корпорацийн мэдэлд бүрэн хэмжээгээр очсон байсан. Бид зохих шатны дарга нарт өргөдөл хүсэлтээ өгсөн. Нийслэлийн ИТХ-аас “Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь маш зөв. Хууль эрх зүйн орчин нь байна. Гэвч төрийн холбогдох албан тушаалтнууд иргэдийг хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдийг нэгдүгээрт тавьж байгаа нь учир дутагдалтай.
Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн Ч.Энхцэцэг: -Манай Туул зөрлөгт зуслангийн байртай. Зуслангийн гэрчилгээ гэж түр гэрчилгээ олгосон. Тийм учраас “Газрыг маань хувьчилж гэрчилгээ олгож өгөөч” гэдэг хүсэлт тавьж байгаа. Энэ газар үр хүүхдүүдэд маань үлдэх ёстой. Газрыг маань өмчлүүлэлгүй түр гэрчилгээ олгосон учраас хүндрэлтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны иргэн Т.Лхамсүрэн: –Бид дүүргийнхээ Шарцэцэгтийн аманд 30-35 жил амьдарч байна. Эрүүл хүнс үйлдвэрлэж, мал аж ахуй эрхэлдэг 70-80 гаруй настай хэдэн хөгшин байдаг юм. Мал бүхий иргэдийг хотын төвөөс гаргаж байгаа нь малын гоц халдварт өвчин зэргээс сэргийлж буйг ойлгож байна. Гэхдээ манай тэнд хүний ч, малын ч өвчин гараагүй. Эрчимжсэн мал аж ахуйгаа хөгжүүлж, биднээс суралцаад дассан нутаг усанд минь үлдээж өгөөсэй гэж хэлэх гэж хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн.
Г.Оюун