Жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ хар тамхи хэрэглэдэг болжээ

2018-01-17 09:29
har tamhi

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Нисэхийн тойргийн пост дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа нар “Тоёото приус” маркийн автомашины жолооч зорчигчийн хамт мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болохыг нь илрүүлжээ. Цагдаа нар тус дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 15-нд замын хөдөлгөөнд оролцож байсан дээрх автомашиныг зогсоон шалгах үед 19-24 насны нэг иргэн жолоочын хамт мансуурсан байдалтай байжээ.

Автомашины урд талын үнсний саванд тамхины төрлийн ямар нэгэн үнэргүй зүйл болон тугалган цаас илэрчээ. Тэднийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн илэрсэн нунтгийг шинжлүүлэхэд анхан шатны тестээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон аж. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасагт шилжүүлэн өгсөн байна.

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн зөрчил цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэх болжээ.