Цахим орчинд монгол хэлээр алдаагүй зөв бичиж сурах 5 арга

Эх хэлээрээ алдаагүй зөв найруулан бичиж сурах нь таны нэг давуу тал байх болно. Өнөөдөр эх хэлний найруулга, соёл,  үг үсгийн алдааны тухай цахим орчинд “ярих ч юм биш”.  Үг үсэг товчилж, хэл амаа хазах аятай хазгай муруй бичих нь олон. Энэ нь ердийн л үзэгдэл мэт болсон гэхэд буруудахгүй болов уу. Цахим орчинд монгол хэлээр алдаагүй зөв бичиж сурах нь нэгэн соёл юм. Тиймээс танд хэрэг болох таван зөвлөгөөг хүргэж байна.

1.Эргэлзсэн үгээ дүрмээс хар
Зөв бичдэг үгийнхээ араас ямар нэгэн дагавар, нөхцөл залгахаар л алдаатай биччихдэг тохиолдол олон. Жишээ нь “эхлэх” гэдэг үгийг энэ чигээр нь харвал үүн шиг амархан үг үгүй мэт боловч “эхлэвэл, эхэлбэл, эхэлвэл”-ийн аль нь зөв бэ гэхээр л бөөн эргэлзээ төрүүлдөг. Ийм үед эргэлзэж тээнэгэлзэлгүй, дүрмээ сөхөж харах нь цорын ганц зөв гарц юм. Гэхдээ ингэхийн тулд сурагч дүүгийнхээ сурах бичгийг дуртай дургүй дэлгэж, эс бөгөөс номын сан руу гүйх албагүй, зүгээр л дараах холбоос руу нэвтэрч “Монгол хэлний зөв бичгийн дүрэм”-тэй танилцаарай. Мэдээж эхнээс нь дуустал унш гэх гэсэнгүй, зөвхөн өөрт хэрэгтэй дүрмээ цохож харахад л хангалттай. Бидний саяын дурдсан жишээ үгийг зөв бичихийн тулд эхлээд “Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын тухай” мэдэх хэрэгтэй болно. Уг дүрэмд зааснаар “Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө нь бичнэ” гэжээ. Тэгэхээр эхэл, батал, нотол гэж бичих нь зөв тул эхлэвэл гэдэг үг угаас буруу байх нь. Харин одоо “эхэлбэл, эхэлвэл” гэх хоёр хувилбарын аль нь зөв болохыг олох л үлдлээ. Б, В үсгийг ялгаж бичих дүрмийн дагуу Б үсгийг үгийн дунд л, м, н, в үсгийн дараа бичнэ гэснээс үзвэл ЭХЭЛБЭЛ гэж бичих нь зөв аж. Эврика! Ийм л хялбар байж шүү дээ. Ер нь эргэлзсэн үгээ энэ мэтчилэн нягталж мухарлаад байвал нэг л мэдэхэд дүрэм сөхөж харалгүйгээр алдаагүй, зөв бичдэг болчих юм.
2. Их текстийг ингэж зас
Хүний амьдралд “жиргээний 140 тэмдэгт”-ээс урт, “фэйсбүүкийн бохир сэтгэгдэл”-ээс чухал зүйлсийг бичиж тэмдэглэх үе зөндөө гардаг. Албан захиа, тайлан тооцоо, нийтлэл тэмдэглэл, төсөл хөтөлбөр гээд урт бичвэрийн хэрэгцээ мөн ч их шүү. Гэхдээ ямар ч туршлагатай бичээч “бичсэн зүйл”-ээ хэчнээн нягталж уншсан ч заавал алдаа гаргасан байдаг. Тэгвэл ийм үед “Монгол хэлний дүрмийн алдаа шалгагч”-аар бичсэн зүйлээ нягтлаад шалгачихад гэмгүй. Энэ бол монгол хэлний “яаралтай түргэн тусламжийн төв” л гэсэн үг. Дээрээс нь улсын эмнэлэг шиг үнэгүй, хувийн эмнэлэг шиг шуурхай гэж мэд. Мэдээж цаана нь төлбөртэй, эмчилгээ сайтай хувийн эмнэлэг бий (Болордуран).
3. Цахим орчинд цахимаар л хай
Тоосонд дарагдсан, тоосго мэт зузаан номыг имэрч суудаг газар бол цахим орчин биш. Энд хэн бүхэн цаг хугацаатай уралдан байдаг. Жишээ нь “Ctrl+F” гэх ганцхан үйлдэл “зузаан номоо ширээн дээр түсхийтэл гаргаж тавиад, хайж буй зүйлээ олохын тулд хуруугаа шүлсдэн хуудас бүрийг нь нэг бүрчлэн эргүүлдэг” нөр их ажлыг хөнгөвчилдөг гэхээр сүрдмээр ч юм шиг. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг байх аа! Тиймээс цахим орчинд цахим толь ашиглаж сурах нь юу юунаас илүү чухал юм. Миний хувьд дараах гурван толь бичгийг түлхүү хэрэглэх дуртай. МУИС-иас гаргасан “Монгол хэлний хэлзүйн толь бичиг” бол тун догь эд. Үг хэрхэн хувирдгийг эндээс харж болно. Жишээ нь “компаний” гэх үү, “компанийн” гэх үү гэж хүмүүс их эргэлздэг. Тэгвэл аль нь зөв эсэхийг мэдэхийн тулд сайх толь бичиг рүү нэвтрэн “компани” гэж бичихэд л хангалттай. Бас л Эврика! Компанийн гэх нь зөв байж. Дараагийн толь бичиг бол Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан гаргасан “Монгол хэлний их тайлбар толь”. Надад бол тайлбар сэлт нь хамгийн баялаг юм шиг санагддаг. Харин Я.Цэвэлийн толь бичиг зөвхөн толгой үгээр хайлт хийдэггүй нь таалагддаг. Жишээ нь мод гэж хайхад л тайлбарт нь “мод” гэж орсон бүх үгийг шигшчихдэг учраас олон янзын модны нэр мэдэж авахад тун давуу талтай байдаг юм.
4. Ичихгүй бол эндээс асуу
Эхний гурван арга залхуутай санагдвал “Зугаатай хэл шинжлэл”бүлгэм рүү зочилж залхуугаа “гайхуулах”-аас өөр арга алга даа. Ичиж нэрэлхэхгүй л бол эндээс юуг ч асууж болно. “Монгол Улс”-ын у-г томоор бичих үү, жижгээр бичих үү гэх зэргээр хүссэнээ асуу, гол нь загнасан, зандарсан, зөвлөсөн олон сэтгэгдэл дундаас зөв хариултаа олж танихад л хамаг учир бий. Гэхдээ асуултны чинь дор М.Саруул-Эрдэнэ багш сэтгэгдэл үлдээсэн бол тун өөр хэрэг шүү. Магадгүй чи өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө би М.Саруул-Эрдэнэ багшаас ичиж нэрэлхэлгүй олон зүйлийг асууж лавладаг байснаа сая гэнэт саналаа. Жишээ нь нэг удаа ингэж асууж байж: “С-ээр төгссөн үйл үгэнд ихэнх тохиолдолд Ж, Ч нөхцөлийн Ч залгаврыг залгаж бичээд байх юм. Жишээ нь: хүсч, зогсч, хасч гэх мэтээр. Уг нь монгол хэлний дүрмэнд заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн ж нөхцөлийг залгаж бичнэ гэж бичжээ. Гэтэл Цэвэл гуайн толь бичигт нисч, хүсч гэх мэтээр бичигдсэн байсан. Харин саяхан Монсудар хэвлэлийн газраас гаргасан монгол хэлний тайлбар толь, зөв бичихзүйн 12 боть номонд дурдсанаар зөвхөн ж нөхцөлийг залгаж бичнэ гэж хатуу заасан байх юм. Нисчээ болон нисч гэвэл буруу, харин нисжээ, нисэж гэж бичнэ хэмээн улаанаар тэмдэглэн заажээ. Яг аль нь зөв юм бол?” Энэ асуултад М.Саруул-Эрдэнэ багш дараах хариултыг өгчээ: “Сайн байна уу? Цэвэл гуайн толь Да багш, Осор багш хоёрын толиноос өмнө гарсан учир алдаа мадаг их байдаг юм аа. Алдаа ч гэж дээ, журамлаагүй үед өөрийн үзлээр бичсэн хэрэг. Тэгээд ч гол нь үгийн утгын толь болохоос зөв бичих дүрмийн толь биш юм. Да багш заримдаг гийгүүлэгчээр төгссөн бүх үйл үгэнд Жээ, Ж залгана гээд журамласан юм, уг нь. Тэрийг Монсудар дагаж л дээ. Хүмүүс монгол бичгээ бодоод Ч бичээд байдаг. Нэгэнт журамласныг нь дагах нь зүйтэй байх аа.” Харж байна уу, үнэхээр уйгагүй хариулсан байгаа биз.
5.Хамгийн залхуу арга
Хэдэн жилийн өмнө монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийгнэг мөр болгосон учраас эргэлзээтэй үгээ энэ жагсаалтаас мухарлаж байгаарай. Жишээ нь бид “билиг, бэлгэ, бэлэг”-ийг тус бүртээ яг ямар утга илэрхийлдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл уг жагсаалтад “оюун билиг, бэлгэ тэмдэг, бэлэг дурсгал” гэж тун ойлгомжтой байдлаар ялгаа зааг нь гаргаад биччихсэн байгаа. Үүнээс гадна манайхны илт алддаг үгс гэж бий. Тэдгээрийг дор жагсаагаад биччихвэл үүнийг уншиж буй хүнд шууд үр өгөөжөө өгөх юм болов уу гэж бодлоо. Мэдээж энэ жагсаалтыг арвижуулан нэмсээр байх болно.
Жич: Тод хараар бичсэн нь зөв бичсэн үг.
Охидууд – охид
Нөхдүүд – нөхөд
Нөхөддөө – нөхдөдөө
Бусаддаа – бусдадаа
Нөхөдтэйгээ – нөхөдтэйгөө
Авчирч – авчирж
Хүргье – хүргэе
Гавъяат – гавьяат
Батласан – баталсан
Тусласан – тусалсан
Аврага – аварга
Давалгаа – давлагаа
Сурвалжлага – сурвалжилга
Санаачлага – санаачилга
Бэхжинэ – бэхэжнэ 
Санхүүжилттай – санхүүжилттэй 

6 thoughts on “Цахим орчинд монгол хэлээр алдаагүй зөв бичиж сурах 5 арга

  1. зочин 2018-08-24 11:20 at 11:20

    хатуугын тэмдэг шсгийн сангаас хасагдаа юу

    Хариулах
  2. зочин 2018-08-24 11:52 at 11:52

    Одоо бүгд буруу бичдэг юм байна. Нэгэнт буруугаар тогтож. Та бүгд урьд нь хаана байв? Зөвийг нь юугаар батлах вэ. Ямар лингвистик судалгааны үндсэн дээр ингэх болов? 21 зуунд нийтээрээ буруу бичиж байгаа нь хэний буруу вэ? Уйгаржин бичиг чинь монгол хэлэнд огт тохирохгүй явсаар бүр кирилл үсэгт нь нөлөөлж Дамдинсүрэн, Ринчин нарын эрдэмтэд бүр хоёр тийш нь залаад одоо яах вэ? Жоохон байж байгаад өөрчлөх үү?

    Хариулах
    1. Нэргүй 2018-08-24 15:33 at 15:33

      huuchin mongol bichig bidnii odoogiin hel aylagand ogt tohirohguin deer tsahim orchind ogt zohihgui usegnuudtei bid kirileeree sin bichij yrij surah heregtei kiri usegtei manaihiig ymar ch gadniihan bichig usegiin SOELtoid tootsj magttag yum shuu huuchin uigar useg odoogiin hogjil devshil tsahim orchind ogt tohirohgui manaih geheesee gundad zuunii ueiin bichig ene uy n sonin bigaa yum be

      Хариулах
  3. Зочин 2018-08-24 12:03 at 12:03

    Яг үнэндээ кирил бичгийн тогтсон дүрэм гэж байдаггүй юм. Учир нь жил болгон өөрчлөгддөг учраас. Яг л Монголын засгийн газар гэсэн үг. Тиймээс хүн зөн совингоороо л бичих хэрэгтэй болдог. Мэдээж дунд сургуулийн боловсол чухал. Та бүх л боловсролоо копи пасьт хийгээд өнгөрсөн бол ямар ч нэмэргүй. Бичиг гэдэг бол нэг ёсондоо хүний зан араншин гэсэн үг. Анх яаж тогтсон түүгээрээ л дуусна. Өөрчлөх гэвэл нөр их хөдөлмөр орно. Анхнаас нь гурилдалгүй нямбай үзсэн бол аливаа хүн сайтын комэнт дээр ч алдахыг хүсэхгүй болж төлөвшдөг юм. Энд зөвлөсөн дүрмүүд нь хүртэл хоорондоо зөрчилтэй байгаа нь кирил бичгийн дүрмийн бас л нэг онигоо юм. Төрийн хэлний зөвлөл болон түүнээс гардаг дүрмүүд нь тэр чигээрээ шилдэг онигооны түүвэр. Гэвч ингэлээ гээд бид уйгаржин бичгээ сэргээх тухай туйлширч болохгүй. Алдаа согогтой байна гэдэг тийм ч муу юм биш. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хүн төрөлтний маш том соёл бас урагшлах гол хөшүүрэг юм. Бидэнд боломж байна. Гутарцгаах хэрэггүй.

    Хариулах
    1. Нэргүй 2018-08-24 15:39 at 15:39

      togtson durem bilgui uadagiin tuugeer urlag soel surgalt yls tor SHU haanii niitlel bugdiig yvuulj binashdee buu durakt mulguu hujaa ene kiril bichigeeree tusdaa gadaag Mongol gedegeeree todotch yvdag yumaa

      Хариулах
  4. Нэргүй 2018-08-24 15:46 at 15:46

    uhaan muutai mongolchuudiin toloig erguulj bidniig dundad zuunruu oruulj ovormongol shig bolgoh sanaarhalaa hytad garaltanguudiin gol bodlogo uuniig dor burnee tungaaj bodohgui bol bihig n ijil ed bidnii neg heseg gej helj seruun zuudelj chadah uls

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн